“Сила Сибири” хоолой ашиглалтад орсон нэг жил хүрэхгүй хугацаанд Хятадын зах зээлд 3,5 тэрбум куб.метр байгалийн хий нийлүүлээд байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эрчим хүчний асуудлаарх комиссын онлайн хурлын үеэр хэллээ. 2019 онд ОХУ Хятадын зах зээлд 66 сая тонн нефть экспортолсон. Байгалийн хийн экспортын хувьд “Сила Сибири” хоолойн ашиглалтад орсноос хойш 3,5 тэрбум куб.метр байгалийн хий нийлүүлсэн албан ёсны статистикийг ОХУ-ын Засгийн газар мэдээлсэн. Үүнээс гадна нүүрсний экспорт мөн өссөн байна. 2019 онд Оросын Хятад руу хийсэн нүүрсний экспорт 19 хувь нэмэгдэж 32,8 сая тонн байсан бол 2020 оны эхний хагас жилийн байдлаар 16,25 сая тонн болжээ. Санкт-Петербургийн Их сургуулийн профессор Владимир Колотовын үзэж байгаагаар Оросын эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт Хятадад улам нэмэгдэнэ.
"Орос бол эрчим хүчний эх үүсвэрийн дэлхийн томоохон нийлүүлэгч орон. Хятад бол 28 их наяд ам.долларын ДНБ бүхий дэлхийн том эдийн засаг. Хятадын эрчим эх үүсвэрийн импорт өссөөр байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орсон байгалийн хий дамжуулах хоолой нь эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх өрсөлдөөнд Оросыг давуу байдалд аваачиж байгааг онцлон дурдах хэрэгтэй” хэмээн Владимир Колотов хэллээ. 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон "Сила Сибири" хийн хоолой нь Якутын Чаяндинскийн ордоос Благовещенскаар дамжуулан Хятад руу хий нийлүүлж эхэлсэн. Энэ 2020 онд 5 тэрбум кбу.метр хий экспортлохоор "Газпром" төлөвлөсөн. Ирэх онд энэ хэмжээг 10 тэрбум, 2022 онд 15 тэрбум хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Төслийн дээд хүчин чадал нь жилдээ 38 тэрбум куб.метр бөгөөд энэ зорилгодоо 2025 онд хүрнэ хэмээн тооцоолсон. Мөн цаашид хүчин чадлыг 44 тэрбум хүртэл нэмэх төлөвлөгөөтэй юм.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ