Байнгын хороо гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Байнгын хороо гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг дэмжив

Байнгын хороо гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг дэмжив

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2020.11.25/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль, гааль, НӨАТ-аас чөлөөлөх болон Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавьсан хяналтын талаар хэлэлцлээ.  Хуралдааны эхэнд  "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар болов.

Мөн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн гааль, НӨАТ-аас чөлөөлөх төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Үүсээд байгаа нөхцөл байдал нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байгааг танилцуулгын эхэнд дурдаад дэлхийн зах зээлд цагаан будаа болон ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. ДЭМБ-аас цар тахлын үргэлжлэх хугацаа, үр дагаварыг тодорхойлох боломжгүй талаар мэдэгдэж байгаа юм байна. Халдварын тархалт нэмэгдсэн орнуудад хөл хорио тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Иймд цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарсан хэмээн үзсэн байна. Коронавируст халдварын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ. Түүнчлэн Гаалийн албан татвараас челөөлөх бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос, өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхлэн 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна.  Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан”-г сонслоо. Тус аудитад улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 266 байгууллага, аймаг нийслэлийн 22 төслийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 4087 байгууллага буюу нийт 4352 байгууллагыг түүвэрлэн шилэн дансны нэгдсэн системд байршуулсан мэдээллийг төсөв, санхүүгийн холбогдох баримт, нотлох зүйлстэй тулган шалгах горимыг хэрэгжүүлжээ. Бусад 1458 байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн дотоод хяналтын дүн мэдээ болон шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд үндэслэн гүйцэтгэсэн байна. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар; хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамаардаг юм. Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг, үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа гэв. Аудитад 6463-ыг нь хамруулжээ.

Ингээд Аудитын газраас

Монгол Улсын Ерөнхий сайдад,

  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 154 дүгээр захирамжаар байгуулсан Шилэн дансны тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх,
  • Энэхүү тайлангийн хавсралт 2-т тусгасан өмнөх аудитуудаар өгөгдсөн  өвлөмжийн дагуу холбогдох хууль, журмыг боловсронгуй болгох арга хэмжээ авах
  • ТЕЗ-дад холбогдох мэдээллийг ШДНЦХ-т хуульд заасан хугацаанд иж бүрэн мэдээлдэг байх чиглэл зөвлөмж хүргүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах.

Сангийн сайдад:

  • Сангийн яамны ТНБД-ын 2018 оны А/210 дугаар тушаалаар байгуулсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах,
  • Дэд ажлын хэсэгт энэхүү тайлангийн 2 дугаар хавсралтад тусгасан зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэл өгч, биелэлтийг хангуулах
  • Шилэн дансны мэдээлэл ил тод байршуулах хуулийн хугацааг хянах боломжтой байдлаар системийн хөгжүүлэлтийг боловсронгуй болгох
  • Шилэн дансан дахь татан буугдсан, давхар цэс үүсгэгдсэн байгууллагуудын нэгдсэн судалгааг гарган холбогдох цэс дэх мэдээллийг тухай бүр шинэчилж ажиллах зэрэг зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж