"Чадварлаг дизайнерууд комиссын бараа сонгодог" | News.MN

"Чадварлаг дизайнерууд комиссын бараа сонгодог"

FASHION

"Чадварлаг дизайнерууд комиссын бараа сонгодог"

"Чадварлаг дизайнерууд комиссын бараа сонгодог"

Висдом Кайе бол ТикТок орчинд хамгийн бүтээлч, хамгийн загварлаг хувцасладаг залуу гэдгээрээ тун алдартай нэгэн. Хьюстонд амьдардаг 19 настай тэрбээр энэ оны нэгдүгээр сараас эхлэн тус платформд нэгдсэнээр аравхан сарын дотор таван сая орчим дагагчтай болж, нэр хүндтэй IMG моделийн агентлагт хүртэл урилгаар оржээ.

Түүний шүтэн бишрэгчид платформ дээр эхэлсэн бүх л загвартай холбоотой давалгаануудад хамгийн өвөрмөц, шинэлэг санаа дэвшүүлдгийг нь гайхдаг гэнэ. Тэрбээр 30 секундын дотор өөртөө зохих иж бүрэн хувцас сонгох, эможиноос санаа аван төрх бүтээх зэрэг давалгаануудад бусдаас онцгой оролцож, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Тэр байтугай дээд зэрэглэлийн нэр хүндтэй загварын фирмүүд ч түүний хувцаслалтаас санаа аваад эхэлжээ. Мөн Dior, Balmain зэрэг брендүүд түүнд шинэ бичлэг хийхэд нь зориулж гарын бэлэг илгээсэн байна.

Кайег онцгой болгодог нэг хүчин зүйл бол дээр үеийн загвар аж. Тэрбээр орчин үеийн загварын шийдлүүдийг комиссын дэлгүүрээс олсон сонирхолтой хувцаснуудтайгаа нийлүүлэн давтагдашгүй төрх бүтээдэг байна. Кайе ихэвчлэн комиссын хувцасны цахим дэлгүүр Depop-оос хуучин хувцас худалдан авдаг аж. Depop сайт сүүлийн үед зөвхөн Кайе төдийгүй Z үеийнхний дунд тун алдартай болоод буй. Түүгээр зогсохгүй Кайе энэ долоо хоногт Depop-той хамтарч хуучин хувцас худалдаж авах нь түргэн загвараас татгалзах оновчтой арга мөн гэдгийг сурталчлах кампанит ажил эхлүүлжээ.

Тэрбээр байгальд ээлтэй, бас загварлаг амьдрахын тулд хуучин хувцас худалдан авах нь хамгийн оновчтой шийдвэр мөн хэмээн үздэг юм. Тиймдээ ч Кайе Vogue сэтгүүлийн тавьсан асуултуудад ийнхүү хариулж, хуучин хувцас худалдаж авахдаа анхаарах ёстой зүйлсийг зөвлөжээ.

 

-Цахим орчноос хуучин хувцас худалдаж авахдаа юуг хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

-Барааны зургийг маш сайн нягталж харах хэрэгтэй. Хуучин хувцасыг өмнөх эзэн нь хэчнээн ч удаан өмссөн байж магадгүй. Тиймээс та өөрөө худалдаж авбал цаашид хэр удаан өмсөх боломжтойг маш сайн харж, тооцоолох хэрэгтэй. Хэрвээ асуулт байвал нэрэлхэлгүй худалдагчаас нь асуух нь зөв. Цахимаар хуучин хувцас худалдан авахын нэг давуу тал нь та сонирхсон хуучин хувцасныхаа өмнөх эзэнтэй шууд холбогдож болдог нь маш давуу тал.

Сайн хайгуул хийх хэрэгтэй. Хуучин хувцасны бас нэг онцлог нь та тухайн дэлгүүрээс үе үеийн бүх төрлийн загварын хувцаснуудыг олж болно. Жишээлбэл, та хуучин хувцаснууд дундаас 80-аад он, тэр байтугай 60, 70-аад оны гайхмаар загварлаг рок хүрэм олох боломжтой. Сайн хайгуул судалгаа хийснээр энэ их сан дундаас өөрт хамгийн төгс зохих загварыг шинээр олж нээх ч бүрэн боломжтой юм.

-Хүмүүс хуучин хувцас худалдаж авахдаа ямар алдаа түгээмэл гаргадаг вэ?

-Сайн асууж, шалгаж үздэггүй. Үүнээс болоод худалдаж авсан хувцас сэтгэлд нийцэхгүй байх нь элбэг. Тиймээс худалдагчаас нь, боломжтой бол хуучин эзнээс нь асуух зүйлсээ маш сайн асуух хэрэгтэй. Тэгвэл та чухам юу худалдаж авч байгаа талаараа бодит ойлголттой болно шүү дээ.

-Сүүлийн үед та ямар загварт илүү дурлаж байна?

-Би үргэлж л тод өнгөтэй хээ хуарт дуртай байсан. Хувцасыг музейд тавигдсан урлагийн бүтээл, уран зургийн нэг хэсэг шиг харагдахад дуртай.

-Таны комиссын дэлгүүрээс худалдан авч байсан хамгийн гоё хувцас аль нь вэ?

-Миний хамгийн дуртай нь Saint Laurent брендийн 2015 оны намрын цуглуулгын Франц гутал. Ер нь 2015 оны намрын цуглуулгууд надад маш их таалагдаж, би ч боломжоороо цуглуулдаг юм.

-Та энэ өвөл ямар хувцас өмсөхөөр төлөвлөж байна вэ?

-Энэ өвөл шинэ зүйл туршиж үзнэ гэж бодож байгаа. Жишээлбэл, үслэг хүрэм өмсөх бодолтой байна. Миний амьдардаг газарт өвөл тийм ч хүйтэн болдоггүй. Гэхдээ би үслэг хувцас өмсөж үзмээр байна.

-ТикТокын дараагийн загварын давлагаа юу байх бол. Ер нь ТикТок загварын ертөнцөд хэрхэн нөлөөлж байна вэ?

-ТикТок дээрх загварын ертөнцийг залуу үеийнхэн гудамжны загварын сонирхлоороо удирдан чиглүүлж байна. Ихэвчлэн сул, өргөн хувцас, минимал өнгөний зохицол давамгайлж байна. Тийм загвар, төрх бүрдүүлэхэд их мөнгө шаардагддаггүй. Тиймээс ч энгийн загвар сүүлийн үед алдартай болж байгаа байх. Мөн түүнийгээ дагаад илүү олон хүмүүс, тэр дундаа чадварлаг дизайнерууд комиссын хувцас ихээр сонирхох болжээ. Миний бодлоор юунаас ч үл хамааран хүмүүсийн хандлага л загварын ертөнцийн гол хөдөлгөх хүч байсаар байх болно. ТикТок платформ дээр ялангуяа залуучууд байдаг. Залуу хүмүүс бүгд мянган ам.доллараар хүрэм худалдан авч чадахгүй шүү дээ. Гэвч тэд комиссын дэлгүүрээс ижилхэн загвартайг илүү хямдаар олж чадна.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэ хэ хэ 2020-11-25 49.0.212.165

Комисын гуталны үнэр танар ч мөн гоё шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж