НЭМЭЛТ:
Улсын онцгой комисс өнөөдөр /2020.11.25/ хуралдаж, Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нутаг буцаах шийдвэр гаргажээ. Ингэхдээ Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцжээ. Мөн хуралдаанаар хөл хорионоос үүдэж, нийслэлд "гацаад" байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл сонссон байна. Ингэхдээ нутаг буцах иргэдээс PCR-ын шинжилгээг бөөгнөрөл үүсгэхгүй авах, шинжилгээний нэмэлт цэг байгуулах бэлтгэлээ бүрэн хангах, иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч байх зорилгоор хөгжүүлсэн гурван аппликейшнийг нэгтгэн, нэг болгож арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлэхээр болжээ. Аппликейшн нэвтрүүлснээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд QR код уншуулан халдвар гарсан байршил, ойрын болон дам хавьталд өртсөн эсэх зэрэг мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм.
Цар тахлын нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, гарах шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа үндэслэл, тооцоо, судалгаатай боловсруулж ирүүлэхийг комиссын гишүүд, нийслэл, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгасан байна. Энэ долоо хоногт багтаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Гамшигтай тэмцэх тухай хууль, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, Улсын онцгой комиссын хурлуудаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар комиссын гишүүдэд үүрэг болгосон байна.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах, бэлэн байдлын зэргийг бууруулах эсэх талаар энэ хурлаар хэлэлцээгүй аж.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
Улсын онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Уг хурлаар Covid-19 халдварын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтад ороод буй иргэдийг буцаах тухай, иргэдийг Covid-19 цар тахлаас сэргийлэх тухай, хяналтын IT систем зэрэг асуудлыг хэлэлцэж буй аж.
Одоогоор Улсын онцгой комисс дээр хөл хориог сунгах эсэхтэй холбоотой асуудлыг яриагүй. Эрсдэлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ долоо хоногийн сүүлээр шийдвэр гаргана гэх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс өгөөд байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ