АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Дональд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй удаан хугацаанд заргалдсаны эцэст сая “тахимаа өгч” шинэ Ерөнхийлөгчид засаг захиргааны багийг бүрдүүлэх боломжийг олгов. Тус улсын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден ирэх долоо хоногоос албан ёсны томилгоонууд хийж эхлэх ба одоогоор түүний багт хэн, хэн ажиллах нь ерөнхийдөө тодорхой болоод байна.
Тухайлбал:
- Дипломатч Энтони Блинкенийг Төрийн нарийн бичгийн даргаар,
- Барак Обамагийн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жон Керриг Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элчээр,
- АНУ-ын Холбооны Нөөцийн банкны ерөнхийлөгч асан Жанет Йелленийг Сангийн сайдаар,
- Жейк Салливан Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр,
- Линда Томас-Гринфилдыг НҮБ дахь АНУ-ын төлөөлөгчөөр,
- Куба гаралтай Алехандро Майоркасыг Дотоод аюулгүй байдлын агентлагийн тэргүүнээр
- АНУ-ын Тагнуулын төв газрын анхны эмэгтэй орлогч дарга болж байсан Эврил Хейнсийг Үндэсний тагнуулын газрын даргаар тус тус томилох нь тодорхой болоод байгаа гэнэ.
Дээрх томилгоонуудаас харахад Байдены засаг захиргаа жендерийн тэнцвэрт байдлыг илүүд үзсэн, маш өвөрмөц баг бүрдэж байна. Дэд Ерөнхийлөгчөөрөө анх удаа эмэгтэй, өнгөт арьстай хүнийг сонгосон нь ч улс төрийн том алхам байв. Тэрбээр ирэх дөрвөн жилд Дональд Трампын “Америк нэгдүгээрт” бодлогоос зайлсхийж, глобалчлалыг дэмжин ажиллах нь түүний томилгооноос харагдаж байна. Дональд Трампын хувьд маш үндсэрхэг үзэлтэн бөгөөд АНУ-д бага үүрэг хариуцлага хүлээлгэхийг илүүд үздэг байсан бол Жо Байден НАТО, ДЭМБ зэрэг олон улсын эвслүүдтэй хамтран ажиллахыг эрхэмлэгч гэдгээрээ ялгардаг.
Тэрбээр сонгуульд ялалт байгуулсныхаа дараа “Би талцуулан хуваадаг бус, харин эвлүүлэн нэгтгэдэг Ерөнхийлөгч байх болно. Намайг дэмжсэн, дэмжээгүй хамаагүй би бүх америкчуудын Ерөнхийлөгч байх болно. Муж улсуудыг ардчилсан ба бүгд найрамдахч гэж хуваахыг хүсэхгүй байна. Бидэнд зөвхөн ганц л Америкийн Нэгдсэн Улс байгаа. Америкчуудын ноён нуруу болсон дундаж давхаргыг сэргээж, Америкийг дэлхий даяар дахин хүндлэгддэг болгохын тулд би ажиллах болно" хэмээн мэдэгдэж байв.
Сангийн сайдын албан тушаалд туршлагатай санхүүч Жанет Йеллений нэр яригдаж байгаа ба тэрбээр АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй Сангийн сайд болох гэж байна. Өдгөө 74 настай Йеллен нь конгресст төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай санхүүч юм. 2010-2014 онд АНУ-ын Холбооны Нөөцийн банкны дэд ерөнхийлөгч, 2014-2018 онд ерөнхийлөгчөөр нь ажиллаж басан түүнийг цар тахлын улмаас эдийн засаг доройтсон энэ үед улс төрийн намууд болон Холбооны нөөцийн банктай сайн хамтран ажиллаж, одоо гацаанд ороод буй эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг урагшлуулж чадах хүн гэж шинжээчид дүгнэж байна. Йеллен нь Йелийн их сургуулийг эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй төгссөн бөгөөд Калифорни, Беркл, Харвардын их сургуулиудад эдийн засгийн онолын хичээл зааж байсан аж. Түүний эцэг эх багш, эмч мэргэжилтэй хүмүүс байсан бол нөхөр нь Нобелийн шагналт эдийн засагч Жорж Акерлоф юм байна.
Харин Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Энтони Блинкенийг нэр дэвшүүлжээ. Барак Обамагийн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан Блинкен бол сүүлийн хорин жилийн хугацаанд Байдентай ойр ажиллаж буй хүн. Өдгөө 58 настай Блинкен Байдены сонгуулийн штабт олон улсын асуудлыг хариуцан ажиллажээ. 2002-2008 онд Байдены даргалж байсан Сенатын танхимын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга байсан бол 2015-2017 онд Хиллари Клинтоны орлогчоор ажиллаж, Ойрхи Дорнодын асуудал болон “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх ажлыг хариуцаж байжээ. Тэр бол Нью-Йоркийн удам дамжсан дипломатчдын гэр бүлээс гаралтай. Түүний эцэг Унгарт, авга ах нь Бельгид Элчин сайдаар ажиллаж байсан. Энтони Блинкен Харвард, Колумбын их сургуулиудад хууль зүй, сэтгүүл зүйн чиглэлээр суралцжээ.
Дараагийн тодорхой болоод буй томилгоо бол Үндэсний тагнуулын газрын даргаар ажиллахаар болоод буй Эврил Хейнс. Өмнө нь АНУ-ын Тагнуулын төв газрын анхны эмэгтэй орлогч дарга болж байсан тэрбээр 17 байгууллагаас бүрддэг Америкийн тагнуулын газрыг удирдаж, тус улсын тагнуулын хөтөлбөрийг хариуцан ажиллах юм. Тэр мөн л Үндэсний тагнуулын газрын даргаар ажиллах анхны эмэгтэй болох гэж байна.
Дотоодын аюулгүй байдлын агентлагийн тэргүүний албан тушаалд өмнө нь тус байгууллагын дарга нарын нэг байсан өдгөө 60 настай, Куба гаралтай Алехандро Майоркасыг нэр дэвшүүлжээ. Тэрбээр энэ албан тушаалд томилогдсон анхны латин америк хүн болох юм. Мөн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албыг Жейк Салливан, НҮБ дахь АНУ-ын төлөөлөгчөөр Линда Томас-Гринфилд нарыг томилон ажиллуулахаар болсон байна.
Байдены засаг захиргааны эхний шийдэх асуудлууд
Нэн тэргүүнд тэрбээр Covid-19 цар тахлын халдвартай тэмцэхэд чиглэсэн шуурхай арга хэмжээнүүдийг төлөвлөж, ялангуяа оношлогооны хамрах хүрээг тэлэн, холбооны албан байгууллагуудад амны хаалтыг заавал зүүх дэглэмийг нэвтрүүлэхээ мэдэгдсэн. Түүнчлэн Трампын шийдвэрээр гараад байсан хэд хэдэн олон улсын хамтын нийгэмлэгт эргэн нэгдэхээ амлаад буй Байден Цаг уурын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээнд дахин нэгдэх хүсэлтэй байгаа. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ыг гаргах тухай шийдвэрийг цуцалж, мусульман шашинт хүн ам олноор аж төрдөг зарим улс орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг хориглосон Трампын шийдвэрийг эргэн харна. Үүнээс гадна насанд хүрээгүй байхдаа эцэг эхээ даган АНУ-д ирж хууль бус цагаачдыг заавал улсаасаа гаргах шаардлагагүй гэх “DACA” хөтөлбөрийг сэргээж, цагаачлалтай холбоотой асуудлыг Цагаан ордонд орсон эхний 100 хоногтоо багтаан шийдвэрлэхээ тэр амлаад байгаа билээ.
Холбоотой мэдээ