Дэлхийн хөлбөмбөгийн нэгэн цаг үеийг эзэрхийлэн төрсөн Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона орон нутгийн цагаар өчигдөр/2020.11.25/ 60 насандаа зүрхний шигдээсээр таалал төгслөө. Түүний үхэлд дэлхийн хөлбөмбөгийн одууд ээлж дараалан хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлсээр байна.
Дэлхийн гурван удаагийн аварга, Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле:
-Өнөөдөр гунигтай мэдээтэй. Би дотны найзаа, дэлхийн хөлбөмбөг домгоо алдлаа. Түүний талаар хэлэх зүйл үнэхээр их байгаа ч одоо бурхан тэдний гэр бүлд энэ бүхнийг даван гарах хүч хайрлаасай. Нэг л өдөр, бид тэнгэр дээр хамтдаа хөлбөмбөг тоглоно гэж би итгэж байна.
Дэлхийн зургаан удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси:
-Аргентинчууд болон дэлхийн хөлбөмбөгт үнэхээр гунигтай өдөр тохиож байна. Тэр биднийг орхин явж байгаа мэт боловч тэгээгүй ээ. Учир нь Диего бол мөнх. Би түүнтэй хамт өнгөрүүлсэн гайхалтай мөч бүрээ дурсан санах болно. Түүний гэр бүл, найзуудад нь эмгэнэл илэрхийлье. Тайван нойрсоорой.
Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо:
-Өнөөдөр би найздаа, дэлхий мөнхийн суут хүндээ баяртай гэж хэлж байна. Тэр бол бүх цаг үеийн шилдгүүдийн нэг. Хосгүй шидтэн. Тэр биднийг дэндүү эрт орхилоо. Гэхдээ тэр өөрийн өвийг, хэзээ ч нөхөгдөхгүй орон зайг үлдээлээ. Тайван нойрсдоо, домог минь. Чамайг хэзээ ч мартахгүй.
2005 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдино:
-Түүний гэр бүл, энэ суут хүнийг хайрладаг хүн бүрт эмгэнэл илэрхийлье. Миний найз, миний шүтээн, миний 10 дугаар. Хамтдаа тоглосон тоглолт, өнгөрүүлсэн оройн зоог бүрт дурсамж үлдээсэнд баярлалаа. Бидний харилцаа үргэлж онцгой байсан. Би таныг биширч, тантай талбай дээр хамт байж, таны агуу гэдгийг мэдэрч байсан энэ бүхнээ дурсан санах болно. Тамирчин байхдаа танаас урам зориг авдаг байлаа. Тантай уулзаад, талбай дээр хамт тоглосон тэр үдэш бол миний амьдралын хамгийн гайхалтай үдэш байсан. Би тэр үдэш талбай дээр шүтэнтэйгээ хамт зогсч байсан. Тайван нойрсоорой, шүтээн минь. Бид танд хайртай. Шидтэнүүдийн шидтэн. Мөнх оршиг.
Хөлбөмбөгийн домог Дэвид Бекхэм:
-Аргентин болон дэлхийн хөлбөмбөгт гунигтай өдөр тохиож байна. Түүний бидэнд бэлэглэсэн агуу бүхнийг дурсан санах хэрэгтэй. Тэр бол хүсэл эрмэлзэл, сүнсээрээ тоглодог суут нэгэн байсан. Би үргэлж Диеготой уулзахдаа догдолдог байлаа. Таныг бид санах болно. Тайван нойрсоорой.
Дэлхийн аварга Килиан Мбаппе:
-Тайван нойрсдоо, домог минь. Та хөлбөмбөгийн түүхэнд үүрд үлдэх болно. Бүхэл дэлхийд өгсөн таашаалд тань баярлалаа. 2020 оныг хараал идээсэй.
Английн хөлбөмбөгийн домог Гари Линекер:
-Аргентины хэвлэлүүд Диего Армандо Марадонаг таалал төгссөн талаарх мэдээлэл гаргажээ. Тэр миний үеийн болон бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин маргаангүй мөн. Хар бараан амьдрал туулсан ч тэрбээр эцэст нь ухаарч сайхан амьдарч байлаа. Түүнийг бурхны гарт тайвшрал олно гэж гэдэгт итгэлтэй байна. Тайван нойрсдоо, Диего.
Англи болон Ливерпүүл багийн домог Жэйми Каррагер:
-Мексикт зохион байгуулагдсан дэлхийн аваргаар найман настай би Диего Марадонаг зурагтаар харж байснаа хэзээ ч мартахгүй. Тэр дэлхийн аваргаас хойш өнөөг хүртэл би түүн шиг тоглогчийг харсангүй. Үнэхээр гунигтай мэдээ байна.
Мэргэжлийн боксын домог Майк Тайсон:
-Бурхны гар, Марадонаг биднийг орхилоо. 1986 онд бид хоёулаа дэлхийн аварга болж байлаа. Хүмүүс биднийг үргэлж харьцуулдаг байсан. Тэр миний баатар, дотны найз байлаа. Би түүнийг үнэхээр их хүндэлдэг байсан. Түүнийг үргэлж дурсан санах болно.
Манчестер Юнайтед багийн домог Рио Фердинанд:
-Миний хөлбөмбөгийн анхны баатар. Тун цөөн хүн л түүн шиг хөлбөмбөгт нөлөө үзүүлсэн. Хамгийн агуу нь, хамгийн шилдэг нь, уран бүтээлч, эр хүн, лидер, ялагч. Миний хөлбөмбөг тоглох болсон шалтгаануудын нэг. Тайван нойрсдоо, Диего Марадона.
Яг одоо Италийн Наплес хотод Диего Марадонаг хүндэтгэн хэдэн мянган хүн Наполи багийн цэнгэлдэхийн үүдэнд цуглаад байна. Тэд цэнгэлдэхийн нэрийг “Диего Марадона” болгохыг багийнхаа удирдлагуудаас хүсч байгаа аж. Диего Марадона Наполи багийн төлөө 259 тоглолтонд оролцож 115 гоол оруулсан тус багийн домог нь байсан юм. Түүний ачаар л Наполи баг Сериэ-А лигт хоёр, УЕФА Цомтой багуудын цом нэг, Италийн Супер цомд нэг, Италийн цомд нэг удаа тус тус түрүүлж байжээ. Мөн Аргентин улсад гурван хоног үндэсний хэмжээнд гашуудал зарлажээ.