Өмнөговь аймагт хилийн бүсэд ажиллаж буй мянга гаруй тээврийн жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр явуулын шинжилгээний зургаан баг эхний ээлжинд эдгээр жолооч нараас шинжилгээ авчээ. Цаашид бүх жолооч нараас PCR шинжилгээ авах юм. Экспортын гол бүс нутаг болох Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд covid-19 халдвараас сэргийлж, ногоон бүс байгуулахад Эрүүл мэндийн яам, ЗӨСҮТ-өөс холбогдох арга хэмжээг зохион байгуулж буй. Мөн аймгийн Онцгой комисс болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн яамтай хамтран ажиллаж байгаа юм.
Манай улсад дотоодод covid-19 халдвар бүртгэгдсэн тул Хятадын тал нүүрс тээврийн жолоочдыг хил нэвтрэх үед шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа аж. Тиймээс УОК-ын даргын тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ