Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, зорчигчдыг зай бариулах, автобус хоорондын хугацааг ойртуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхтэй холбоотой өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлт, хэрэгжилтийг шалгалаа.
Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд өгсөн дээрх үүрэг даалгаврын биелэлтийг хэрхэн хангаж буй талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Автобусаар зорчиж буй иргэдийг 1.5 метрийн зайтай суулгахад анхаарч ажиллаж байна. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг рейс бүрийн эцсийн болон дундын буудал дээр өдөр бүр хийж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийх, хүн хоорондын зай бариулах нь маш чухал. Үүнийг Ч.Сайханбаяр дарга өдөр бүр чанд мөрдүүлж ажиллаарай” хэмээв. Мөн автобусны буудал дээр хөл хорионы үеийн дэглэмийг сахиулж буй цагдаагийн алба хаагчдад хандан “Цаг үеийн онцгой нөхцөлд өрх айл бүрт ямар ч асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Энэ үед төр иргэн хоёрын ойлголцол сайн байснаар асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэнэ. Тиймээс иргэдийг цагдаж, хөл хорихоос илүүтэй нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь чухал юм” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зөвлөлөө.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс