Ерөнхийлөгчийн хоригийг эдийн засагчид дэмжив

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоригийг эдийн засагчид дэмжив

Ерөнхийлөгчийн хоригийг эдийн засагчид дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэрбээр хориг тавьсан албан бичигтээ үндсэн дөрвөн асуудлыг дурдсан.

  •  Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  • Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.
  • Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш, жил бүр УИХ-ын баталсан төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан. Энэ удаагийн хориг тав дахь нь болж буй. Өмнөх жилүүдэд төсөвт тавьсан хоригийг нь УИХ нэгээс бусдыг нь хүлээж авч байгаагүй. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч 2020 оны төсөвт хэсэгчлэн буюу дөрвөн хориг тавихад, УИХ-аар уг хоригийн гурвыг нь хүлээж авах боломжгүй гэж үзэж, нэгийг нь хүлээж авахаар шийдвэрлэж байсан юм. Тэгвэл Төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн хоригийг УИХ хүлээж авах эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно. УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцсэж, эцэслэнэ. Хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ.

Үндсэндээ МАН энэ удаад ч мөн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй. Шинэ Үндсэн хуульд үндэслэсэн анхны төсвөө МАН чамбай болсон гэж дүгнэж байгаагаас гадна улс төрийн өнцгөөс харсан ч хоригийг хүлээж авах боломжгүй.

Хориг хүлээж авахаас илүү 2021 оны төсөвт тодотгол хийх эсэх асуудалд МАН-ын гишүүд анхаарлаа хандуулж буй. УИХ-ын зарим гишүүн ирэх оны төсвийг батлах үеэр Covid-19-ийн халдвар дотоодод гарсан учир эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого хүндэрч болзошгүй учраас эргээд төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсч мэдэхээр байна гэдгийг сануулж байгаа. Үүнийг  ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжиж байгаагаа тухайн үед тодотгосон. Гэвч тэрбээр төсөв батлагдсаны дараа дээрх байр сууринаасаа буцаж, “Өнөөдрөөр дүр зураг тодорхой болоогүй байна. Төсөв тодотгоно гэж ярихаасаа илүүтэй өнөөгийн нөхцөл байдал эдийн засаг, нийгмийн ямар салбаруудад илүүтэй нөлөө үзүүлэх вэ гэдгийг тодорхойлж байж төсвийн тодотголыг ярих хэрэгтэй. Түүнээс биш наана нь төсвийн тодотголыг яриад, дараа нь бусад асуудлыг ярих нь учир дутагдалтай. Эхлээд нөлөөллийг нь сайтар ярьж байж төсвийн тодотгол хийх эсэхийг ярина” гэсэн юм. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хоригийг алдаатай гэж шүүмжлэв.


Ерөнхийлөгчийн хориг хэр үндэслэлтэй эсэх талаар эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН: БАЯЛАГ БҮТЭЭГЧИД, ААН-ИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ

-2021 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай болчихлоо гэж харж байна.  Нэгдүгээрт, 2021 оны төсвийг боловсруулж байсан төсөөллүүд өөрчлөгдсөн. 2020 оны эдийн засгийг нэг хувиар унана гэж байсан бол одоо 5.4 хувиар буух болчихлоо. Ирэх онд вакцин гарсан ч 7.2 хувийн өсөлт үзүүлэхэд хүнд болсон. Тиймээс бүх орлого өөрчлөгдөнө, улмаар зарлагаа ч бас дагуулж өөрчлөх шаардлага үүслээ. Хоёрдугаарт, дотоодод коронавирусийн гарна гэж хүлээлт байгаагүй бөгөөд эдийн засгийн талаас бэлтгэл огт байхгүй, харин ч маш үрэлгэн төсөв баталсан. Үүнийг өөрчилж, байж бид нар коронавирустэй илүү эрчимтэй, илүү хурдан тэмцэнэ. Зөвхөн эрүүл мэндийн салбартаа ч биш бас эдийн засгийн салбартаа дунд хугацаанд урт хугацаанд вирусээс үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд төсвөө тодотгох хэрэгтэй. 2021 оны батлагдсан төсвийн хөрөнгө оруулалт хэсгийг аваад үзэх юм бол маш олон соёлын төвүүд, музей, одоо хөшөө гээд нэн шаардлагатай биш хөрөнгө оруулалтууд их байгаа. Гэтэл ажлын байрыг хамгаалж үлдэх, нэмж бий болгох тал дээр тун маруухан төсөв болсон. Тэгэхээр эдгээр нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг түр хойшлуулаад эндээс гарсан эх үүсвэрээр өнөөдөр зогсолтод ороод байгаа аж ахуйн нэгжүүд,  зээлийн дарамтад байгаа иргэддээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгж байж бид вирусийн сөрөг нөлөөг бууруулж, дунд хугацаандаа иргэдийнхээ амьдралын баталгаа болсон ажлын байруудыг авч үлдэж, компаниудаа дампууруулчихгүй авч гарна. Өнөөдөр коронавирус дотоодод гарснаар нөхцөл байдал хүндэрч байгаа нь дан ганц иргэд биш юм. Мэдээж иргэдэд туслах ёстой. Гэхдээ баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдийг мартаж болохгүй. Хэрэв тэд олноороо дампуураад дуусчих юм бол коронавирус дууссаны дараа ажлын байрыг хэн бүрдүүлэх вэ. Төр үү гэвэл үгүй.  Төр ажлын байр бүрдүүлж болохгүй. Төр үйлчилгээ үзүүлдэг, тэр хүрээндээ л шаардлагатай орон тоо хязгаарлагдмал. Манай улсад өнөөдөр нийт ажлын байрны 80 хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Багш, эмч, улс төрчид бүгд нийлээд 20 хувь шүү дээ. Тэгэхээр коронавирусийн  үеийн арга хэмжээг хоёр үндсэн хэлбэрээр хуваах хэрэгтэй.

  •  Нэгдүгээрт өрх гэр иргэн рүүгээ хандсан.
  • Хоёрдугаарт, аж ахуйн нэгж, тэр дундаа төрөөс ямар ч тендер авдаггүй, төртэй холбоотой ажил хийдэггүй хэсэг рүү буюу мөнчигрөөрөө авж буй байгууллагуудад илүү дэмжлэг хэрэгтэй.

Тэнд байгаа ажлын байрыг хамгаалж байж бид ирээдүйд улсаараа хохирол багатай давж гарна. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ баялаг бүтээгчид рүү давхар анхаарал хандуулаасай, төсвийн тодотголоор сулрах хөрөнгө санхүүг улс төрчидтэй холбоогүй, улсаас тендер авдаггүй тэгсэн мөртлөө маш олон ажлын байр бүрдүүлж буй байгууллагууд руу чиглүүлж, тэд нарт тулгарч буй асуудлыг шийдэх замаар ажлын байраа хамгаалж авч үлдэхийг дэмжээсэй гэж хүсч байна.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛХАГВАЖАВ: ЕРӨНХИЙЛӨГЧ ИЙМ ТӨСӨВТ ХОРИГ ТАВИХГҮЙ ЮМ БОЛ ЗАСГИЙН ГАЗАРТАЙГАА ХАМТ ОГЦОРЧ БОЛНО

-Улсын нэгдсэн төсвийг 2.1 их наядын алдагдалгүй батлах тухай би байнга хэлж байгаа. Ирэх арванхоёрдугаар сард багтаан төсвийн тодотгол хийж төсвийн хөрөнгө оруулалт нэртэй 1.5 их наяд төгрөгийг хөдөлмөрийн даатгал руу оруулах. Хоёрт, Засгийн газрын зардлыг хамгийн багадаа 20-30 хувиар танаж чадвал 2 их наяд төгрөг гарах боломжтой. Өөрөөр хэлбэл, орлого зардал 9 их наяд төгрөгт багтаах. 1.5 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг даатгалыг хөрөнгөжүүлэхэд ашиглах. Төсвийн урсгал зардлыг нийт орлогын 45 хувьд барих. Төрийн албан хаагч 80 мянган даргын цалинг 50 хувь хасах, үүнд 110 мянган үйлчилгээний салбар орохгүй. Мөн Мөнгөний бодлогыг эргэж харах шаардлагатай. Инфляци 2 хувиас хэтрэхгүй тул Төвбанкны бодлогын хүүг 2 хувь болгох. Мөнгөн дэвсгэрийн реформ хийж 1000 төгрөг=1 төгрөг болгож байгалийн баялгийн орлоготой уях хэрэгтэй. Ерөнхийлөгч ийм төсөвт хориг тавихгүй юм бол Засгийн газартайгаа хамт огцорч болно. Ерөнхийлөгч эдийн засаг нийгмийн бодлогын онцгой комисс байгуулж, эдийн засгийн нэгдсэн удирдлагаар хангах хэрэгтэй. Коронавирусийн дараа бол мэдээж сонгодог төрийн системээрээ явна. Төр цалин дээрээс ажилгүйдлийн даатгал авдаг. Хорионд орсон энэ үед тэр даатгалаасаа цалинг 50-100 хүртэл  хувь өгөх үүрэгтэй. Хэрэв 80 мянган даргын цалинг 50 хувь хасаж чадвал, нэг саяын талыг өгч болно. Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газруудын 2019, 2020 оны ногдол ашгийг ил болгож дахин хуваарилалтыг нь ил хянавал маш олон тэрбум төгрөгийн  нөөц гарч ирнэ. Энэ ногдол ашгийг Ерөнхий сайд л сайн мэдэж байгаа.

ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ОТГОЧУЛУУ: ЭДИЙН ЗАСГИЙН "ЗУД" БОЛЖ БАЙНА

-Би Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж үзэж байгаа. Төсвийг танах, үр ашиггүй зардлуудыг хумих зайлшгүй шаардлагатай. Хэмнэсэн мөнгөөрөө Эрсдэлийн сан байгуулж, хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь зөв. Зуд болсон үед өвс тэжээлийн нөөц фонд гэж байдаг. Яг үүнтэй адилхан.Одоо бол эдийн засгийн зуд болж байна. Ерөнхийлөгч “Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгох гэсэн санал нь байж болох хувилбар гэж харж байгаа. Харин үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-аар олгох гэдэгт эзнээ зөв олох хэрэгтэй. Үүнд үйлчилгээ, нийтийн хоолны салбар, үсчин, хувийн эмнэлэг зэргийг бас хамруулах нь зөв. Улсын том эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Гэтэл хувийн жижиг эмнэлгүүд хүнгүй сууж байна. Хувийн эмнэлэг дээр очиж үзүүлэх эрхийн бичиг болговол маш их үр дүнтэй. Энэ мэт эзнээ зөв олох нь нийлүүлэлтийг дэмжинэ.

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ТАНАЖ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ САНХҮҮЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Ерөнхийлөгчийн хориг бол улс төрийн шинжтэй. Хуулиараа Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Хоригийг хүлээж авах эсэхийг УИХ шийднэ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын төсөвт учир дутагдалтай зүйл ихээр байсаар байгаа нь үнэн. Төсвийн зорилго юу болох нь төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсан ДНБ-ий өсөлтийг эс тооцвол тодорхойгүй нь ихээхэн том сул тал. Энд тоон болон чанарын тодорхой зорилго байхгүйгээс төсвийн үр ашиг, хяналт, хариуцлага гэх мэт ойлголт суларч байна. Мөн төсвийн хүрээний мэдэгдлийн тоонууд төсөв хэлэлцэх бүрд өөрчлөгддөг байдал нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулдаг зэрэг гол асуудлууд хэвээр байсаар байна. Өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалт зам, байшин л гээд түүнээс хэтрэхгүй байгаа нь харамсалтай.  Уул уурхай, экспорт л гээд байдаг. Гэтэл тэндээс бий болж байгаа, ирээдүйд бий болох орлого нь хүнд, хүний сайн сайханд, Монгол Улсын ирээдүйд зориулагдах ёстой гэдгийг ойлгохгүй байна. Цар тахал даамжрах шинжтэй байгаа энэ үед гадаад, дотоод дахь бүх нөөц боломжоо ашиглах шаардлагатай. Дотоод нөөц бололцоо гэдэгт төсвийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуудал яригдана. Энэ агуулгаараа Ерөнхийлөгчийн хоригт тусгасан зарим саналыг дэмжиж байгаа. Тухайлбал, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах гэсэн санал нь зөв. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын зардлуудыг танаж эх үүсвэр гаргаад цар тахлын эсрэг арга хэмжээнүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч "Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-аар олгох" гэсэн санал бол үндсэндээ 900 тэрбум орчим төгрөгийн тухай асуудал. Үүнээс ч илүү их мөнгийг зах зээл рүү гаргах ёстой. Гэхдээ иргэн Дорж, Батаад гар дээр нь өгөх үү эсвэл ажил олгогчдоор дамжуулж тэднийг дэмжих байдлаар эдийн засаг руугаа гаргах уу гэдэг нь асар том зарчмын ялгаатай. Уг нь боломж нь байдаг бол эдийн засаг руугаа 1 их наяд төгрөгөөс ч илүүг гаргамаар байна. Хүүхдийн мөнгийг өнөөдрийнх шиг хавтгайруулан олгохыг би хувьдаа дэмжихгүй байгаа. Энэ бол улс төр. Эдийн засаг яаж  хямарсан байлаа гэсэн гэр бүлээ аваад явчих өрх гэр бүл зөндөө бий. Нэг, хоёр сар хорионд байсан ч амьдрал нь хэвийн үргэлжлэх хүмүүс ч байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн, өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой.  Төрд гай болохгүй өдрийн орлогоороо  амьдралаа авч явдаг энэ бүлгийнхэн өнөөдөр төрийн бодлогын гадна үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж