Хөл хориог гурван сараар сунгавал хагас сая ажлын байр устана

Хуучирсан мэдээ: 2020.11.26-нд нийтлэгдсэн

Хөл хориог гурван сараар сунгавал хагас сая ажлын байр устана

Хөл хориог гурван сараар сунгавал хагас сая ажлын байр устана

Засгийн газар, Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байна. Энэ хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 1-нд дуусах ба үргэлжлүүлэн сунгах эсэхийг УОК-оос  энэ долоо хоногт шийдвэрлэх юм. Тэгвэл хөл хорио тогтоосноос хойш аж ахуй нэгжүүдийн нөхцөл байдалд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим / МҮХАҮТ /-аас судалгаа явуулсан байна. Энэхүү судалгааны дүнг өнөөдөр /2020.11.26/ цахимаар танилцуулав.

Хөл хорионы үед энэ сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 1-н хүртэл бизнес эрхлэгчид 152,900 ажлын байрыг цомхотгожээ. Хэрэв хөл хориог дахин нэг сараар буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгавал 432,600 ажлын байр цомхотгох тооцоо байна. Хэрэв гурван сараар буюу хөл хориог  2021 оны гуравдугаар сар хүртэл сунгавал 505,060 ажлын байр цомхотголд орох нь. Бизнес эрхлэгчдийн хувьд хөл хорионы улмаас хоёр аж ахуй нэгж тутмын нэг нь сарын нөөцтэй ба урсгал зардлаа гаргаж чадна, ажлын байр, цалинг хадгалж чадна хэмээн хариулжээ. Харин хөл хорионд аялал жуулчлал, барилга, хөнгөн үйлдвэрийн салбар covid-19 цар тахлын нөлөөнд хамгийн их өртөж, хүнд тусч буйг судлаачид хэлэв.

ИРГЭД ГЭРЭЭСЭЭ ГАРАЛГҮЙ ДАХИН НЭГ САР АМЬДРАХ БОЛОМЖГҮЙ

Өнөөдрийн байдлаар нийт 21 салбарын 667 төрлийн 855 мянга 253 ажлын байр буюу нийт ажлын байрны 74.5 хувь хаалттай байна. Энэ үед 855 мянган хүн ажилгүй, өдөрт 755 тэрбум орлого  тасалдаж буйг МҮХАҮТ-аас тодотгов. Хөл хорионы үед covid-19 халдварын цар тахлын нөлөөнд дундаж давхаргынхан хамгийн их өртөж, хохирчээ.

Засгийн газар, Улсын онцгой комисс  эмзэг бүлгийн иргэдэд илүү анхаарснаар дундаж давхаргын хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өдрийн орлогоор амьдарч буй хүмүүсийн асуудал орхигдож буйг судлаачид хэллээ.

Нийт хүн ам 3,6 сая гэж тооцвол  1,1 сая нь хүүхдийн мөнгө, 350 мянган хүн тэтгэвэр, 94 мянган хүн тэтгэмж, 200 гаруй мянган ямар нэгэн байдлаар халамж авдаг гэх тоо байна. Гэтэл үлдсэн 850 гаруй мянган хүний ажлын байр, орлого тодорхой хэмжээгээр тасалдаж байна тооцоог МҮХАҮТ гаргажээ. Хэрэв хөл хориог арванхоёрдугаар сарын 1-ээс үе шаттайгаар сунгах тохиолдолд иргэд гэрээсээ гаралгүй нэг сар амьдрахад хүндхэн нөхцөл байдал үүсэх эрсдэлтэйг сануулав.

Засгийн газар, УОК-оос тооцоо судалгаагүй иргэдийг бүтэн сар гэрээсээ гарахгүй амьдар гэдэг нь ямар ч боломжгүй гэдгийг МҮХАҮТ онцолсон юм. Хөл хориог дахин  нэг сараар сунгасан тохиолдолд татварын орлого, улсын төсөв тасарч, иргэд бэлэн мөнгөгүй болох тул аж ахуй нэгжүүдийн хариуцлагыг нэмэх замаар дөрвөн үе шаттайгаар ажлын байрыг нээж, эдийн засгаа дэмжих боломжтой хэмээн үзэв.

МҮХАҮТ-аас арванхоёрдугаар сарын 1-нээс ажлын байрыг дөрвөн үе шаттайгаар нээх саналыг гаргаад байна. Эхний ээлжид ноос ноолуурын салбар, уул уурхайн бус экспортыг нээх, барилга болон зайнаас ажиллах салбаруудын үйл ажиллагааг нээснээр 50 мянган хүн хөдөлгөөнд оролцох тооцоо гарчээ. Мөн тодорхой хэсэг нь цөөн тоогоор ажиллаж болох ажлын байрыг нээснээр 200 мянган ажлын байрыг нээх боломжтой юм байна.

Цар тахлын нөлөөгөөр Монголбанк мөнгөний бодлогын хүүг өмнө нь хоёр хувиар бууруулахад арилжааны банкуудын зээл нэг их наядаар хумигджээ. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарласнаас хойш өнгөрсөн арван сарын хугацаанд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн 75 хувь нь арилжааны банкуудаас зээл авч чадаагүй тул мөнгөний бодлогын хүүг бууруулсан ч үр дүнгээ өгөөгүй байна.

МҮХАҮТ-аас цахим судалгааны дүнг танилцуулах үеэр хөл хорионы үед аж ахуй нэгж, иргэдэд үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаарх сэтгүүлчдийн асуултад дараах тодруулгыг өглөө.

АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨР, ЦАГДАА ОРОЛЦВОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРНЭ

-Хувиараа бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх тогтвортой байдлыг нь хангахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Цар тахлаас өмнө хувиараа бизнес эрхлэгчидтэй холбоотой судалгаа байгаагүй. Хөл хорио анх тогтоох үед аж ахуй нэгжүүдэд судалгааг хийж байсан. Хөл хорионы үед бусад улс орнуудын туршлагыг бизнесийн төрөл, салбаруудыг ангилж, хамгийн их эрсдэлд өртөх магадлалтай, олон жижиг ажлын байруудыг бий болгодог жижиг нэгж болох бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлдэг. Зээл болон хүүгээс чөлөөлөх гэх мэт. Тэгэхээр бизнес эрхлэгчид жижиг дунд хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Өдрийн орлого, зээлтэй иргэдэд хөл хорио хүнд тусч байна.

 -Төв банк  мөнгөний бодлогын хүүг хэдэн хувиар бууруулж байж аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг болох вэ?

-Төв банк  мөнгөний бодлогын хүүг нийт дөрвөн хувиар буурууллаа. Гэвч  өмнөх хоёр хувийн бууралт үр дүнгээ өгөөгүй. Арилжааны банкууд бизнес эрхлэгчдэд зээл өгөхөөс болгоомжилсон нь нөлөөлсөн. Өнгөрсөн тавдугаар сарын судалгаагаар аж ахуй нэгжүүдийн 75 хувь нь арилжааны банкуудаас бизнесийн зээл хүссэн ч авч чадаагүй. Арилжааны банкууд эрсдэлээ тооцож зээл олгоогүй. Иймд зээлийн батлан даалтын санд төрийн оролцоо хэрэгтэй. Бусад улс орнуудын жишгийг харахад бизнес эрхлэгчдэд төр итгэл үзүүлдэг. Эсрэгээрээ уг асуудал Монголд орхигдсон байдаг. Тиймээс бизнес эрхлэгчид зээл авч чадаагүй, арилжааны банкууд нь эрсдэлээ тооцсон. Цаашид Монгол банк, Засгийн газар хамтран бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Хөл хорионы үед нийгмийн даатгалын шимтгэлээс   аж ахуй нэгж, татвар төлөгчдийг бүрэн чөлөөлөх ёстой юу. Эсвэл хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй юу?

-Компаниудын хувьд ажилчдын цалин, даатгал томоохон зардал болно. Мэдээж хөл хорионы улмаас үйл ажиллагаа хүндэрсэн аргагүй нөхцөлд энэ асуудлыг ярих хэрэгтэй. Гэхдээ аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлага байна. Мөн НӨАТ-ын 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулснаар бизнес эрхлэгчид татварыг нуун дарагдуулах, аж ахуй нэгжүүдэд ирэх дарамт  багасна. Орлогынхоо  10 хувийг НӨАТ-д төлнө гэдэг нь өөрөө маш их дарамт юм. Хэрэв НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгосноор аж ахуй нэгжүүд татвараа нуун дарагдуулах ч шаардлагагүй.

-Хөл хориог цаашид 14 хоногоор сунгавал хэчнээн хүн ажлын байраа алдаж, орлогогүй болох вэ?

– Өнөөдрийн байдлаар нийт судалгаанд оролцогчдын 25 хувь нь ажилчдаа чөлөөлсөн. Мөн 3000 гаруй компани 7600 хүнийг халжээ. Энэ хугацаанд 150 мянган хүн цалингаа авч чадахгүй байна. Хэрэв хөл хорио үргэлжилбэл цалингаа авч чадахгүй хүний тоо 430 мянга болж өснө. Одоогоор 54 хувь нь огт орлогогүй байна. Энэ байдал хөл хориог сунгасан үед  нэг сарын дотор 60 болж өсөх тооцоо байна. Хэдийгээр нийт 90 мянган аж ахуй нэгжийн тухай ярьж буй асуудал ч цаана нь иргэдийн амьдрал хөндөгдөж байна. Цаашилбал, төрийн албан хаагчдын цалин, улсын төсвийн асуудал ч нягт холбоотой. Тэгэхээр гинжин хэлхээс тасрах гээд байна.

-Эдийн засгаа дэмжихийн тулд валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагтай гэдгийг хэлж байна. Хөл хорионы үед том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай юу?

-Энэ цаг үед экспортын орлогоо алдахгүй байх ёстой. Ноос ноолуурын салбар, бусад экспорт зогссон. Хүнсний ургамал, ноос ноолуурын экспортыг нээснээр бид  экспортын орлогоо нээнэ.  Хөл хорионы үеэр төр, хувийн хэвшил, иргэд нь тус тусдаа мэт ажиглагдаж байна. Угтаа бол бүхэлдээ нэгдэж байж хямралыг даван туулна. Том төслүүдээ хөдөлгөж, гаднын хөрөнгө оруулагчдыг татсанаар бид эдийн засгаа тэлнэ. Бидний тооцооллоор таван жилийн дотор ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой. Ноос ноолуур, усан хангамж, эрчим хүч зэрэг таван салбарыг дэмжснээр эдийн засагт өгөөжөө өгнө.

-Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн бүрт нэг сая төгрөг олгох санал гаргасан ч Засгийн газар дэмжээгүй. Ингэхдээ 200 мянган төгрөг бэлнээр, 800 мянган төгрөгийг бараа худалдан авах байдлаар иргэдэд олгосноор худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж тооцсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон тэг зогсолт 14 хоногоос дээш үргэлжилбэл иргэдэд зайлшгүй нэг сая төгрөг олгох ёстой. Одоогоор нийт 850 мянга гаруй ажлын байр зогссон байна. Энэ хэрээр хүмүүс ажилгүй байна. Хөл хориог сунгахаар болбол иргэн бүрт мөнгө өгөх хэрэгтэй.

-Хүнсний салбарын үйлдвэрлэл хэвийн ч түүхийн эдийн нийлүүлэлт зогссон гэх мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Ажлын байрыг үе шаттайгаар нээх ёстой. Ялангуяа, уул уурхайн бус экспортоо нээх хэрэгтэй. Тухайлбал, ноос ноолуурын экспортыг хааснаар гадаадын улс орнуудад гэрээний торгууль төлөх гэх мэт маш олон асуудал яригдна шүү дээ.

-Судалгаанд хамрагдсан  3000 гаруй аж ахуй нэгжийн  тухайд өндөр орлоготой байна. Гэтэл бага орлоготой аж ахуй нэгжүүд ч бас хүндхэн байдалд байгаа. Энэ талаар судалгаа бий юу?

-Судалгаанд оролцсон аж ахуй нэгжүүдийн 41 хувь нь 100 сая хүртэл орлоготой.  Үүнд, бага орлоготой аж ахуй нэгжүүд хамрагсдан. Тухайлбал, 13 хувь нь 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгчид, барилгын салбар есөн хувь буюу 300 компани, дотоод худалдааны 11 салбар судалгаанд оролцсон. Нийт ажиллагсдын 54 хувь нь 19 хүртэлх тооны ажилтантай. Бид бүх талын төлөөллүүдийг судалгаанд оролцуулсан. Цаашид хөл хориог сулруулж, эрүүл мэнд сахилга батаа баримталж, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Бизнес эрхлэгч 90 мянга аж ахуй нэгжийн удирдлагууд ажилтнууддаа зай барих, маск зүүх, агааржуулалтаа шийдэх замаар ажиллах боломжтой. Хэрэв эрүүл мэнд, сахилга баттай байж чадахгүй, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд  төр, цагдаа оролцвол хүнд нөхцөл байдал үүснэ.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж