Хүнс үйлдвэрлэлийн өөрчлөлтийн асуудалд

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Хүнс үйлдвэрлэлийн өөрчлөлтийн асуудалд

Хүнс үйлдвэрлэлийн өөрчлөлтийн асуудалд

Дэлхийг хамран тархаж буй тахал нь хүн төрөлхний нүүр тулсан, тулгамдсан асуудал болж, вирусын тухай олон эх үүсвэрээс бидний авч буй мэдээлэл, зааварчилгаа, зөвлөмж, таамаглалаас үзвэл тийм ч амар устахгүй бөгөөд бидний дунд оршсоор, бид энэ аюулт вирустай зэрэгцэн амьдрах нь зайлшгүй болж байна. Эрдэмтэд энэхүү вирус нь аливаа зүйлийн гадаргуу дээр 24-48 цаг идэвхитэй хэвээр хадгалагдан орших чадвартайг, мөн германы эрдэмтэд гадаргуу дээр амьд ба амьдрах чадвартай ковид-19 вирус илрэхгүй байгааг мөн одоогоор дэлхийн хэмжээнд энэ вирус хүнсээр дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байгаа нь тайвшрах шалтгаан биш бөгөөд улам бүр хувьсан өөрчлөгдөж байгаа байгаль дэлхий, сав шимийн ертөнцөд аливаад сэрэмжтэй бэлтгэлтэй байхыг сануулсаар байна.

Энэ нь биднийг тахал гарахаас өмнөх үе болон хойшхи амьдралаа төсөөлөн дүгнэлт хийх шаардлагыг дагуулж байна. Хэдийгээр тахалтай холбоотойгоор олон сөрөг үр дагавар бүх хүрээнд гарч байгаа хэдий ч зарим талаар, ялангуяа төр, засаг, хүн ам, ард иргэдийн сэтгэлгээ, хандлагад эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна.

Тухайлбал,

  • Нийгмийн харилцааны бүх шатанд хүнсний үйлдвэрлэл ямар чухал салбар болохыг,
  • Монголчууд байгалийн гаралтай цэвэр хүнсний хэрэглээтэй болохыг,
  • Үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв болохыг,
  • Ашигтайг нь бус хэрэгцээтэйг нь үйлдвэрлэх ёстойг,
  • Хүнсээ сонгохдоо харагдаж байгааг нь бус хэрэгтэйг нь сонгох,
  • Хүнсийг зөв хадгалах, хамгаалах, хэрэглэх зэрэгт ач холбогдол өгөхийг,
  • Эрүүл байхын чухалыг,
  • Мөнгөн хуримтлалтай байхын чухлыг
  • Шаардлагагүй үрэлгэн хэрэглээнээс татгалзахыг ойлгуулж байна.

Аюулт тахлаас өмнөх тухайлбал, чөлөөт зах зээлийн харилцааны эхэн үед хүнсний маш олон хувийн цех, жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдаж хүн амын хүнсний хүртээмжид ахиц гарсан. Үйлдвэрүүд нь үндсэн нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс гадна гадаад орнуудад дэлгэрч буй шинэ дэвшилтэт техник, технологийг өөрийн оронд нутагшуулахад хөрөнгө хүчээ зарцуулж, хичээл зүтгэл гаргаж олон зуун шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг хүн амд хүргэн ажиллаж байгаа нь сайшаалтай.

Хүнсний хүртээмж, хангамж хомс байх үед хүнсний үйлдвэрүүд нь дор бүртээ орлогоо нэмэгдүүлж, ашиг хөөсөн үйлдвэрлэл эрхэлж, ямарч харилцан уялдаа зохицуулалтгүй явж ирсэн үе ч байдаг. Харин сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүнийхээ найрлага, шимт чанараас илүүтэй гадаад үзэмж, сав баглаа боодол, чамин ганган хийц маяг хөөсөн үйлдвэрлэл давамгайлах хандлагатай болов. Үүнийг хэрэглэгчдийн сонирхол, таашаалд нийцүүлэн борлуулалтаа нэмэгдүүлэх арга гэж үзэж болох ч өнөөгийн өндөрлөөс эргэн харахад энэ нь дэлгүүрийн лангуу дүүрэн онцын шаардлагагүй, түүний дотор эрүүл мэндэд ач холбогдолгүй, зарим нь сөрөг нөлөө бүхий бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлж хүн амын хүнсний хэрэглээний бүтэц, улмаар эрүүл мэндэд сөрөг нөлөөлж буйг үгүйсгэх аргагүй бөгөөд энэ асуудал импортлон худалдаалж буй хүнсэнд ч мөн хамаатай. Иймд бид энэ байдалд дүгнэлт хийж хойшид өөрчлөн залруулах шаардлагатай байна.

Хүнс үйлдвэрлэгчдийн болон хүнсний сүлжээнд оролцогсдын зорилго тодорхой, хандлага зөв, хариуцлага илүү чанга байх шаардлага тулгарч байна. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэлд дор дурьдсан чиглэл, бодлого баримтлах:

  • Аль болох өөрийн эх орны түүхий эд ашиглах
  • Импортын түүхий эдээс татгалзах, хэрэглээг үе шаттайгаар бууруулах, эх орны түүхий эдээр орлуулах,
  • Элдэв нэмэлтүүд ашиглахгүй байх, үе шаттай багасгах
  • Гарал үүсэл тодорхойгүй түүхий эд ашиглахгүй байх
  • Түүхий эдийн нөөцийг бүрэн боловсруулах
  • Түүхий эдийн байгалийн унаган чанарыг нь аль болох хадгалж боловсруулах
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг экспортод чиглүүлэх
  • Хямд төсөр, хэрэглэхэд хялбар, байгальд ээлтэй, аюулгүй сав баглаа сонгох
  • Жижиглэн савлалтын хэмжээг хэрэглээний онцлог, хэлбэр, хадгалалтын хугацаатай уялдуулах
  • Нэр төрлийг олшруулах “Бодлого, баримтлах чиглэл”-тэй байх
  • Бүтээгдэхүүн нь хүний биед хэрэгцээтэй найрлага, шимт нэгдлүүдийг  агуулсан байх
  • Хэрэгчлэгч өөрөө мэдэхгүй байлаа ч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр шимт нэгдлийн дутлын аюул дагуулахгүй байхаар урьдчилан тооцсон байх
  • Өндөр чанартай үндэсний бренд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
  • Үндэсний брендүүдийг шинжлэх, чанарыг тогтвортой барих, нотлох, сурталчлах
  • Дотоод, гадаад зах зээлийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэлээ сайжруулан хөгжүүлэх зэрэг олон асуудал урган гарч байгаа бөгөөд хүнсний үйлдвэрүүд нь энэ асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон төр захиргааны холбогдох мэргэжлийн байгууллагуудтай нягт уялдаатай хамтран ажиллах шаардлагатай юм.

Манай улсын хувьд тахалын хүнд хэцүү энэ цаг үед хүнсний үйлдвэрлэл, хангамжийн асуудлаар бусад улс оронтой харьцуулахад харьцангуй илүү боломж давуу талуудтай байна. Үүнд,

  • Харьцангуй онгон дагшин, цэвэр, өргөн уудам газар нутаг
  • Бэлчээрийн маллагаатай мал сүрэг
  • Мах, үр тариа, хүнсний ногооний хэрэгцээг дотооддоо хангах боломж
  • Хүнс, хоолны уламжлалт хэрэглээ /хүнсээ нөөцлөх, хоолоо гэртээ бэлтгэх, мах, сүү, гурил зэргийг өрх гэртээ зохистой боловсруулан ашиглах чадвар/
  • Харьцангуй цөөн нэрийн хүнсний хэрэглээтэй тул, зохицуулах боломжтой гм.

Хүн амьд байх, эрүүл амьдрахын тулд хоол, хүнсийг зохистой хэрэглэх биологийн зохицолдолгоо нь хүнсний үйлдвэрлэлийг ямарч үед тасралтгүй явуулах шаардлагыг дагуулна. Хүнсний асуудал ямар чухал болохыг бүх шатанд өмнөхөөс илүү ойлгож анхаарч эхэлсэн тахалын энэ цаг үед хүнсчдээс улам өндөр хариуцлагыг шаардаж байгаа тул хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, хүнсний сүлжээнд оролцогсод хэрхэн ажиллах ёстой вэ гэдгээ нягтлан үзэх нь зүйтэй.

Тахал цаашдаа ч өөр бусад хэлбэрээр гарах, давтагдах магадлал өндөр байгаа тул хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого чиглэлийг ч өөрчлөн боловсронгуй болгох шаардлагатай.

Хүнсний үйлдвэр, компани нэгжүүд нь тахалын онцгой үе болон энгийн үед ажиллах хоёр горимтой, мөн горим хооронд хялбар шилжих чадвар, чадамжтай байх, энэ чиглэлээр аж ахуйн нэгж бүр тусгай хөтөлбөр төлөвлөгөөтэй байж, шаардлагатай гэж үзвэл зохих бэлтгэл сургууллалт хийхийг зөвлөж байна.

Магадгүй тахлын эрсдэлтэй цаг үед байшингийн булан, гудамжны эхэнд байрлах бага оврын, цомхон хүнсний цехүүд илүү ач холбогдолтой ч байж мэдэх юм. Эдгээр нь хэрэглэгчид ойр, захиалгаар үйлдвэрлэх боломжтой, бүтээгдэхүүн нь шинэхэн, үрэгдэл хорогдол бага, бэлэн бүтээгдэхүүнийг тээвэрлэх шаардлагагүй, орчны бохирдлоос хамгаалах боломжтой, тээвэрлэх шаардлагагүй тул замын түгжрэл үүсгэхгүй, худалдан авагчийн хөдөлгөөнийг сааруулж гэрт ойр байрлалаас шинээр нь бүтээгдэхүүнээ худалдан авах зэрэг олон давуу талуудтай байна.

Гагцхүү эдгээр жижиг үйлдвэрлэлийг анх байгуулахаас нь эхлэн мэргэжлийн заавар, зөвлөмж, стандарт хэм хэмжээг чанд баримтлан, цэгцтэй зөв зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах шаардлагатай. Тус институт мэргэжлийн байгууллагын хувьд дээр дурьдсанчлан жижиг цех үйлдвэрүүдийн технологийн зураг, зургийн даалгавар, техник эдийн засгийн үндэслэл, технологийн баримт бичгүүдийг боловсруулах, бүтээгдэхүүний технологийг турших, зүгшрүүлэн нэвтрүүлэхэд хамтран гүйцэтгэгчээр оролцох бүрэн боломжтой юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид юуны өмнө үйлдвэрлэлд халдвараас сэргийлэх, хандлагаа өөрчлөх хоёр үндсэн чиглэлд онцгой анхаарах нь зүйтэй байна. 

Халдвараас сэргийлэх: Тухайн үйлдвэрлэлд ямар замаар халдвар тархах магадлалыг сайтар судлан вирус тархалтын онцлог, хэлбэр, замыг тодорхойлж хариу арга хэмжээг төлөвлөх. Ковид-19 вирус нь хүнээс хүнд, цөөн тохиолдолд амьтнаас хүнд агаар дуслын замаар тархаж байгаа тул ажиллагсдынхаа дунд халдвар авах, тархахаас сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүрээнд тавих эрүүл ахуйн хяналтыг өмнөхөөс улам бүр сайжруулах шаардлагатай. Үйлдвэрлэлдээ давын өмнө зохистой дадал, аюулын эгзэгтэй цэгийн хяналтын системийг, цаашдаа хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 9001, ISO 22000 олон улсын стандартуудыг нэвтрүүлэх шаардлага тавигдана. Энэхүү шаардлага нь зөвхөн экспортын бүтээгдэхүүнд төдийгүй дотоод зах зээлд гаргах бүтээгдэхүүнд ч тавигдах болно. Энэ асуудлыг хамгийн дөт, хялбар аргаар шуурхай хэрэгжүүлэх асуудлыг үе шаттайгаар оновчтой зохион байгуулах нь чухал байна. Тус институтээс санаачлан хүнсний цех, жижиг, дунд үйлдвэрт дээр дурдьсан дотоод хяналтын систем, стандартуудыг нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор институтийн бүтцэд сургалт-баталгаажуулалтын алба байгуулж мэргэжлийн туршлагатай, ахмад инженерүүдээс экперт ажилтнууд бүрдүүлэн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн зохистой дадлын сургалтуудаар эхлүүлсэн ч өнөөгийн онцгой нөхцөл байдлын улмаас түр зогсоогоод байна. Ажлын эхлэл, сургалтад хамрагдагсдын гаргасан саналаас дүгнэлт хийж үзэхэд Монгол улсын “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд заасан хүнсний үйлдвэрүүд нь “Үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ыг заавал нэвтрүүлсэн байх заалтыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын хувьд бодит хувь нэмэр оруулах боломж байгаа нь харагдсан. Бид хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд тухайн үйлдвэрийн бодит байдалд үндэслэн  үйлдвэрлэлээ зохистой хөгжүүлж, түвшинг үе шаттайгаар дээшлүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ. Энэ асуудлыг шуурхай, зохистой хэрэгжүүлэхэд ганц институт бус мэргэжлийн бусад байгууллага тухайлбал, стандартчилал, итгэмжлэл, мэргэжлийн хяналтын байгууллагуудын оролцоотой, харилцан уялдаатай хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна.

Хандлагыг өөрчлөх: Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн ялангуяа компани, аж ахуйн нэгжийн удирдлагын хандлагыг өөрчлөхөөс эхлэх нь зүйтэй. Цаашид хүнсчид хүнд хэрэгтэй, шимт өндөр чанартай, эрүүл мэндэд ач тустай, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хүртээмжтэй хангахад үйл ажиллагаа, зорилгоо чиглүүлэх. Хүнсний компани, үйлдвэрийн эзэн, удирдагч бүр өөрийн байгууллагад зөв хандлагыг төлөвшүүлж, хэрэглэгчдэд чиглэсэн үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлэхэд чухам юу хэрэгтэй байгааг судлан, засч сайжруулах арга хэмжээг нарийн төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлмээр байна. Мэдээжийн хэрэг дотоод зах зээлээ тэлж, боломжит нөөцөө экспортод чиглүүлэх нь уул уурхайн экспортоос хэт хамааралтай монгол улсын эдийн засгийг хөдөө аж ахуйд суурилсан, боловсруулах үйлдвэрлэлрүү аажим шилжүүлэх боломж юм.

Экспортод чиглэсэн үйлдвэрлэлийн тухайд: Хүнсний бүтээгдэхүүн экспортлох үйлдвэр нь чанарын удирдлагын менежментын тогтолцооны олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн байх шаардлагатай бөгөөд аюулт вирус тархаж байгаагаас бүх улс орнууд хүнсний аюулгүй байдлын хяналт, шаардлагыг улам бүр чангатгаж байна. Байгалийн цэвэр, түүхий эдийн нөөцтэй манай орны хувьд байнга нөхөн сэргээгдэх боломжтой хүнсний энэ нөөцийг экспортын зориулалтаар зохистой ашиглахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг чиглүүлж дэмжин туслах шаардлагатай. Тухайлбал, төрөөс үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, чанар, аюулгүй байдлын хяналт, батагаажуулалт, хил гааль, хорио цээрийн горим, хяналт, татвар төлөөс цаашлаад экспортлох үнэд ч нэгдсэн зохицуулалт, хэтийн бодлого хэрэгтэй. Экспортлох хүнсний бүтээгдэхүүнд тавигдах нэг гол шаардлага нь түүхий эдийн чанар, гарал үүслийн баталгаажилт, эрх бүхий лабораторийн шинжилгээний дүн, шинжилгээний үр дүнгийн үнэн бодит байдлын нотолгоо байдаг. Тэгвэл өнөөдөр монголд түүхий эдийн гарал үүслийн баталгаажилт, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх түвшний хүнсний шинжилгээний лаборатори, тэдгээрийн хүчин чадал, чадамж, бололцоо боломж гээд олон асуудал хөндөгдөж байна. Манай улсад нэг үеэ бодвол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийх лабораторийн чадамж бэхжиж орчин үеийн өндөр мэдрэмжит багаж төхөөрөмжөөр лабораторийн шинжилгээг гүйцэтгэж байна гэж харж болох ч энэ нь хангалтгүй, дээр дурьдсан шаардлагыг бүрэн хангах боломжгүй бөгөөд мэдээжийн хэрэг үүнийг засч сайжруулахад багагүй хөрөнгө хүч, цаг хугацаа шаардагдана. Тэгвэл бид одоо үйл ажиллагаа явуулж буй хүнсний шинжилгээний лабораториудаа нэгдсэн зохицуулалтад оруулж, тэнд суурьлагдсан багаж төхөөрөмжүүдийг үр дүнтэй ашиглахад чиглүүлж яагаад болохгүй гэж. Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг лабораторид нарийвчилсан бүх үзүүлэлтийг иж бүрэн тодорхойлох боломж бүрдээгүй тул хүнсний шинжилгээний бусад лабораториудад чадамжид нь тохирсон шинжилгээг гүйцэтгүүлэх замаар ажлын давхцал үүсгэхгүйгээр зохицуулах гарц байна.

Тухайлбал манай институт хүнсний бүтээгдэхүүний тос, тосонд агуулагдаж буй тосны хүчлийн бүрдлийн цогц шинжилгээг хийж хүнсэнд агуулагдаж буй ханасан ба ханаагүй тосны хүчлүүд, түүгээмэл тохиолддог 37 нэрийн, түүний дотор эрүүл мэндэд ач холбогдолтой тосны хүчлүүдийн агууламж хэмжээг хийн хроматорафын аргаар, мөн тосонд уусамхай А, Е аминдэмийг шингэнийн хроматографын аргаар  тодорхойлж байна.

Тэгвэл өөр нэг лабораторид хүнсэнд агуулагдаж буй уураг, аминхүчлийн бүрдлийг, бас өөр лабораторид бусад нэгдлийг тодорхойлох зэргээр төрөлжүүлэн хариуцуулж, шинжилгээг олон улсын түвшинд хийх боломж нөхцлийг хангах.

Энэ асуудалд стандартчилал, итгэмжлэл, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагуудын дэмжлэг, ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна. Экспортын хүнсний бүтээгдэхүүнд тавигдах бас нэг гол шаардлага нь бүтээгдэхүүн нь олон улсын болон импортлогч орны стандартын шаардлагад нийцсэн байх, нийцсэн болохыг нь дотоодын лаборатори, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад судлан тогтоосон байх төдийгүй үүнийгээ гадаадын лаборатори эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх зэрэг олон шаардлагууд үүсдэг. Энэ асуудлыг ч мөн дээрхийн адилаар шийдвэрлэх гарц гаргалгаа хэрэгтэй. Төрөөс чухал шаардлагатай гэж үзсэн зарим түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, эсвэл хориглох бодлогуудыг боловсруулж хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулах. Жишээ нь: Зарим /зөгийн бал, ашигт ургамал гм/ байгалийн цэвэр түүхий эдийг үйлдвэрийн аргаар боловсруулахад элдэв нэмэлт ашиглахыг хориглож зөвхөн цэврээр нь үйлдвэрлэхийг дэмжих, хүнсний үйлдвэрлэлд одоогоор ашиглаж буй зөвхөн импортоор хангадаг зарим түүхий эдийг, ялангуяа онц шаардлагагүй, цаашид дотоодын эх үүсвэрээс орлуулж болох төрөл бүрийн нэмэлт түүхий эд болон хүнсний нэмэлтүүдийн хэрэглээг хязгаарлах бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай байсан ч уг нэмэлт нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон бол хэрэглээг хориглох гэх мэт шинжлэх ухаанд суурилсан арга хэмжээг байнга хэрэгжүүлэх, энэ чиглэлийн шинжилгээ, судалгааг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудаар гүйцэтгүүлэх. Хүнсний хангамж гэдэгт зөвхөн хэрэглэх хэмжээнээс гадна тухайн хүнсэнд агуулагдах шимт нэгдэл чухал үүрэгтэй бөгөөд голлон хэрэглэж буй хүнсний найрлага, шимт чанарыг нарийвчлан тогтоох нь далд өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохистой хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байдаг.

Далд өлсгөлөн нь дархлааг сулруулах сөрөг нөлөөтэй тул бидэнд хүнс хоолныхоо найрлага, шимт чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоох, хүнс, хоолны зүйл нь дүүргэгч бус бие мах бодийг тэтгэгч шимт нэгдлүүдийг агуулсан байхад анхаарах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Олон орны эрдэмтэд ирээдүйд хүн хүнс хоолыг таваг тавагаар нь бус жижиг шахмал /таблетка/ хэлбэрээр хүртэх авсаархан хэрэглээнд шилжих шинэ чиглэл санаа боловсруулж, судалгаа ч хийгдэж байна. Гэтэл манай улсад хүнсний найрлага, шимт чанарын үндэсний лавлагаа толь бичиг, баталгаажсан нэгдсэн мэдээлэл ч байхгүй байсаар. Тус институтээс өмнөх жилүүдэд гүйцэтгэсэн зарим эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээс үзэхэд хүн амын хэрэглэж буй хоол хүнсний зүйл, түүнийг үйлдвэрлэж буй түүхий эдийн чанар, ялангуяа найрлага, шимт чанар нь олон шалтгааны улмаас байнга хувьсан өөрчлөгдөж байна. Иймээс  улс орон бүр өөрийн орныхоо үндсэн нэрийн түүхий эд, хүнс, хоолны зүйлийн найрлага, шимт чанарын судалгааг тасралтгүй тогтмол явуулж өөрчлөлттэй уялдуулан тодорхой хугацаанд шинэчлэн хэвлэн тарааж лавлагаа материалаар ашигладаг. Тэгвэл энэ асуудлыг өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний шинжилгээний лабораториудын баазыг зохицуулалттай зохистой ашиглах замаар эхний ээлжинд ядаж монгол уламжлалт хүнс, хоолныхоо онцлог, эрүүл мэндэд ач тустай өвөрмөц шинж чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй шинжлэн тогтоохоос эхэлж, энэ чиглэлээр таамаглан ярьж бичихээс хэтрэхгүй байгаа асуудлыг бодитоор нотлох, хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Манай институтийн хүнсний шинжилгээний нэгдсэн лабораторийн микробиологийн ба хими-биохимийн тасагт өнөөдрийн байдлаар согтууруулах ундаанаас бусад бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд давхардсан тоогоор итгэмжлэлийн хүрээний 140 гаруй үзүүлэлтийн шинжилгээг гүйцэтгэж, жилд 600 орчим аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлж байна. Нэгэнт бүрдсэн энэ баазад түшиглэн дээр дурьдсан лавлагаа толь, мэдээллийн материал бүрдүүлэхэд өөрийн лабораторийн чадамжийн хүрээнд идэвхитэй оролцон хэрэгжүүлэх хүсэл, боломж ч байна.

Мөн институтээс хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнд ямааны мах, таван хошуу малын дотор махны найрлага, шимт чанарын иж бүрэн судалгааг газар зүйн бүс, улирал, малын нас, махны булчингийн төрөл зэрэг өөрчлөлтийн хамааралт хүчин зүйлүүдтэй нь уялдуулан харьцуулан судалсан дүнгээс үзэхэд малын мах, дотор махны найрлага, шимт чанар нь тухайн хүчин зүйлүүдээс хамааран харилцан адилгүй байна. Шимт чанарын зарим үзүүлэлт тухайлбал, тосны хүчлийн бүрдлийн нэр төрөл, агууламж хэмжээ нь харилцан адилгүй хувьсан өөрчлөгдөж байна.

Цаашид ийм судалгааг олон давтамжтай гүйцэтгэхийн дээр суурин маллагаатай малын мах, дотор махыг бусад орны малын мах, дотор махтай харьцуулан нарийвчлан судалж бэлчээрийн маллагаатай монгол малын мах, дотор махны онцлог чанарыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх шаардлага байна. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж, нэр төрлийг олшруулж, үнийг өсгөх угтвар нөхцөл болох юм.

Энэ бүгдээс үзэхэд хүнсний үйлдвэрлэлийн салбарыг цаашид шинжлэх ухаанд суурилан тодорхой чиглэл, бодлоготойгоор хөгжүүлэхэд бүх талын зохистой оролцоог хангаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага байна.

Үйлдвэрлэл эрхлэгчид нь зөв хандлага төлөвшүүлж хэрэглэгчид чиглэсэн үйлдвэрлэл явуулъя, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, шинжилгээний лабораториуд нь үйлдвэрүүддээ мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлж харилцан ашигтай хамтран ажиллая, төрийн байгууллагууд нь эрх зүйн таатай орчин бүрдүүлж, итгэлд суурилсан уян хатан үйлчилгээг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Энэ дашрамд хүнсний салбарт үйл ажиллагаагаа өнөөг хүртэл тасралтгүй явуулж буй Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само” институт нь хөгжлийн 50 гаруй жилийн түүхтэй, хүнсний салбарын анхны эрдэм шинжилгээний байгууллага билээ.

Түүхэн хагас зуун жилийн хугацаанд институтийн үе үеийн хамт олон хүнсний аж үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан техникийн ололтыг нэвтрүүлэх, шинэ үйлдвэр комбинатууд байгуулах, шинэ бүтээгдэхүүн, тэргүүний техник технологийг нутагшуулах, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, чанар аюулгүй байдлыг сайжруулах, хүнсний салбарт мөрдөх стандарт техникийн баримт бичиг бусад хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэхэд мэдлэг чадвар, сэтгэл оюунаа зориулж ирсэнийг тэмдэглэхэд таатай байна.

Ахмад үеийнхээ халааг хүлээн авч үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн ажиллаж буй институтийн өнөөгийн хамт олон бид салбарын өмнө тулгарч буй аливаа асуудлуудыг шинжлэх ухаан, онолын зохих түвшинд шийдвэрлэхэд нөөц бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч улам идэвхитэй ажиллах боломж нөхцөл, хүсэл эрмэлзлэл ч байна.

Эцэст нь 2020 онд тохиож буй Монгол улсад хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 90 жил, институтийнхээ 50 жилийн ойг тохиолдуулан Монголын нийт хүнсчид, институтийнхээ үе үеийн хамт олон, нийт ажиллагсдадаа амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Г.Оюун, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн

“САМО” институтийн Гүйцэтгэх захирал, док.Ph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж