Covid-19: Сэлэнгэд 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Сэлэнгэд 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, November 24, 2020

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахалтай холбоотой  өнөөдрийн /2020.11.25/ 11.00 цагийн мэдээллээ танилцууллаа.

2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд 3301 хүнд шинжилгээ хийхэд Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт Covid-19 халдвар илрээгүй, харин Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Улаанбаатар хотод зургаан тохиолдол тус, тус нэмэгдэж, батлагдсан тохиолдол 699 болжээ. Covid-19 цар тахлын голомт болоод буй Улаанбаатар хотыг дүүргээр нь танилцуулбал, Баянгол 14, Сонгинохайрхан 9, Баянзүрх 17, Сүхбаатар  11, Чингэлтэй 1, Багануур 1, Хан-Уулд 7 тохиолдол тус бүр бүртгэгджээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр бүртгэгдэж нийслэлд батлагдсан тохиолдол 60 боллоо. Зургаан тохиолдлын нэг нь ойрын хавьтагчийн давтан шинжилгээнээс илэрсэн бол бусад таван тохиолдол нь гэр бүлийн гишүүн, караокед орсон нь батлагдсан тохиолдлын хавьтал юм. Дээрх хүмүүс ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан.

Харин  Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Ингэснээр өнөөдрийн байдлаар  Сэлэнгэд батлагдсан халдварын нийт тохиолдол 144, Дархан-Уул аймагт 20, Говьсүмбэрт 3, Дорноговь 18, Орхонд 17 тохиолдол батлагдаад байна. Улаанбаатар хотод анх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 959 гаруй хүний 149 хүн нь гурван удаагийн давтан шинжилгээнд, 443 хүн хоёр дахь давтан шинжилгээнд орсон байна. Хоёрдогч хавьтал болох 8000 гаруй хүн  мөн адил давтан шинжилгээнд орсон. Монгол Улсад батлагдсан Covid-19 халдварын нийт  тохиолдол 699, үүнээс эдгэрсэн 342. Өнөөдрийн байдлаар 350 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдал нь хөнгөн 291, хүндэвтэр 56, хүнд гурав, маш хүнд нэг, нутаг буцсан долоон хүн байна. Дотооддоо халдвар авсан нийт тохиолдол 262 байна. Халдвар авсан хүмүүс дунд 2-90 нас хүртэлх хүмүүс бий.

Нийт батлагдсан тохиолдолд  хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, толгой өвдөх, амт үнэр мэдрэхээ болих зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрсэн байна.

Улсын Онцгой комиссын шуурхай штабын  дарга, хурандаа Б.Ууганбаяр:

Нийслэлийн 29 тусгаарлан ажиглах байранд  өнөөдрийн байдлаар 1366 иргэн байгаа бол орон нутгийн 39 тусгаарлах байранд 894  хүн буюу нийт  2260 хүн ажиглалтад байна. Өчигдөр гэрийн ажиглалтад 165 хүн шилжсэн.  ХӨСҮТ төмөр замын 95 ажилчдаас шинжилгээ авч, дөрвөн байранд тусгаарлалаа. "Энхсаран" сувилалаас ХӨСҮТ рүү, ХӨСҮТ-өөс “Сод эра”, “Боржигон”  тусгаарлан ажиглах байранд иргэдийг шилжүүлэн  ажиглаж байна. Өнөөдөр дээрх байруудад байгаа хүмүүст дахин шинжилгээ хийж, шинжилгээний дүнг харгалзан үзэж маргааш гэрийн ажиглалт руу шилжүүлэх эсэхийг шийднэ. Өчигдөр шөнө ууланд самар түүж яваад гацсан иргэдийг Улаанбаатар хот руу нэгдсэн зохион байгуулалтаар татах ажлыг төмөр замаар зохион байгууллаа. Сэлэнгийн Мандал сумын өртөөнөөс 443 иргэн нийслэлд ирсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх иргэдэд  PCR шинжилгээг  хийж дуусгаад өнөөдөр өглөө хүмүүсийг гэрт нь хүргэж байна. Эдгээр иргэд гэртээ 14 хоног  өөрийгөө ажиглах юм.

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:

Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьтал, дам хавьтал болсон хүмүүсийг цагдаа, тагнуул, эрүүл мэндийн байгууллагаас тогтоогоод өөрт нь  мэдэгдсэн бол гэртээ хатуу дэглэм сахих  шаардлагатай байна. Нэгдүгээр хавьтал, дам хавьталыг олж тогтоох нь маш их цаг хугацаа шаардаж байна. Халдвар авсан иргэд хавьтал болсон хүмүүс болон явсан газруудаа баримжаалдаггүй, явсан маршрутаа санадаггүй, хэлдэггүй, нуудаг байдлаас болж хавьтлыг олж тогтоох ажил удааширч байна. Цаашид эдгээр хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохоос өөр аргагүйд хүрэх нь. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн бол торгохоос гурван жил хүртэлх хугацаагаар хорих, бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, вирусийг бусдад халдаасан бол 1-5 жил хүртэлх хорих ялын шийтгэлтэй гэж заасан байдаг. Хавьтал болсон хүмүүс сайн дураараа шинжилгээнд ороогүйн улмаас өөрийгөө болон улс орноо аюулд унагах эрсдэлтэй байна. Цагдаагийн байгууллага хорио цээрийн дэглэм тогтоосон өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд  худал мэдээлэл тараасан 740 гаруй гомдол мэдээллийг шалгаж байна. Үүнээс 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаанд баривчлуулах, 590 хүн, хуулийн этгээдийг 290 гаруй сая төгрөгөөр торгох арга хэмжээг авсан.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж