ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жилд таван сая рублиэс дээш орлоготой иргэдийн хувь хүний орлогын албан татварыг (ХХОАТ) 13 хувиас 15 хувь болгож нэмэгдүүлэх тухай хуульд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Уг хууль нь амь насанд аюултай, ховор тохиолддог хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд шаардагдах нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход чиглэсэн бөгөөд Владимир Путины санаачилга аж. Орлогын татварын хувь хэмжээг ийнхүү нэмэгдүүлснээр тус улсын төсөвт 2021 онд 60 тэрбум, 2022 онд 64 тэрбум, 2023 онд 68.5 тэрбум рублийн нэмэлт орлого орж ирэх юм байна. Шинэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд орон байраа зарсан хүмүүст энэ хууль хамаарахгүй гэнэ.
Анх 2001 онд Оросын Татварын хуулийн хоёр дахь хэсэг хүчин төгөлдөр болсноос хойш тус улсад хувь хүний орлогын татвар 13 хувиар тогтсон юм байна. Харин шинэ хууль тус улсын хүн амын нэг хувьд үйлчилнэ гэсэн тооцоо гарчээ. Тус улсын ихэнх албан тушаалтнуудын орлого жилд таван сая рублиэс давдаг байна. Ерөнхийлөгч Путины 2019 оны орлого 9.7 сая рубль байсан бол Ерөнхий сайд Михаил Мишустины орлого 18.2 сая рубль байжээ.
Эх сурвалж: MOSCOW TIMES
Холбоотой мэдээ