Дэлхийн видео тоглоомын шилдэг компаниудын нэг EA Sports болон хөлбөмбөгийн нэртэй тамирчин АС Милан багийн довтлогч Златан Ибрахимович нарын хооронд үл ойлголцол үүсчээ. Тодруулбал, EA Sports компанийн хөгжүүлж, худалдаанд гаргадаг хөлбөмбөгийн видео тоглоом болох FIFA цувралд Златан Ибрахимовичийн нэр болон царай төрхийг хууль бусаар ашигласан гэж Швед хөлбөмбөгчин үзэж байна.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Хэн FIFA EA Sport компанид миний нэр, царай төрхийг ашиглахыг зөвшөөрсөн юм бэ? Би Fifpro-ийн гишүүн эсэхээ мэдэхгүй байна. Хэрэв би гишүүн нь бол надад мэдэгдэхгүйгээр гишүүн болгосон байна. Би хэзээ ч FIFA болон Fifpro-г намайг ашиглаж мөнгө олохыг нь зөвшөөрөхгүй. Энэ олон жил хэн нэгэн надад мэдэгдэхгүйгээр миний нэр, царай төрхийг ашиглаж мөнгө олж байсан байна. Одоо л мөрдлөг хийх цаг” хэмээн жиргэжээ.
Түүний энэхүү саналыг Тоттенхэм Хотспур багийн од тоглогч Гарет Бэйл дэмжиж, өөрийн твиттер хуудаснаа “Златан сонирхол татаж байна. Fifpro гэж юу юм бэ? Мөрдлөг хийх цаг ирлээ” хэмээн жиргэсэн байна.
FIFpro гэдэг нь олон улсын мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчдын холбоо гэсэн үг юм. Энэхүү холбоонд дэлхийн 63 улсын 65000 гаруй хөлбөмбөгчид гишүүнээр элсчээ.
EA Sports компанийн хувьд дээрхи хоёр хөлбөмбөгчний багууд болох АС Милан, Тоттенхэм Хотспур багуудтай олон жилийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнийхээ хүрээнд тус багуудын тамирчид, цэнгэлдэх, өмсгөлийг өөрсдийн видео тоглоомонд ашиглах эрхтэй аж.
Гарет Бэйлийн хувьд Испанийн Реал Мадрид багт байхдаа FIFA тоглоомын нүүр царай болж байсан бол EA Sports компанийн зүгээс АС Милан багтай байгуулсан гэрээнийхээ хүрээнд Златаны нэр , царай төрхийг ашиглаж болно гэж боджээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA болон FIFpro нар EA sports компанитай 2022 оны дуустал гэрээ байгуулсан гэнэ.
Ямар ч байсан Златан Ибрахимовичийн дэгдээсэн энэхүү давалгаанд мянга гаруй хөлбөмбөгчид нэгдэж, EA Sports компанийн эсрэг гомдол гаргах шинжтэй байна.
Саяхан гэхэд л хөлбөмбөгийн домогт тамирчин Дэвид Бекхэм EA Sports болон FIFA тоглоомтой долоо хоногийн 230 мянган фунтын гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээний хүрээнд Дэвид Бекхэмийн царай төрх, нэрийг EA Sports ашиглаж FIFA видео тоглоомонд оруулах гэнэ.
Холбоотой мэдээ