ОХУ-ын "Спутник V" вакцины тэрбум гаруй тун дараа жил бэлэн болж, улмаар дор хаяж 500 сая хүн дархлаажуулах боломжтой болох гэнэ. Вакцин бүтээгчдийн хэлснээр тэд бусад өрсөлдөгч вакцинаас хамгийн хямд үнэ санал болгож байгаа аж.
"Спутник V" вакциныг зөвхөн ОХУ-д төдийгүй Оросын хөрөнгө оруулалтын сантай хамтын ажиллагаа бүхий дэлхийд эрүүл мэндийн салбараараа тэргүүлдэг хэд хэдэн гадаадын компаниудад үйлдвэрлэх юм. Цаашид ч гадаадын компаниудтай хамтарч ажиллан, бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэхээр Оросын мэргэжилтнүүд хичээн ажиллаж байгаа ажээ.
“Спутник V" вакцин үр дүнгийн хувьд бусад өрсөлдөгч мРНХ вакцинуудтай ижил хэдий ч үнийн хувьд хоёроос гурав дахин хямд байх юм” хэмээн Оросын хөрөнгө оруулалтын сан мэдэгджээ.
Тухайлбал, орос вакцины нэг тун нь 10 ам.доллар байна. Бүрэн дархлаа суулгахын тулд 14 хоногийн зайтай хоёр тун тариулдаг учир нэг хүнд тарих вакцины үнэ нийт 20 ам.доллар болно гэсэн үг юм. Үнийг харьцуулж харвал АНУ-ын Pfizer, Moderna компаниуд вакциндаа 39 ам.доллар, 50-74 ам.долларын үнэ төлөвлөж буй.
Түүнээс гадна дээрх үнэ бол вакцин худалдан авахаар төлөвлөж буй гадаад орнуудад зориулсан үнэ бөгөөд оросуудын хувьд "Спутник V" вакцин үнэгүй байх гэнэ. Мөн захиалга өгсөн гадаад орнуудад нэгдүгээр сараас эхлээд бүтээгдэхүүнийг нь хүргэж өгөх төлөвлөгөө барьж буй аж.
"Спутник V" вакциныг бүтээсэн Гамалей төвийн мэдээлснээр гурван шатны туршилтын эцэст "Спутник V" 95 хувийн үр дүнтэй нь батлагджээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ