Ёкозүна цолтой Монгол бөхчүүдийн нэгэн эрин үе өндөрлөх үү?

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Ёкозүна цолтой Монгол бөхчүүдийн нэгэн эрин үе өндөрлөх үү?

Ёкозүна цолтой Монгол бөхчүүдийн нэгэн эрин үе өндөрлөх үү?

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны ёкозүнагийн зөвлөл өнгөрөгч Даваа гаригт хуралдаж, сүүлийн хэдэн башёд хангалтгүй барилдаж байгаа хоёр ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарт хатуу анхааруулга өглөө. Энэхүү анхааруулга нь зодог тайлах зөвлөмжийн дараа орох хатуу арга хэмжээ аж.

Яагаад ийм байдалд хүрэв?

Энэ жил Covid-19-ийн улмаас уламжлалт зургаан башёгийн тав нь зохион байгуулагдсан. Хакүхо М.Даваажаргал эхний хацү башёг тааруу эхлүүлж нэг даваа, гурван унаатай болж дундаас нь орхисон бол дараагийн харү башёд түрүүлж мэргэжлийн сүмогийн макүүчи зиндааны 44 дэх түрүүгээ хүртэж, өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиулсан. Тэгвэл нагоя башёг тэргүүлж явах үеэрээ тэрбээр баруун өвдгөндөө бэртэл аван хагалгаанд орохоос өөр аргагүйд хүрсэн. Хагалгаанд орсон Хакүхо аки болон кюүшюү башёг дараалан өнжих шийдвэр гаргасан.

Какүрюү М.Анандын хувьд хацү башёг мөн тааруу эхлүүлж, нэг даваа, дөрвөн унаатай болсноор дундаас нь орхисон. Харин гуравдугаар сарын харү башёд сайн барилдаж, 12 даваа, гурван унаатай Хакүхогийн араас аман хүзүүнд бичигдсэн юм. Дөрвөн сар завсарлаад эргэн ирсэн нагоя башёгийн хоёрдахь өдөр тохойндоо бэртэл аван барилдах боломжгүй болсон бол есдүгээр сарын аки башёг нурууны гэмтлийн улмаас мөн л өнжсөн. Сүмо бөхийн хорхойтнууд түүнийг оны сүүлийн кюүшюү башёд зодоглоно гэж хүлээж байсан ч бэртлийн эдгэрэлт нь удаан байсан учир дахин өнжсөн.

Нас чацуу 35 настай хоёр аварга энэ нэг жилийн хугацаанд ердөө ганц башёд л бүтэн барилдсан нь ёкозүнагийн зөвлөлийн зургаан гишүүнд таалагдаагүй. Тус зөвлөлийн тэргүүн Хиронори Яно “Би ёкозүна нарыг хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж хэлж чадахгүй. Тэднийг ирэх нэгдүгээр сарын башёд сайн бэлдэж оролцохыг хүсч байна” гэжээ.

Ёкозүнагийн зөвлөлөөс башёг өнждөг, дундаас орхидог мөн сахилга бат алдсан ёкозүна цолтой бөхчүүдэд гурван төрлийн арга хэмжээ авдаг байна. Үүнд, сайшаах, анхааруулах, зодог тайлах зөвлөмж гэсэн гурван арга хэмжээ багтдаг аж. Ёкозүнагийн зөвлөлөөс анх удаагаа ёкозүна нарт анхааруулах арга хэмжээг авч байгаа нь энэ бөгөөд өмнө нь сайшаах, зодог тайлах зөвлөмж зэрэг арга хэмжээнүүдийг хэд хэдэн удаа авч байжээ.

Зөвлөл ёкозүна нарт өршөөл үзүүлдэггүй

Дээр дурдсанчлан ёкозүнагийн зөвлөлөөс гурван төрлийн арга хэмжээ авдаг. Түүхэндээ анх удаа анхааруулах арга хэмжээг сая хоёр аваргад оногдууллаа. Тэгвэл тэднээс өмнө ёкозүна Кисэносато, ёкозүна Ваканохана, ёкозүна Асашорюү, ёкозүна Харүмафүжи нар сайшаах болон зодог тайлах зөвлөмж зэрэг шийтгэлүүдийг хүртэж байжээ.

Ёкозүна Кисэносата 2017 оны эхний хоёр башё болох хацү болон харү башёд дараалан түрүүлж, ёкозүна цолны болзлыг хангасан. Гэвч тэрбээр ёкозүна цолтой барилдсан эхний башёгоосоо эхлэн азгүйтсэн гэж хэлж болно. 2017 оны нацү башёг тааруу эхлүүлээд удалгүй зүүн гартаа хүнд гэмтлийг авч өнжихөд хүрсэн. Түүний энэхүү зүүн гарын гэмтэл аажимдаа мөр рүү нь орж, ёкозүна Кисэносата найман башё дараалж гүйцэд барилдаж чадалгүй дундаас нь орхиж эсвэл өнжиж байсан түүхтэй. Кисэносатагийн энэхүү тааруу амжилт, бүрэн барилдаж чадахгүй байгаа байдал ёкозүнагийн зөвлөлд таалагдаагүй бөгөөд түүнд сайшаах арга хэмжээг авч байсан юм. Сайшаах арга хэмжээ авхуулсан бөх цаашдаа улам хичээж, башё өнжилгүй сайн барилдах ёстой байдаг ч Кисэносата бэртлийн улмаас тэгэж чадалгүй зодог тайлахад хүрсэн.

Түүнээс өмнө 1999 оны хаврын башёд ёкозүна Ваканохана тун муу барилдаж, долоон даваа, найман унаатай башёг өндөрлүүлсэн байдаг. Түүний энэхүү муу амжилтын дараа зөвлөлийн зүгээс “Дараагийн башёд сайн оролцоорой. Бид чамайг дэвжээнээ олон хармаар байна” хэмээн сэрэмжлүүлэн сайшаах арга хэмжээ авч байжээ. Гэвч мөн л бэртэл, гэмтлийн улмаас зөвлөлийн хүсээд байсан сайн барилдааныг үзүүлж чадалгүй 29 насандаа ёкозүна Ваканохана зодог тайлж байсан юм.

Харин 2010 онд ёкозүна Асашорюү Д.Дагвадорж архидан согтуурсан, бусдын биед халдсан гэх хэрэг гарч, олон нийтийг цочроосон. Мэргэжлийн сүмогийн макүүчи зиндааны 25 дахь түрүүгээ хүртээд сар ч болоогүй байсан Асашорюү Д.Дагвадоржид ёкозүнагийн зөвлөлөөс анхны зодог тайлах зөвлөмжийг хүргүүлж, “хүчээр” зодог тайлуулж байлаа. “Өглөөний хөх луу” дөнгөж 30 насандаа их спортоосоо зодог тайлсан. Тэрбээр агуу Тайхо аваргын 32 түрүүг даван гарахад үнэхээр ойрхон гэгдэж байсан юм.

Японы сүмогийн холбооноос Асашорюү Д.Дагвадоржид тэтгэвэрт гарсан тэтгэмж гэж 1.34 сая ам.долларыг өгч байжээ.

Хамгийн сүүлд 2017 оны арванхоёрдугаар сард ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нутагт нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон хэрэг гарсан. Мөн л макүүчи зиндааны ес дэх түрүүгээ хүртээд сар ч болоогүй байсан Харүмафүжи Д.Бямбадоржид ёкозүнагийн зөвлөлийн зүгээс хоёдахь зодог тайлах зөвлөмжийг хүргүүлж байлаа. Харүмафүжи 33 насандаа зодог тайлах шийдвэрээ гаргаж, их спортоосоо бүр мөсөн хөндийрсөн.

Түүнтэй холбоотой нэгэн сонирхолтой тоо баримт байдаг нь, Харүмафүжи Д.Бямбадорж Хакүхог хамгийн олон давсан бөх. Хоёр аварга хоорондоо нийтдээ 57 удаа тааран барилдаж байсан бөгөөд Харүмафүжи 36-д нь давж байжээ. Түүнээс өөр хэн ч ингэж олон удаа Хакүхог унагааж байгаагүй.

Хоёр аваргад барилдахаас өөр сонголт үлдээгүй

Ирэх нэгдүгээр сарын хацү башё эхлэхэд сар гаруй хугацаа үлдээд байна. Энэ хооронд л Хакүхо өвдөгний бэртлээ эдгээж, Какүрюү хурдан сэргэлт авах хэрэгтэй боллоо. Эс бөгөөс Кисэносата болон Ваканохана аваргуудад тохиолдсон зүйл болоход ойрхон байна. Өөрөөр хэлбэл, дахиж бэртлээсээ болж барилдаж чадахгүй болвол зодог тайлахаас өөр арга үлдсэнгүй. Хакүхо 44 түрүү хүртсэн бол Какүрюү зургаан түрүү хүртсэн амжилттай байгаа. Гэвч энэхүү амжилтаас нь үл харгалзан хоёуланд нь зодог тайлах зөвлөмжийг хүргүүлэх аюултай. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл энэ талаар шуугиад эхэлсэн учир хоёр аваргад асар их дарамт ирж байгаа нь лавтай. Мөн доороос озэки Шодай, озэки Асанояама, озэки Такакэйшо зэрэг ёкозүна цолонд ойрхон Япон бөхчүүд хүч түрэн гарч ирж байна. Ямартай ч хоёр аваргад барилдахаас өөр сонголт үлдсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
19
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
9
ХахаХаха
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж