Ачаагаа ард түмэндээ үүрүүлэх арчаагүй алхам

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Ачаагаа ард түмэндээ үүрүүлэх арчаагүй алхам

Ачаагаа ард түмэндээ үүрүүлэх арчаагүй алхам

Цар тахлыг дотооддоо алдсанаас үүдсэн хямралын зардлыг төр өөртөө авахыг хүсэхгүй байна. Хүсэхгүй байгааг илэрхийлэх хамгийн сүүлийн нотолгоо нь УИХ-ын Түр хороон дээр ярьсан иргэдийн хадгаламжийн хүүг тэглэх санаа байлаа. Цагаа тулахаар хариуцлагыг үүрэхээс бултаж, иргэдийнхээ хуримталсан хэдэн бор төгрөг руу гараа дүрэх нь эцсийн арга байсан юм байх даа хөөрхий.

Уг нь төр “Та нар ажлаа хий, хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ахуй амьдралаа зохицуул. Төлсөн татвараар чинь бид бусад асуудлыг шийдье” гээд иргэдээс татвар авч, өөрсдөдөө онцгой эрх өгч, татварын мөнгөөр барьсан байшинд ажиллаж, цалин авч, унаа унаж, хоол идэж буй. Яг хямрал тулаад ирэхээр иргэддээ ачааг нь үүрүүлэх гэж зүтгэдэг юм байна. Сонгуулийн өмнө барьсан хэдэн шавар, цементийнх нь балаг арилаагүй байхад төсвөө тодотгохгүй гэж гүрийсээр эцэстээ ийм замыг сонгодог юм байна.

Дайны үед солонгосчууд алтан ээмгээ өгч улсаа авардаг байсан тухай үлгэр одоо явахгүй ээ. Иргэд зах зээлийн эдийн засагт шилжээд даруй 30 жил болсон тул өөрийн хөрөнгөө хар толгойгоороо бий болгож, өсгөн үржүүлж, хуримтлан хадгалах ёстойг мэддэг болсон. Байгаа хэдэн төгрөгөө ханшийн уналтад алдахгүйг ч хичээдэг болсныг дараах тоо баримтаар нотолъё.

Сүүлийн жилүүдэд угаасаа төгрөгийн ханш сайнгүй байлаа. Саарал жагсаалтад улсаа оруулсны дараа төгрөгийн ханш эрчтэй суларснаас хойш 2020 онд хадгаламжийн долларжилт огцом өссөн байдаг. ҮСХ-ны тоог харвал 50 гаруй хувийн өсөлттэй явж буй.

Энэ тоо бол төгрөгт итгэх итгэл, төрд итгэх итгэл ямар байсныг нотолно. Тэгвэл хадгаламжийн хүүг тэглэх шийдвэр төгрөгөөс татгалзаж ам.доллар руу хошуурах хөдөлгөөнийг улам нэмнэ. Улмаар хамгаалах гээд байгаа эдийн засаг чинь хамгаалах ч хэрэггүй болох эрсдэлтэй.

Бас нэг зүйл. Иргэд хуримтлуулсан мөнгөө хадгалахдаа гэрээ хийсэн. Хэрэв хүүг нь тэглэвэл иргэний банктай байгуулсан гэрээнд төр дундуур нь цавчиж орж ирээд өөрчлөлт оруулна гэсэн үг. Бид ингэж амьдрахгүй гэдгээ аль 30 жилийн өмнө сонгоод, "Чөлөөт", "Ардчилсан" гэдэг хоёр үгийг Үндсэн хуулиндаа цохчихсон биз дээ. Хэрэв ингэж болдог гэх жишгийг тогтоох юм бол цаашид хэн энэ улсад итгэж хөрөнгөө оруулж, хадгалж, капиталаа бий болгох юм бэ. Нэг л өдөр поп улс төрч гарч ирээд хураасан хэдийг маань үрэн таран болгоод хаячихаж магадгүй. Ийм айдсыг эдийн засагт бий болгох нь урт хугацаандаа эдийн засгийн буруу төлөвшлийг бий болгоно. Цар тахлын дараа ч бид амьдарна. Чөлөөт, зах зээлийн эдийн засаг зуу зуу жил оршин тогтнох учиртай. Энэ замыг сонгохын тулд 1990-ээд оноос хойш бүтэн үе ажил, амьдралаараа төлөөсийг нь төлснийг мартаж болохгүй.

Төгсгөлийн оронд. Энэ буруу бодлогыг хэрэгжүүлэхийн оронд хийж болох хамгийн сайн үйлийг улс төрчдөд хэлж өгье. Та нарын хэрэгжүүлэх эрх нь бүрэн нээлттэй буюу ард түмэндээ өгөөжөө өгөх бодлого бол Сангийн бодлого юм. Хямралын үед эдийн засгийг дэмжихэд төсвийн тэлэх бодлогыг дэлхийн улс орнуудын “ухаалаг” удирдагчид оновчтой ашиглаж буй. Тэд ачааг төр нь үүрэхийг эрхэм болгож байна. Өмнөх санхүүгийн хямралаар ч энэ замыг сонгосны хүчинд гэтэлгэж чадсан. Тэгэхээр одоогоор дэлхийн улс орнууд ДНБ-ий талдаа хүртэл хэмжээтэй төсвийн дэмжлэгийн багц арга хэмжээнүүд хэрэгжүүлээд байгаа. Ингэхдээ борлуулалт нь зогссон ААН-үүдийн цалингийн зардлыг төлөх, хямд санхүүжилт олгох, хэрэглээ талаас нь иргэдийн орлогыг дэмжих, бага орлоготой өрхүүдэд халамжийн мөнгө олгох, татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг иргэн, ААН-ийн дэмжлэгийг хүлээсэн, хамгийн гол нь байгаа оносон бодлогуудыг авч хэрэгжүүллээ. Энэ дунд хөрөнгө рүү нь шууд халдсан, орлогоос нь хумсалсан ямар ч арга хэмжээ байхгүй.
Харин манай Засгийн газар 23 арга хэмжээндээ алданги, торгууль тооцохгүй байхаас өөр дорвитой зүйл зарлаагүй. Тиймээс одоо улстөрчдийг иргэдийн хуримтлалд гар дүрэхээс нь өмнө У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар толгойгоо сайн ажиллуулж, төсвийн нэмэлт багцаа төлөвлөх нь зүйтэй. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд буруу юм яриад байна.

М.БАТНАСАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж