АН-ынхан Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэхээ хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

АН-ынхан Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэхээ хэлэлцжээ

АН-ынхан Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэхээ хэлэлцжээ

Covid-19 цар тахал газар авч, бүх нийтийн өндөржүүлсэн хөл хорио тогтоогоод байгаа ч Монголын улс төр үргэлжилдэгээрээ үргэлжилсээр л байна. УИХ цахимаар хуралдаж,  гишүүд нь зургаа сандал дээрээ хэвлэж орхиод алга болсон нь баригдсан, зарим нь цагдаа таниагүйд “хуурай агсам тавьсныг” эс тооцвол жирийн өдрүүдийнхээс илт чимээгүй. Гэвч хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалж намууд том дайнд сэм бэлтгэж байна.

Сүүлийн гурван жил орчим үй зайгүй “үерхэж” явсан улс төр дэх шинэ бүлэглэл задарч, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын өөр хоорондоо тавьсан андлал тасарч, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд тэд өрсөлдөх тухай яриа улс төрийн трэнд сэдэв болжээ.
УИХ-ын хоёр сонгуульд дараалан ялагдаж, гудамжинд чулуу өшиглөж яваа Ардчилсан намынхан наанаа нам гүм байвч, цаанаа институци болж төлөвших үү эсвэл хэн нэгний халаасны компани болж үлдэх үү гэсэн сонголттой нүүр тулсан. Тиймээс ч намын даргаараа хэнийг сонгох, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх талаар тус намын фракциуд хэдийнэ хөдөлгөөнд ороод эхэлсэн гэх. Эх сурвалжийн мэдээлснээр хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын нөлөө бүхий зарим лидер болон зарим нэг залуус нууц цахим зөвлөгөөн хийсэн байна.

Учир нь, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Үндэсний бодлогын хорооны хурал гэнэт зарлаж, Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат энэ үеэр Оюутолгойг шүүмжилсэн илтгэл тавьсан гэх. Ардчилсан нам бол барууны үзэлтэй, Оюутолгой төслийг дэмждэг.

Гэтэл үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Үндэсний бодлогын хороог гэнэт хуралдуулж, зөвлөхөөрөө Оюутолгой төслийг шүүмжлүүлж буй нь Ерөнхийлөгч Х.Баттулга барууны хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байгаагийн илрэл гэж намынхан нь харж, хардаж байна.

Хоёрдугаарт, Оюутолгой болон Дубайн гэрээ хийсэн гэх хэргээр ял авсан Ардчилсан намын гишүүдийг суллахгүй гэсэн  үг, үйлдэл гэх шүүмжлэлийг АН-ын гишүүдээс гаргах болжээ.

Үүний дараа Ц.Туваан дарга аймаг, сумуудын намын дарга нарыг цахимаар хуралдуулж намын дүрмийг хэлэлцэж, өөрчлөх ёстой гэсэн шийдвэр гаргуулсан гэх мэдээлэл байна. Эндээс харвал Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн жилийн өмнө шинэчилсэн намын дүрмээ хүчээр өөрчилж, намын даргаар өөрийн утсан хүүхэлдэйгээ тавих сонирхолтой байгаа бололтой.

Тиймээс Үндэсний бодлогын хорооны зарим гишүүд намын даргаар хэнийг сонгох, ирэх сонгуульд хэнийг намаас нэр дэвшүүлбэл зохилтойг хэлэлцсэн байна. Энэ үеэр хэн нэгний нэр огт яригдаагүй. Харин Монголын ардчилал, хүний эрх, үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсч болзошгүй талаар ярилсан байна. Өөрөөр хэлбэл, ШХАБ-д Монголыг элсүүлэх, Ерөнхийлөгчийн засаглалтай болох, цаазын ялыг сэргээх байр суурийг өнгөрсөн хугацаанд ил тод илэрхийлж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын дотоод ардчиллыг устгах оролдлого хийж, намын дүрмийг хүчээр өөрчлөхөөр оролдож буйд жирийн гишүүд дэмжигчид бухимдаж буй тухай ч яригджээ.

Мөн одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эсэх нь Үндсэн хуулийн маргаантай байгаа, нэр дэвшсэн ч нэр татагдах магадлал өндөр байгаа тул АН-аас нэр дэвшээд ялах магадлалтай, ардчилсан үнэт зүйлд үнэнч кандидатууд хэн байж болохыг иргэдээс санал асуулга авч нэрс гаргахаар тохирсон гэх.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн зодоон намуудын хооронд төдийгүй нам дотроо ч өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам оролцох эрхтэй. Н.Энхбаярын хувьд орон нутгийн сонгуульд Х.Баттулгатай хамтарсан. Гэвч амжилт олоогүй. Харин Хөдөлмөрийн үндэсний нам олон нийтийн дунд санал асуулга явуулж, нэр дэвшигчээ тодруулна гэдгээ аль эрт зарлачихсан. Эрх барьж буй Ардын намын генсек Д.Амарбаясгалан “Үнэн” сонины 100 жилийн ойн баярын дугаарт ярилцлага өгөхдөө зургаан хүний нэр дурдсаны дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр багтсан. Тэгэхээр ирэх Ерөнхийлөгчийн сонгууль цар тахлаас ч илүү шуугиантай, зодоонтой байж мэдэхээр дүр зураг ажиглагдаж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж