Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой сэтгүүлчдийн асуултад Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар дараах хариулт өглөө.
-Төмөр замын зохион байгуулсан спортын арга хэмжээнд ОХУ-аас иргэд ирж оролцсон. Түүнээс болж, Covid-19 цар тахал дотоодод алдагдсан байж болзошгүй гэх хардлага байна. Энэ асуултад хариулт өгөөч?
А.Амбасэлмаа: -Миний ярьсан зүйлийг хэт гуйвуулж байна. Төмөр замчдын тэмцээнд төмөр замд ажилладаг орос хүн орсон. Тухайн иргэн нь Монголд байнгын оршин суух эрхтэй. Өчигдрийн мэдээллийн үеэр би ОХУ-аас ирж тэмцээнд оролцсон гэж огт хэлээгүй.
-Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй нэг хүний зардал дунджаар найман сая төгрөг болж буйг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн. Гэтэл үүнээс өмнө Эрүүл мэндийн яамнаас нэг өвчтөний эмчилгээний зардалд 300-800 мянган төгрөг зарцуулж байгааг хэлсэн. Тэгэхээр халдвар авсан өвчтөнийг эмчлэхэд яг хэдэн төгрөг шаардагдаж байгаа вэ?
-Д.Нарангэрэл: Эмчилгээний зардлыг хоёр утгаар нь та бүхэн ойлгох хэрэгтэй. Зөвхөн эмийн зардалд дээрх дурдсан/300-800 мянган төгрөг/ тоон мэдээллүүд орж байгаа юм. Эмийн зардлын тухайд харилцан адилгүй дүнтэй байгаа. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан зарим өвчтөнд 260-300 мянган төгрөгийн эм зарцуулагддаг. Мөн зарим өвчтөнд 800 мянган төгрөгийн эм зарцуулж байна.
Нөгөө талаас найман сая төгрөг бол нэг өвчтөнд зарцуулж буй өртгийн тооцоолол юм. Үүнд эмийн зардал болон PCR шинжилгээний урвалж оношлуурын зардлууд /нэг өвчтөнд дунджаар 4-5 удаа PCR шинжилгээ хийдэг/, эмч сувилагчдын хамгаалах хэрэгслийн хувцас /нэг өвчтөнд эмч, сувилагч дунджаар өдөрт 2-3 удаа орох бүртээ хамгаалах хэрэгслийн хувцсыг сольдог/, эмч сувилагчийн 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах болон тусгаарлагдаж буй зардал зэрэг багтаж байгаа юм.
-Монгол эрдэмтдийн бүтээсэн түргэвчилсэн оношлуурыг ХӨСҮТ-д ашиглаж эхэлж гэдэг үнэн үү. Энэ оношлуур 10 вирус байсан ч тоолж чаддаг гэсэн мэдээлэл байгаа. Иймд цаашид дэлхийн зах зээлээс 2-3 дахин хямд өртөгтэй Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг бүх лабораторид ашиглах талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Манай улсад 2-3 төрлийн түргэвчилсэн оношлуурыг бүтээж байгаа. Энэхүү ажилд вирус судлаач Нямбаяр доктор, анагаах ухааны багш нар хамтран судалж түргэвчилсэн оношлуур бүтээж байна. Ялангуяа гадаадад буй эрдэмтэн судлаачид бидэнтэй холбогдож зөвлөгөө өгч тусалж байна. Түргэвчилсэн оношлуурын тухайд Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг ажиллаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж өгнө.
-Уушиг болон амьсгалын замын өвчний оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс шинжилгээ авч буй тухай өмнө нь мэдээлсэн. Эмнэлэг нь эрсдэлтэй орчин учраас халдвар дотоодод тархсан энэ үед эмчлүүлж буй бүх иргэнийг шинжилгээнд хамруулж байгаа юу?
-Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн болон дотоодод иргэдээсээ Covid-19 илрүүлэх шинжилгээг авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдээс бид лабораторийн болон харуулдан тандалтын хоёр аргаар сорьц авч, шинжилгээ хийж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирж буй өвчтөнүүдээс бид түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа. Ерөнхийдөө томуу өвчний байнгын харуулдан тандалтаар ямар насны хүмүүс амьсгалын замын халдварт өвчинд илүү өртөмтгий байна вэ, томуу төст өвчний вирус хаана илүү зонхилж байна вэ зэргийг судалж байгаа.
-БНХАУ-д хөлдөөсөн далайн бүтээгдэхүүнээс Covid-19 халдвар голомтлон тархсан. Тэгэхээр уг вирус хүйтэнд хэдэн градуст устдаг вэ. Мөн халуунд хэр тэсвэртэй вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Covid-19 халдварын талаарх маш олон мэдээлэл бий. Дэлхий дахинд эрдэмтэн, судлаачид өөр, өөрсдийн судалгааны аргаар уг вирусийг тайлбарлаж байгаа юм. БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдсөн сав баглаа бүтээгдэхүүнтэй холбоотой, Австрали улсад гаднаас импортлогдсон сав баглаа бүтээгдэхүүнтэй холбоотойгоор Covid-19 жижиг кластер хэлбэрээр тархсан. Мөн сүүлийн үед захиалгын үйлчилгээтэй холбоотой өвчлөлүүд БНСУ-д гарсан.
Covid-19 агааргүй битүү харанхуй орчинд хамгийн их үржих боломжтой. Мөн дулаан орчин бол хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Бохирдсон орчинд 3-72 цаг амьдрах чадвартай. Энэ ч утгаараа хүйтэнд тэсвэртэй.
Харин манай улсын хувьд Сovid-19 агаарт хөвж, тогтохгүй ч гадаргуу дээр унаж ширээ сандал, хаалганы бариул зэрэгт 3-72 цаг, зарим газар 98 цаг амьдарна гэсэн мэдээлэл, судалгаа бий.
-Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод МАК-ын хоёр ажилтны шинжилгээний хариу эерэг гарч Сovid-19 илэрсэн. Гэвч энэ талаар мэдээлэхгүй байна гэх гомдол бас байгаа юм. Тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?
-А.Амбасэлмаа: Орон нутагт түргэвчилсэн тестээр иргэдэд сорил тавьж байгаа. Хариу нь эерэг гарсан тохиолдолд PCR шинжилгээгээр баталгаажуулж байна. Өмнөговьд PCR шинжилгээгээр хоёр жолоочийн хариу сөрөг гарсан. Бидэнд Сovid-19 халдварын баталгаажсан тохиолдлыг нуух эрх байхгүй. Халдварын голомтыг хумьж, цаашид алдахгүйн тулд маш хурдан зарлах хэрэгтэй. Иймд бид хэзээ ч батлагдсан тохиолдлыг нуухгүй. Тиймээс иргэд хардаж сэрдэх бус батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс байвал бидэнд мэдээлж хамтран ажиллах хэрэгтэй.
–Халдвараар өвдсөн иргэдэд вирусийн хам шинж үлдэх үү. Гадаадын томоохон хэвлэлд нийтэлснээр халдварын хам шинж үлдэх магадлал өндөр гэдгийг эрдэмтэн судлаачид хэлжээ. Энэ талаарх судалгаа байна уу?
-Д.Нарангэрэл: Сүүлийн арван сар дэлхий дахинд эрдэмтэн судлаач нар ярьж байна. Covid-19 халдвараар өвдөж эдгэсэн хүмүүст тодорхой хэмжээний зовиур шаналгаа үүсэх тохиолдол байна. Тухайлбал, толгой өвдөх, хоолонд дургүй болох, мартаж санах, нойр муудах гэх мэт шинж тэмдгүүд тодорхой хугацаанд илэрч байна. Ийм шинж тэмдэг зарим хүнд 20-40 хоног үргэлжилж байна. Мөн уушиганд нь өөрчлөлт бий болсон гэх судалгаанууд гарч байгаа юм.
Монгол эрдэмтдийн тухайд, анагаахын шинжлэх ухааны багш нараар ахлуулсан эмнэлзүйн судалгааны багийнхан ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан болон одоо эмчлүүлж буй хүмүүст эмнэлзүйн судалгааг хийж байгаа. Гэхдээ дээрх шинж тэмдэг өвдсөн хүмүүсийн 5-10 хувьд нь илэрч байгааг анхаарах хэрэгтэй.
-Хөдөө орон нутагт Сovid-19 халдварыг алдлаа гэхэд хүнээс малд халдварлах уу. Мөн хүнээс гэрийн тэжээвэр амьтдад халдах тохиолдол гадаадын улс орнуудад байсан. Үүнд та бүхэн ямар судалгаа хийж байна вэ?
-Сovid-19 халдвар хүнээс амьтанд халдварласан тохиолдлууд бий. Гэрийн тэжээвэр нохой, мууранд халдаж өвдсөн тохиолдол бий. Сүүлийн үед үйлдвэрлэлийн зорилгоор ашиглаж буй фирмүүдэд халдвар илэрч байна. Жишээ нь, булга гэх амьтанд халдвар илэрсэн тохиолдол бий. Манай улсад хүнээс амьтанд халдсан тохиолдол одоогоор бүртгэгдэж, судлагдаагүй. Гэсэн ч гэрийн тэжээвэр амьтдыг мал эмнэлгийн хяналтад байлгах нь зүйтэй. Амьтныг хүнтэй адил амны хаалт зүүлгэх, гадуур салхилуулахдаа 1.5-2 метрийн зай барих хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн хэмжээгээр Сovid-19 халдвартай төстэй суулгах, халуурах, хоолондоо дургүй болох, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл мал эмнэлгийн байгууллагуудад хандахыг Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас зөвлөж байгаа.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ