Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Covid-19 халдварыг илрүүлэх сайн дурын шинжилгээг энэ сарын 17-ноос авч эхэлсэн. Гэвч иргэд цахим орчинд цөөнгүй гомдол саналыг хэлж байгаа юм. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандсан иргэд шинжилгээнээс өөр эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байх, олон хүн цуглаж бөөгнөрсөн, шинжилгээндээ цагтаа хамрагдаж чадахгүй байна зэрэг шүүмжлэл ихээр иржээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн төвүүд болон өрхийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, бэлэн байдалд хяналт тавихад халуун хэмжигч алдаа заасан, хүний бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зайг баримтлах зохицуулалт хийгээгүй зэрэг цөөнгүй зөрчил дутагдал илэрчээ.
Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийт 176 эрүүл мэндийн байгууллагад шалгалт явуулжээ. Үүнийг задалбал, түргэвчилсэн оношилгооны 57 цэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв нийт 118 байгууллага хамрагджээ. Хяналт шалгалтаар эрүүл мэндийн төвүүдэд дараах зөрчил дутагдлууд нийтлэг илэрчээ.
- Өрхийн эрүүл мэндийн зарим төвийн тусгаарлах байр нь гадагш гарсан хаалгагүй,
- Тусгаарлах өрөөнд гурван бүс тогтоогоогүй,
- Нэмэлт механик агааржуулалтын системгүй,
- Сэжигтэй болон тусгаарласан хүнийг усанд орох нөхцөлөөр хангаагүй,
- Эмнэлгийн угтах үйлчилгээнд үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж байгаа боловч бүртгэл хөтлөөгүй, биеийн халууныг үзэж буй халуун хэмжигч нь алдаатай зааж байсан
- covid-19 халдварын үед хэрэглэгдэх вирусын эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийн бүрдүүлэлт хангалтгүй
- Вирусын эсрэг эмийн нөөц бүрдүүлээгүй
- Эмнэлгийн эм хадгалах өрөөний дулаан, чийгшил шаардлага хангахгүй
- Тусгаарлах өрөө нь суултуургүй
- Хүний бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зайг баримтлах зохицуулалт хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Иймд, дээрх зөрчлүүдийг богино хугацаанд арилгах үүргийг улсын байцаагчид өгчээ. Мөн нэр бүхий эмнэлэгт улсын бүртгэлд бүртгэгдээгүй халдваргүйтгэлийн бодис хэрэглэсэн, хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалсан зөрчлийг арилгуулсан байна. Тиймээс иргэд covid-19 илрүүлэх сайн дурын шинжилгээнд хамрагдахдаа утсаар болон цахимаар цаг авах, зай барих, амны хаалт зүүж халдвар хамгааллын дэглэм баримтлахыг холбогдох албаны хүмүүс зөвлөв.
Б.ЦЭЦЭГ