Андлалын өргөө зэрэг барилгын төсвийг царцааж, ААН-үүдээ дэмжье

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Андлалын өргөө зэрэг барилгын төсвийг царцааж, ААН-үүдээ дэмжье

Андлалын өргөө зэрэг барилгын төсвийг царцааж, ААН-үүдээ дэмжье

Өгье гэвэл ганцаасаа гэж… Монголын төр Covid-19 цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулъя гэвэл 2021 оны төсөвт тодотгол хийж, Андлалын өргөө зэрэг барилгын төсвийг царцаан хэмнэгдсэн мөнгөөр нь ажлын байраа хадгалж буй хувийн хэвшлүүдийнхээ татвар, нийгмийн даатгалын шимтгэлд хөнгөлөлт үзүүлбэл жинхэнэ бодит дэмжлэг болохоор байна.

Учир нь Засгийн газраас цар тахлыг даван туулахтай холбогдуулан 23 арга хэмжээ хэрэгжүүлэх болсноо зарласан ч хувийн хэвшлийг дэмжих зохицуулалт байхгүй.

Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод иргэн, аж ахуй нэгжийн зээлийг хүүгийнх нь хамт хойшлуулах даалгавар өгсөн ч ипотекиос бусад төрлийн зээлийн хүүг хойшлуулах боломжгүй тухай яригдаж буй.  Шалтгаан нь банкууд өөрийн эх үүсвэрээр арилжааны болон цалингийн зээл олгосон тул үндсэн зээлээ хойшлуулж болно, харин хүүг төлөх ёстой гэсэн шаардлага тавьж буй юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2020.11.24/ 2021 оны төсөвт тодотгол хийх хугацаа болоогүй гэх тайлбар хийнэ билээ. Цар тахал нүүрлэчихээд байхад их л бүдүүн зүрх гаргаж буй юм шүү.

Харин энэ сиймхийг нь төсөв ерөнхийлөн захирагч нар нь ашиглаад татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулж, холион бантан хутгах бол, бодохоос ч жихүүдэс төрүүлэх.

Ойрхоны жишээ татвал,  Баян-Өлгий аймгийнхан “Төсөв хүрэлцэхгүй хэцүү байна” гэх зовлон тоочиж суусан хэрнээ улсын наадамд тав давж, начин цолны болзол хангасан Нурланы Мустафад байр авч өгөх тендер зарлаж бужигнуулсан. Хадгаламжийн даатгалын корпорацын захирал Х.Бум-Эрдэнэ спорт заал авч тоглоход 14.8 сая төгрөг төсвөөс зарцуулсан гээд тоочвол тодотгол хийхгүй цаг алдахын цаад талд хурган дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр “гараа угааж” наргидаг олон жишээ бийг санах учиртай.

Тиймээс ч эдийн засагчид 2021 оны төсвийг яаралтай тодотгон, Covid-19 цар тахлыг сөрөх төсөв батлахыг сануулах болсон. Нөгөө талдаа төсвийг хэт өөдрөг баталсан  нь эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа юм.

Учир нь УИХ –аар 2021 оны төсвийг хэлэлцэж байх үеэр сөрөг хүчний зарим гишүүн хөрөнгийн зардалд нийт 3 их наяд 498.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 1 их наяд 390.4 тэрбум төгрөгийг барилга байгууламж, 83.4 тэрбум  төгрөгийг их засварт, 140.0 тэрбум  төгрөгийг тоног төхөөрөмж бэлтгэхэд, бусад хөрөнгөд 104.1 тэрбум, стратегийн нөөц хөрөнгө бэлтгэхэд 15.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байгааг эргэн харах шаардлагатайг сануулсан.

Мөн Үндэсний аудитын газар шинээр хэрэгжүүлэх 55 барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхааруулсан.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  “Улсын төсвийн зарлагын 74 хувийг урсгал зардал эзэлж байна. Тиймээс урсгал зардлыг бууруулж, татвар  төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах.

Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд улсаас татаас өгдгийг болиулах, улсын төсвийг улстөрчид нэр нөлөөгөө өсгөх бодлого болгож ашиглахыг хориглох. Аудитын байгууллагаас  эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагаас бусад байгууллагын урсгал зардлыг 20 хувиар танах дүгнэлт гаргасныг хэрэгжүүлэх, 149 төсөл арга хэмжээг царцаах, ингэснээр 405 тэрбум төгрөг төсвөөс суллах боломж байна хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Гэвч УИХ-д хэт олонхийг бүрдүүлж буй МАН-ынхан ер тоогоогүй. Харин Covid-19 цар тахал дотоодод алдагдаж, 2021 оны төсвийг цахимаар батлахаас аргагүй болох үед “2021 оны төсвийг хэт өөдрөгөөр төлөвлөсөн. Цаг алдалгүй өөрчлөхгүй бол хэцүүднэ” гэж ам, амандаа шуугилдсан ч маргааш нь мартаж, одоо бол Сангийн сайд нь “Тодотгол хийх болоогүй” гэж цамнаж байна.

Хэнтий аймагт баригдсан Андлалын өргөө нэртэй шавар барилга, Чингис хааны музей нэртэй дотор нь тавих үзмэргүй барилга, соёлын төв, Засаг даргын Тамгын газрын байр барихад зарцуулах хөрөнгө оруулалтыг нэг жилээр царцаахад Монгол сүйрчихгүй.

Харин 1 сая орчим иргэнийг ажлын байртай нь үлдээхийн төлөө чардаж буй хувийн хэвшлээ төр алдвал Монгол хамгийн том хохирол амсана. Хэн татвар бүрдүүлж, хэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, халамжийг “босгож”, хэн  төрийн албан хаагчдын цалинг тань бүрдүүлэх вэ, Сангийн сайд аа.

Сайн бод…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж