Тэрбумын хадгаламжийн хүүгээ л тэглэчих, гишүүд ээ!

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Тэрбумын хадгаламжийн хүүгээ л тэглэчих, гишүүд ээ!

Тэрбумын хадгаламжийн хүүгээ л тэглэчих, гишүүд ээ!

Монголын ард түмэн ядуу ч улстөрчид нь хэмжээлшгүй баян болохыг банкинд хадгалуулсан хадгаламжаас нь харж болно. Мөн хэд нь жинхэнэ мачийж, тэрбумаар тоологдох хадгаламжтай болсон бэ гэдэг шалгуураар шүүвэл тэнцэж үлдэх нь хэд бол… Гэвч хадгаламжийн цэвэр, бохирыг “шүүхээс” өмнө хууль тогтоогчид хадгаламжийн хүүг царцаая, тэглэе гэж ярьдаг болжээ. Тухайлбал, 22 тэрбумын хадгаламжтай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, 4.1 тэрбумын хадгаламжтай Б.Дэлгэрсайхан нар өчигдөр Түр хорооны хурлын үеэр “Хадгаламжийг хүүгүй болгоё, хүүг нь царцаая” гэж попров.

Зээлийн хүүг бууруулах шаардлага байгаа нь үнэн ч хадгаламжийн хүүг тэглэвэл юу болох вэ. Таван цаасны ашиг харж, хадгаламжид хийсэн мөнгөө иргэд татаж эхэлнэ.

Угаасаа УИХ-аар хугацаагүй хадгаламж, харилцах хадгаламжийг хүүгүй болгох асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй. Бүр нэг ард түмнээ дарлаад сурчихсан, хууль тогтоогчид нь өөрсдийгөө тойруулаад л хууль хэлэлцдэгийн жишээ энэ болно, харж л байгаарай. Учир юу вэ гэвэл 10, 20 тэрбумын хадгаламжтай нь улстөрчид. Тиймээс ч боловсруулагдсан хуулийн төсөлд нь өндөр хадгаламжид хүү тогтооё бус, хугацаагүй болоод харилцах хадгаламжид хүү тогтооё гэдэг заалт орсон байх жишээтэй. Харин хугацаагүй хийгээд харилцах хадгаламжийг хэн бүрдүүлдэг вэ. Дунджаас доогуур орлоготой иргэд голчлон бүрдүүлдэг.  Онцгой шаардлага гарсан үед хэрэглэхээр банкинд хадгалуулдаг. Одоо харин хадгаламжийг хүүгүй болгох нэрийн дор энэхүү хоёр төрлийн хадгаламжий хүүгүй болговол яах вэ, өсөхгүйгээс хойш авъя, гудсан доороо хийж байгаад хэрэгтэй цаг ирэхэд нь ашиглая гээд л татна.

Угаасаа ч Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар бууруулсны дараагаас банкин дахь мөнгө гадагшилж эхэлснийг тэргүүн дэд ерөнхийлөгч нь хэлнэ билээ.

Зээлийн хүүг бууруулах сонирхол зөвхөн хууль тогтоогчдод байгаа юм биш. Бизнес эрхлэгчдээс эхлээд ард түмэнд бий. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болгосон хуримтлуулах гэдэг том тогтолцоог зээлийн хүүг бууруулах нэрийн дор нурааж болохгүй.

Хэт попорч, захиргаадалтын арга хэмжээ авбал арилжааны банк оршин тогтноход ч бэрх болно. Ард иргэдийн банкинд хадгалуулсан хэдэн бор төгрөг ч байхгүй болно. Иймээс банк санхүүгийн салбарыг гадарлах хүмүүс нь энэ асуудлаар ярьж, мэдэхгүй нь дуугай сууж байх нь хамгийн хэрэгтэй байна. Тэнэг хүний дуугүй нь сүрлэг гэж үг бий байх аа.

Дахиад хэлэхэд хадгаламжийг хүүгүй болгоё гэдэг санал санаачлага гаргаад байгаа гишүүд чаддаг юм бол банкин дахь тэрбумын хадгаламжуудаа хүүгүй хадгалуулж, зээлийн хүүг бууруулахад нэмэр болооч… Яс тулаад ирэхээр чадахгүй шүү дээ. Зүгээр сууж байгаад хэдэн саяар нь мөнгө хийхээ л урьтал болгоно.

Уг нь улстөрчид нь улсаа боддог байсан бол энэ олон жилийн хугацаанд банкинд мөнгөө хадгалуулж, мөнгө хүүлэх бус хөрөнгийн зах зээл рүү хийж, хямд хүүтэй, урт хугацаатай зээл бий болгохын төлөө зүтгэх ёстой байсан юм. Гэвч энэ хугацаанд тэд ийм алхам хийгээгүй, харин уралдаад л банк руу гүйцгээсэн. Одоо харин цар тахал дэгдэнгүүт хадгаламжийн хүүг царцаая, тэглэе гэж эх орончийн дүр эсгэх. Цаад бодлого нь юу вэ, хугацаагүй хадгаламж, харилцах хадгаламжийг хүүгүй болгож, ард түмнээ л дарлаж амьдрах санаа шүү дээ.

Хэдэн сарын өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монголд хуурамч эм ихээр зарагдаж байна гэж дуулиан дэгдээсэн, Эрүүл мэндийн яам нь няцаасан. Түүний дараа юу болсон билээ, хуурамч эмтэй тэмцэх шинэ агентлаг байгуулсан. МАН-ынхан ийм зүйлдээ гаргуун. Одоо харин Covid-19 цар тахлаар далимдуулж, бага дүнтэй хадгаламжийг хүүгүй болгох санаа өвөрлөж буй бол зогсоорой, томчуудыгаа эхэлж, хүүгүй болгочихоод дараа нь багийг хүүгүй болгох талаар яриарай.

Мөн МАН 2016 онд Засгийн эрх авахад ам.долларын ханш 1600 төгрөгтэй тэнцэж байсан, өнөөдөр 2800 давлаа. Долларын ханш өсөхийн хэрээр төгрөгийн ханш суларч, иргэдийн амьжиргаа доройтох боллоо. Авсан цалин, зээлсэн нь зээл нь инфляцад идэгдэж дууслаа. Ардчилсан намыг Засгийн эрх барьж байхад 50 сая төгрөгийн зээл банкнаас авахад бас ч гэж хөөрхөн хөдлөөд унац өгдөг байсан бол өнөөдөр 100 сая төгрөгийн зээл авахад тэр хэмжээнд ашигтай ажиллаж чаддаггүй боллоо гэж ярих хүн бишгүй бий. Хадгаламжийг хүүгүй болгох тухай попорч суухаар ам.долларын ханшийг бууруулах ямар боломж байна, түүнийг эрэлхийлэх арга замыг Засгийн газар, Монголбанк хоёртоо зөвлө, шаард. Энэ чинь Монголын ард түмэн, бизнес эрхлэгчдэд хамгийн том буян болно.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж