Засгийн газар, Улсын онцгой комиссын /УОК/ шийдвэрээр арваннэгдүгээр сарын 11-нд хөл хорио тогтоож, хотоос гарах хөдөлгөөнийг хаасан. Хөл хориог 14 хоногоор сунгаснаар нийслэлд орон нутгийн иргэд түгжигдээд буй. Энэ хугацаанд хүндхэн байдалд орсон иргэд орон нутагтаа буцахыг эрх баригчдаас гуйж, зарим нь бүр хөл хорионы үед тэсгэл алдан хүнсний машинд нуугдаж, Хэнтийд хулгайн замаар очсон, тэр байтугай нас барсны гэрчилгээ буяны компанийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн, иргэн тус бүрээс 250 мянган төгрөг авдаг хоёр иргэнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан байдаг.
Тэгвэл УОК-оос нийслэл, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Улмаар “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлаад байна. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэлсэн билээ.
85573 ИРГЭН ОРОН НУТАГ РУУ БУЦНА
Өчигдрийн /2020.11.26/ байдлаар нийслэл хотоос орон нутаг руу 85573 хүн явахаар бүртгүүлсний 30 гаруй мянга нь оюутнууд байна.
Иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн автомашинаар, арван хувь нь онгоцоор явахаа илэрхийлсэн бол орон нутгаас нийслэл хот руу 5300 гаруй иргэн ирэхээр бүртгүүлжээ.
Ингэхдээ зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-нээс 16 аймаг руу нээх бөгөөд халдвар бүртгэгдсэн Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймгийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-оос нээх юм.
Өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймагт Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 148, Дархан-Уул 22, Говьсүмбэр 3, Дорноговь 18, Орхонд 21 байна. Мөн стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-ноос нээхээр болжээ.
Эхний ээлжид албан ажил болон хувийн ажлаар саатсан хүмүүсийг зорчуулах бөгөөд дараа нь оюутнууд нутаг буцах аж.
НИЙТИЙН ТЭЭВЭР, ХУВИЙН МАШИН, ОНГОЦООР ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
ОРОН НУТАГ РУУ БУЦАХ, ИРЭХ ИРГЭД ГЭРТЭЭ ӨӨРСДИЙГӨӨ 14 ХОНОГ ТУСГААРЛАНА
- www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно.
- Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө. Иргэдээс PCR шинжилгээг үнэгүй авна. Хариу 6-8 цагийн дараа гарна.
- Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна.
- Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална.
- Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар руугаа хөдөлнө.
- Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна.
- Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна.
- Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө.
Зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна. Тогтоосон цэгүүдэд бие засах боломжтой, зам дагуу байрлах хоолны газрууд хаалттай учир хоол, хүнсээ иргэд өөрсдөө бэлдэх юм байна. Зорчигч тээврийг зохицуулах түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл нийслэл хотоос нэг удаа явна, орон нутгаас нийслэл хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж буй. Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс нийслэл хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргах аж.
Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах бөгөөд хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн www.119.mn вебсайтад бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгажээ.
Хамгийн гол нь хот хооронд зорчих иргэд шинжилгээний хариу болон бусад бичиг баримтуудаа биедээ авч явах шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Иргэдийн PCR шинжилгээний өртөг 150 мянган төгрөг байдаг. Орон нутгийн иргэдийг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах бөгөөд Засгийн газраас нийт 300 сая төгрөгийг иргэдийг гэрт нь хариулахад зарцуулах аж. Мөн хот хоорондын тээврийн үнэ нэмэгдэхгүй гэж мэдээлэв.
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АЖИЛЧДЫГ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7-ООС ОРОН НУТАГ, НИЙСЛЭЛД НЭВТРҮҮЛНЭ
Мөн нийслэлээс гарах 85 мянган орчим иргэдийн тоонд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын ажилтнууд ч багтсан байна. Тодруулбал, зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-нээс 16 аймаг руу нээх бөгөөд халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийг эрүүл бүс хэмээн онцолж үзэж байгаа тул анхааралдаа авч, тийш нь зорчих хөдөлгөөнийг 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөсөн гэдгийг УОК-оос мэдээлсэн. Уул уурхай, зам талбайд ээлжээр ажиллаж байгаад Улаанбаатарт ирж чадаагүй иргэдийн тоо ч хамаарч байгаа юм байна.
ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ИРГЭДЭД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НИЙСЛЭЛИЙН 20 ЦЭГ
ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА:
- ХУВИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИХ ИРГЭДЭД
- ХОТ ХООРОНДЫН АВТОБУСААР ЗОРЧИХ ИРГЭДЭД
Э.БУРАМ
Холбоотой мэдээ