Австрали гэмт хэрэгтнүүдтэй дайн зарлав

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Австрали гэмт хэрэгтнүүдтэй дайн зарлав

 

Австрали тус улсад хар тамхи, зэвсэг хууль бусаар наймаалсан хэрэгт холбогдсон 80 гаруй гадаадын иргэний визийг цуцалж, мотоцикльтой гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн зарласан байна.

 

Тус улсын цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Петер Дуттон 2014 оноос хойш тус улсад орж ирсэн мотоцикльтой гэмт хэргийн бүлэглэлийн 81 гишүүний  визийг цуцалж, 27 гэмт хэрэгтнийг нутгаасаа хөөн гаргажээ. Шинэ Зеланд, Их Британи, Босни, Албани, Ирак, Афганистан, Вьетнамаас очсон тэдгээр гэмт хэрэгтнүүдийн бусад нь шоронд хоригдож байгаа юм байна.

 

Австралийн цагаачлалын асуудал эрхэлсэн сайд хэлэхдээ “Мотоцикль унасан тэдгээр гэмт хэрэгтнүүд Австралийн иргэдийн аюулгүй орчинд тав тухтай амьдрах эрхийг зөрчсөн. Тиймээс Засгийн газар тус улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдийн визийг цуцлах шийдвэр гаргасан”  гэжээ.

 

Австрали улсад сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон мотоцикльтой гэмт хэргийн бүлэглэлийн тоо улам нэмэгдэж байгаа нь Австраличуудын санааг зовоож эхэлжээ.

 

Австралийн Засгийн газрын мэдэгдэж буйгаар тус улсад 4500 гаруй гишүүнтэй, улс төрчид, бизнесменүүдтэй холбоо сүлбээтэй 38 гэмт бүлэглэл байдаг гэнэ. Тэдгээр гэмт бүлэглэлүүдээс хамгийн идэвхитэй, аюултай нь “Команчеро”, “Тэрслэгчид”, “Тамын элч нар”, бас “Монголчууд” зэрэг бүлэглэл гэнэ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж