“Сонгино” дэд станцыг хүчдэлд залгалаа

Хуучирсан мэдээ: 2020.11.26-нд нийтлэгдсэн

“Сонгино” дэд станцыг хүчдэлд залгалаа

“Сонгино” дэд станцыг хүчдэлд залгалаа

Улаанбаатар хотын төдийгүй эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх “Сонгино” дэд станцыг /2020.11.25/ ашиглалтад оруулж, хүчдэлд залгалаа.

2012 оноос хойш газрын маргаан болон валютын ханшийн зөрүүгээс тус ажил  8 жил  гаруй хугацаанд гацаанд орсон байжээ. Тэгвэл эрчим хүчний яамнаас 2020 оны улсын төсөвт 4 тэрбум төгрөгийг нэмэлтээр суулгаснаар барилга, угсралтын ажлыг дуусгаад байна. Одоогийн байдлаар техникийн комисс ажиллан хүчдэлд залгаж,  72 цагийн туршилт зүгшрүүлэлтийн ажил хийгдэж байгаа юм.

Монгол Улсын томоохон зангилаа болох “Сонгино” дэд станц нь Улаанбаатар хотын “ДЦС-4” ТӨХК , Дундговь, Өмнөговь аймаг болон Эрдэнэт, Дархан хотын дэд станцуудаар дамжин ОХУ-ын системтэй холбогдох юм. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дамжуулах чадвар мөн 250 МВА-аар нэмэгдэнэ.

“Сонгино” дэд станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын “Зайсан” дэд станц хоёр талын тэжээлтэй болох төдийгүй 110кВ-ын найман жил хүчдэлгүй байсан “Яармагийн гүүр”, “Шинэ яармаг” дэд станцууд хүчдэлд холбогдож, 110кВ-ын “Их тойруу” систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Мөн Хөшигийн хөндийд байрлах Олон улсын  шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамж үндсэн тэжээлээс холбогдох боломжтой юм.

Мөн “Сонгино” дэд станцаас Өмнийн говь руу татсан 670 км 220кВ-ын агаарын шугам хүчдэлд холбогдон 220кВ-ын “Мандал”, “Тавантолгой”, “Оюутолгой”, “Цагаансуварга” дэд станцууд ажиллагаанд орж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж  бүрдэнэ. Энэ хэмжээгээр импортын  эрчим хүчинд зарцуулах мөнгөн урсгал дотооддоо үлдэх эдийн засгийн ач холбогдолтой юм.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ /ТБЭХС/-д том чадлын энерги хуримтлуурыг 2025 он гэхэд ашиглалтад оруулна. Энэхүү төсөл нь эрчим хүчний оргил ачааллыг шилжүүлж, Дулааны цахилгаан станцуудад ирэх ачааллыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч /СЭХ/-ий эх үүсвэрээс оргил ачааллын эрчим хүчийг дэмжих, СЭХ-ий үйлдвэрлэлийг нэгдсэн сүлжээнд нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, системд “ТЭГ” зогсолт үүсэх эрсдэлээс сэргийлэх зорилготой юм. “Сонгино” дэд станц ашиглалтад орсноор энэхүү төсөл мөн амжилттай хэрэгжих суурь нь болох юм.

Мөн Засгийн газрын 100 мянган өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн гурван хуваарилах байгууламж 33 дэд станцыг цахилгаан эрчим хүчинд холбох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж