УОК: Ирэх сарын 1-ээс 10 хоногт орон нутгууд руу зорчих хөдөлгөөнийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.26-нд нийтлэгдсэн

УОК: Ирэх сарын 1-ээс 10 хоногт орон нутгууд руу зорчих хөдөлгөөнийг нээнэ

НЭМЭЛТ: 17:00 цаг

УОК-оос мэдээлэл хийж байна

УОК: Улаанбаатараас орон нутаг руу буцах 83 мянга орчим, орон нутгаас Улаанбаатарт ирэх 53 мянга орчим иргэн бүртгүүлсэн

Posted by News.mn on Thursday, November 26, 2020

Улаанбаатар хотоос орон нутаг руу явах 85 мянга орчим иргэн хүсэлт гаргасан байна. Мөн нийслэл рүү ирэх хүсэлтэй 5300 орчим иргэн байна. Зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10 хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.

-ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян:

-Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы улмаас гацсан иргэдийн хүсэлтийг судалж ирэх сарын 1-нээс нэгдсэн зохион байгуулалттай зорчуулах тусгай журам баталлаа. Энэ ажлыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулсан. Бэлтгэл ажлын хүрээнд тасалбар түгээлт болон хувийн тэргээр зорчих хяналт бүртгэл 16 аймаг руу нээх бөгөөд халдвар бүртгэгдсэн таван аймаг эхний долоо хоногт багтахгүй. Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-оос нээнэ. Мөн Өмнөговь экспортын гол бүс тул зорчих хөдөлгөөнийг 7-ноос зохион байгуулна.

-ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  С.Батболд:

-УОК-ын даргын тушаалаар ажлын хэсэг энэ сарын 24-нд байгуулагдсан. Түр журам энэ сарын 25-нд батлагдсан. Тээвэрлэлт, цагийн хуваарь баталж бэлэн боллоо. Өнгөрсөн дөрвөн өдөр судалгаа авч 85 мянга орчим иргэн хамрагдсан. Дунджаар 100 гаруй мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийх төлөвтэй байна.

Энэ сарын 29-нөөс шинжилгээ авч эхэлнэ. Тухайн иргэн 48 цагийн дотор шинжилгээ өгнө. Гэхдээ шинжилгээ авах нэмэлт 20 цэг байгуулна. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр зорчиж болно. Зохион байгуулалттай нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж болно.

Цар тахлын үед цахим системийг ашиглаж иргэн үйлчилгээний байгууллагууд бага харилцахаар зохицуулж байна. Тодруулбал, www.119.mn хаягт иргэд бүртгүүлэхдээ асуумж бөглөнө. Дараа нь, хүсэлтийг харгалзан байрлалаас хамаарч шинжилгээ өгөх байр, цагийн хуваарийг өгнө. Бүртгүүлсэн иргэн товлосон өдрийн заасан цагт шинжилгээ өгнө. Иргэдээс PCR шинжилгээ авна. Хариу 6-8 цагийн дараа гарна. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд цахимаар тасалбар авна. Нийтийн тээврийн үйлчилгээг авахдаа хуваарилсан  автовокзалд бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулна. Хооллох газрууд хаалттай тул иргэд хоолоо бэлдэнэ. Зорчигчид зориулсан санамж гарч байна. Тогтоосон цэгүүдэд тээвэрлэлтийн баримт бичигийг хяналтын цэгүүдэд уншуулна. Орон нутагт очсон иргэдийг Онцгой штаб хүлээн авах ба тухайн иргэн өөрийн байх газартаа 14 хоног тусгаарлана. Иргэд хувийн машинтай зорчихдоо шинжилгээний хариу сөрөг гарсны дараа хөдөлгөөнд оролцно. Мөн тээвэрлэлтийн бичиг баримт QR кодоо уншуулаад зорчино. Ингэхдээ замын хяналтын байгууллагуудад бүртгүүлж, эцсийн цэгт очихдоо мэдээлнэ. Ийм схемээр тээвэрлэлт зохион байгуулахаар төлөвлөж байна. Зорчих хөдөлгөөнийг 10 хоног зохион байгуулж байгаа нь шинжилгээ болон тээврийн хэрэгслийн хүчин чадлаас хамаарч байна. Эхний ээлжинд албан ажил болон хувийн ажлаар саатсан хүмүүсийг зорчуулна. Дараа нь оюутнууд зорчино. Мөн автобуудлуудад цагийн хуваарь гаргасан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас Архангай руу явах 23 автобус бэлэн байна.

ХОТ ХООРОНДЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ ГАРЧЭЭ. ТОДРУУЛБАЛ,

Драгон зорчигч тээврийн төвд 

08:00  Улаанбаатар- Архангай аймаг

11:00 Улаанбаатар-Баянхонгор

12:00 Улаанбаатар-Баян-Өлгий

14:00 Улаанбаатар Увс

16:00 Ховд чиглэл рүү зорчино.

Тэнгэр худалдааны төв авто буудал

08:00 Дорнод

10:00 Сүхбаатар

12:00 Хэнтий

14:00  Говь-Алтай

16:00 Булган

Лавай авто буудал

08:00 Өвөрхангай

10:00 Төв аймаг

12:00 Завхан

14:00 Дундговь

16:00 Хөвсгөл чиглэлд цагийн хуваарийн дагуу 10 хоног үйлчилгээнд гарна.

Иргэдийн саналыг авах явцад холын аймгуудад агаарын тээврээр зорчих хүсэлтээ өгчээ. Ажлын хэсгийнхэн онгоцоор иргэдийг тээвэрлэх боломжтой гэж мэдэгдэв. Хэдийгээр хөл хорионы улмаас гацсан иргэдийн асуудлыг ийнхүү шийдвэрлэхээр болсон ч УОК-оос халдвар гараагүй 15 аймагт халдвартай иргэнийг зорчуулахгүй байх зарчим баримталж байна. Энэ үүднээс иргэдийг 20 цэгт PCR шинжилгээнд хамруулсны дараа орон нутагт зорчих эсэх зөвшөөрлийг олгох юм байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалын мэдээлснээр шинжилгээ авах 20 цэгийг дараах зохион байгуулалттай хуваарилжээ.
• Сүхбаатар дүүрэгт 2
• Хан-Уул дүүрэгт -4
• СХД дүүрэгт-4
• Баянгол дүүрэг -4
• Баянзүрх дүүрэг-4
• Чингэлтэй дүүрэг-2 төвд PCR шинжилгээ авна. Ингэхдээ сургуулийн байрыг шинжилгээ авах зориулалтаар зохион байгуулжээ. Иргэн www.119.mn сайт руу орохдоо өөрийн оршин суугаа дүүрэг, хорооны дугаараа бүртгүүлэхэд шинжилгээ авах байрны хаяг, цаг автоматаар тодорхой болно. Харин тухайн иргэн хэзээ шинжилгээ өгөх вэ гэдгээ өөрөө сонгох боломжтой. Иргэд өөрт ойр шинжилгээ өгөх хаяг, цаг тодорхойлох юм байна. Шинжилгээний хариуг www.119.mn сайтаас харна. Иргэд орон нутагтаа очоод 14 хоног тусгаарлагдсны дараа шинжилгээ өгнө. Шинжилгээний хариу 6-8 цагийн дараа гарах тул иргэд хүлээцтэй хандах хэрэгтэй. Хариугаа хүлээж бухимдах шаардлагагагүй.
Мөн орон нутаг руу явахаас хоёр хоногийн өмнө шинжилгээ өгөх хэрэгтэй. Үүнээс өмнө шинжилгээ өгвөл хариу хүчингүй болох нөхцөл үүснэ. Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дараа орон нутагт очих боломжтой гэж үзэж байна.
Нийтийн тээвэрт зорчихдоо шинжилгээний хариу болон QR кодоо авч явна. Үүнийг орон нутгийн нэвтрэх цэгүүдэд үзүүлэх юм. Мөн орон нутагт очсоныхоо дараа 14 хоног гэрийн тусгаарлалтад байна. Дараа нь дахин шинжилгээ өгнө. Үүнээс өмнө халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх шаардлагатай. Шинжилгээ өгөхгүйгээр орон нутаг руу зорчино гэсэн ойлголт байхгүй. Тиймээс иргэд зайлшгүй шинжилгээ өгнө. Мөн иргэд шинжилгээ өгч чадахгүй болов уу гэж санаа зовох асуудал байхгүй. Хамгийн гол нь иргэд голомттой бүсээс халдваргүй аймаг,  орон нутаг руу зорчиж байгаа тул ухамсартай байх хэрэгтэй. Иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалтаа авахгүй, бээлий өмсөх, амны хаалтыг 2 цаг тутамд солих, зай барих ёстой. Мөн тээвэрлэгч аж ахуй нэгжүүд зорчигчийг тээвэрлэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой. Онцгой үед халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд өдөрт 8500 иргэн зорчих хөдөлгөөнийг зохицуулахаар ажиллаж байна.
Ингээд сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгөв.

-Өнөөдрийг хүртэл авсан PCR шинжилгээний нэгтгэсэн статистик бий юу. Эхний шинжилгээгээр хэчнээн хариу эерэг гарав?

-Халдвар бүртгэгдснээс хойш нийт 119 мянган хүнд PCR шинжилгээ хийсэн. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 712 батлагдсан тохиолдол түргэвчилсэн болон  PCR шинжилгээгээр илэрсэн. Мөн халдвар авсан хүмүүсээс PCR аргаар  гурван удаагийн давтан шинжилгээг авч байна. Мөн орон нутаг руу буцсан иргэдээс 14 хоногийн дараа заавал шинжилгээ авна.

PCR шинжилгээ үнэ төлбөртэй байх уу гэдгийг иргэд сонирхож байна ?

-Энэхүү шинжилгээ үнэ төлбөргүй. Ер нь PCR шинжилгээний нэг өртөг 150 мянган төгрөг байдаг. Иймд төрөөс 85 мянган иргэнээ үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулахаар болж байна. Мөн зөвхөн нэг удаагийн хувцас хэрэгсэлд 242 сая төгрөг зарцуулж байна. Шинжилгээний үнийг тооцохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад 300 орчим сая төгрөг зарцуулах гэж байна.

-Орон нутагтаа очсон иргэдийг хянах бүтэц хэр найдвартай байх вэ?

-Орон нутагтаа ирж буй иргэдийг аймгийн болон сумын мэргэжлийн байгууллагынхан хүлээж авна. Энэ мэдээллийг тухай бүрт нь УОК-т өгнө. Мөн аймаг сумын Онцгой комисс хяналт тавина.

-Суудлын тэрэг зорчихгүй гэж ойлгож болох уу. Мөн нийтийн тээвэрт цөөн хүн зорчих юм байна. Зардал нэмэгдэх үү. Мөн сум руу зорчих иргэдийн тухайд яах вэ. Аймгийн төвөөс зөвшөөрөл авах уу, шууд сум руугаа явах уу?

-Хот хооронд хоёр чиглэлд такси явахгүй. Том оврын автобус явна. Нийтийн тээвэрлэлтэд гарч буй зардлын зөрүүг яах вэ гэсэн асуудал бий. Тусгай үүргийн онгоц бий. Энэ бүхний үндсэн дээр суудлын 70-75 орчим хувийн дүүргэлтээс хэтрэхгүй зорчихоор тооцсон. Мөн нийтийн тээврийн үнэ нэмэгдэхгүй.

-Өмнөх шинжилгээнүүд хүчингүй гэж ойлгож болох уу. Гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлахдаа хэрхэн анхаарах вэ. Гэр бүлийн хүмүүс нь хамт тусгаарлагдах уу?

-Иргэд сайн дурын шинжилгээ өгч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ орон нутаг руу зорчих иргэдийн асуудлыг тусгайлан авч үзэж байна. Энэ үүднээс сайн дураараа шинжилгээ өгсөн ч 48 цаг дотор өгсөн PCR шинжилгээ хүчинтэй. Тиймээс иргэн бүрээс хариуцлагатай байхыг бид шаардаж байгаа. Аль болох боломжтой нөхцлөөр өөрийгөө тусгаарлах ёстой. Гэр бүлийн иргэд гарч орох нь чөлөөтэй ч халдвартай хүн гэхээс илүү халдвартай бүс нутгаас ирсэн гишүүн гэдэг утгаараа гэр бүлийн гишүүд аль болох хүнтэй уулзахгүй, гадуур их гарахгүй байхыг хүсье. Тусгаарлалтын дэглэм мөрдөж буй иргэдэд цагдаа, тагнуул, эрүүл мэндийн байгууллагаас хяналт тавина. Хэрэв өвдвөл эрүүл мэндийн байгууллагад утсаар холбогдож зөвлөгөө авах боломжтой.

-Бусад аймгийн иргэдийг явуулах асуудлыг хэзээ шийдэх вэ. Гэртээ өөрийгөө тусгаарлах нь их эрсдэлтэй шийдвэр биш үү?

-Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ, Дархан, Орхон, Улаанбаатарт халдварын тохиолдол нэмэгдэж байна. Халдварын тохиолдол бүртгэгдээгүй бүс нутагт иргэдийг зорчуулах асуудлыг онцгойлон авч үзэж байна. Иймд, эрэмбэ дараатай асуудлыг судалж байна. Энэ сарын 7-ноос хойш нөхцөл байдлыг судалж дээрх халдвар бүртгэгдсэн аймгууд руу зорчуулна.

-Иргэдээс дахин шинжилгээ авахад түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээ авч болно гэж байна. Гэтэл олон улс түргэвчилсэн оношлуураас татгалзаж эхлээд байна?

-Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах нь буруу гэдгийг ДЭМБ гаргаагүй. Олон хүн хамруулах тохиолдолд энэ оношлуурыг хэрэглэгддэг.  Зааварт 98 хувийн мэдрэг чанартай гэж заасан. “Оном” сангаас тодорхой хэмжээгээр 80 хувийн мэдрэг чанартай гэсэн мэдээлэл гаргасан ч бид масс шинжилгээнд хэрэглэхэд асуудалгүй гэдгийг ярьж тохирсон.

-Орон нутагтаа очсон иргэдээ яаж хянах вэ. Тодорхой мэдээлэл өгнө үү. Мөн өөр аймаг руу ажлаар явах иргэд байна. Түүнчлэн аймаг хооронд зорчих боломжтой юу ?

-Сум багт хяналт тавина. Тухайн сумын Засаг дарга, захиргааны нэгж, албан тушаалтнууд хяналт тавина. Дээр нь айл саахалт хамаатнууд нь хянана. Энэ тухай мэдээллийг баг, сум, аймгаас нь тухай бүрт авна. Асуудал үүссэн тохиолдолд ажлын хэсэг хяналт тавьж ажиллана. Аймаг хооронд зорчих асуудал журмаар зохицуулагдаж байна. Аймаг хооронд зорчиход PCR шинжилгээнд хамрагдах журам хүчинтэй.

-Хөл хориог сунгах асуудал яригдаж байна уу?

-Хөл хориог сунгах асуудлыг одоогоор судалж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааны үр дүн, хөл хорионы зэрэглэлийг бууруулах асуудлыг эрдэмтэн судлаачид хэлэлцэж байна.


 

Улсын онцгой комиссын даргын шуурхай хуралдаан Төрийн ордонд болж байна. УОК-ын даргын шуурхай хуралдаан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр болж буй.  Улмаар цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, шаардлагатай үед шийдвэрүүдийг гаргаж байгаа юм.

Өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хот болон орон нутагт хөл хорионд гацсан иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хөдөө орон нутаг болон нийслэлд гацсан иргэдийг хэрхэн буцаах талаар тодорхой чиглэлүүдийг өгсөн.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
18
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж