Covid-19-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр бүртгэгдэж нийслэлд батлагдсан тохиолдол 60 боллоо. Зургаан тохиолдлын нэг нь ойрын хавьтагчийн давтан шинжилгээнээс илэрсэн бол бусад таван тохиолдол нь гэр бүлийн гишүүн, караокед орсон нь батлагдсан тохиолдлын хавьтал юм.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 9-ний 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Арслантай гүүрний баруун хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах "Говь гурван сайхан" караокегоор үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-ийн 80086829 утсаар холбогдох шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Бүртгэгдсэн халдварууд ихэвчлэн голомтлогдсон, хавьтал болсон хүнээсээ халдвар авсан байгаа юм. Эхний батлагдсан халдварын голомт болсон жолооч Д-ийн гэр бүлийн ойрын хавьтлууд болох 15 хүнээс халдвар илэрсэн бол үүнээс улбаатай караокед орсон хүмүүсээс үргэлжлэн халдвар илэрч байна.
Мөн арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци”продакшны тоглолтыг 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд сууж үзсэн хүмүүс буюу
- Аравдугаар эгнээний 29-32, 45-47
- Арваннэгдүгээр эгнээний 39-40
- Арванхоёрдугаар эгнээний 25-26, 35-40, 45-48
- Арвангуравдугаар эгнээний 36-38, 46-48
- Арвандөрөвдүгээр эгнээний 30-34, 39, 46
- Арванзургадугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож, лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Дээрх тоглолтыг үзсэн хүмүүс 92263888, 92268517 дугаарын утсаар холбогдоно уу.
ХАЛДВАРТ ӨВЧИН, ВИРУСИЙГ БУСДАД ХАЛДААСАН БОЛ 1-5 ЖИЛ ХҮРТЭЛХ ХОРИХ ЯЛТАЙ
Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.АМГАЛАН:
Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьтал, дам хавьтал болсон хүмүүсийг цагдаа, тагнуул, эрүүл мэндийн байгууллагаас тогтоогоод өөрт нь мэдэгдсэн бол гэртээ хатуу дэглэм сахих шаардлагатай байна. Нэгдүгээр хавьтал, дам хавьталыг олж тогтоох нь маш их цаг хугацаа шаардаж байна. Халдвар авсан иргэд хавьтал болсон хүмүүс болон явсан газруудаа баримжаалдаггүй, явсан маршрутаа санадаггүй, хэлдэггүй, нуудаг байдлаас болж хавьтлыг олж тогтоох ажил удааширч байна. Цаашид эдгээр хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохоос өөр аргагүйд хүрэх нь. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн бол торгохоос гурван жил хүртэлх хугацаагаар хорих, бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, вирусийг бусдад халдаасан бол 1-5 жил хүртэлх хорих ялын шийтгэлтэй гэж заасан байдаг. Хавьтал болсон хүмүүс сайн дураараа шинжилгээнд ороогүйн улмаас өөрийгөө болон улс орноо аюулд унагах эрсдэлтэй байна.
Э.БУРАМ