"УОК вирус ярьсаар эдийн засгийн эрсдэлээ зөнд нь орхилоо"

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

COVID-19

"УОК вирус ярьсаар эдийн засгийн эрсдэлээ зөнд нь орхилоо"

"УОК вирус ярьсаар эдийн засгийн эрсдэлээ зөнд нь орхилоо"

Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Цар тахлын улмаас дотоодод хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Хөл хорио тогтоомогц үсээ засуулах гэж байсан хүн гэрээсээ гарч чадахаа болилоо. Тавилга авна гэж бодож байсан компани мөн адил худалдан авалтаа зогсоосон. Үр дүнд нь үсчин, тавилгын дэлгүүрээс эхлүүлээд худалдаа, үйлчилгээний салбар бүхэлдээ таг зогссон. Үсчин байрны зээлтэй. Тавилгын дэлгүүр банкнаас бизнесийн зээлтэй. Энэ бүх таг зогсож буй худалдаа, үйлчилгээний бизнесүүдийг нэгтгээд үзэх юм бол маш том, маш аюултай дүр зураг харагдана.

2019 оны эдийн засгийн хэмжээ буюу дотоодын нийт бүтээгдэхүүн 37.3 их наяд төгрөг байна. Эндээс 40 орчим хувийг нь үйлчилгээний салбар эзэлдэг гэж үзвэл бид хөл хорио, вирустэй холбоотойгоор ямар том эдийн засгийн эрсдэлийн өмнө зогсож байна вэ гэдэг нь ойлгомжтой болно.

Үүнийг Сангийн яам тооцож, ирж буй эдийн засгийн хямралаас гарах арга замыг цогц байдлаар тодорхойлох цаг болсон санагдана. Одоо бидэнд хойноос нь дагаж хөөцөлдсөн жижигхэн ажиллагаанууд биш харин цогц, нэгдмэл бодлого, төлөвлөгөө, гүйцэтгэл хэрэгтэй байна.

-Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих багц 23 арга хэмжээ ажлын байрыг хадгалах болон компаниудын эрсдэлээс сэргийлэх боломж харагдана уу?

-Шуудхан хэлэхэд, сая гарсан шийдвэрүүд бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдэх хэмжээнд гарсангүй. Монголбанк, Сангийн яамны зүгээс эрүүл мэндийн эрсдэлийг хамгаалах гэж байна гээд эдийн засгийн эрсдэлийг бий болгочихлоо. Нэг талдаа халдварыг хумихын тулд хөл хорио тогтоох нь зөв ч нөгөө талд эдийн засгаа орхигдуулж огт болохгүй. Монголбанк, Сангийн яам эрүүл мэндийн эрсдэлд анхаарч хэт сэтгэл хөдлөлд автсан шийдвэрүүдийг гаргаж байна.

Зээлийн хугацаа сунгах, бодлогын хүү бууруулах, хүүхдийн мөнгө олгох, нийгмийн даатгалын шимтгэл хойшлуулах зэрэг арга ядсан, наад захын, хэнд ч мэдээжийн ажлууд нь цогц бодлого болж чадахгүй байна. Эдийн засагт учирч болзошгүй маш том эрсдэлд хангалттай хариу болж чадахаар цогц биш байна.

Төр засаг эрүүл мэндийн эрсдэл, эдийн засгийн эрсдэлийн аль алийг нь баланслахгүйгээр дан ганц эрүүл мэндийн эрсдэлээ яриад байж болохгүй.

Өндөр хөгжилтэй орнууд ч хөл хорио тогтоосон гээд жишээ их ярих юм л даа. Гэтэл Австрали, Англи зэрэг орон санхүү хөрөнгийн өндөр нөөцтэй шүү дээ. Австралийн жижиг дунд бизнес эрхлэгчид нь гэхэд санхүүгийн нөөцтэй байх жишээний. Миний  санаа зовж байгаа асуудал ядуурал. Эдийн засгийн эрсдэлийн цаана ядуурлын түвшин нэмэгдэнэ гэсэн үг. Манайд ядуурлын түвшин 35 хувиас доош бууж байгаагүй. 35 хувь гэдэг бол манайх ядуу улсад тооцогдоно. Ядуурлын энэ түвшин өнөөдөр хэд дахин нэмэгдэх нөхцөл байдал бий болчихлоо.

Хоёрдугаарт, сүүлийн 30 жилд арай гэж хөл дээрээ боссон жижиг, дунд бизнес эрхлэгчид дампуурахад эрсдэл ойрхон байна. Нэгэнт дампуурсан компани дахин хөл дээрээ босдоггүй. Төр захиргаадалтын аргаар “Та нар хэдэн сардаа тэсчих” гэж хэлж болохгүй.

-Эдийн засгийн хямралаас гарах гарцыг та хэрхэн тодорхойлох вэ. Төрийн зүгээс одоо юуг хийх шаардлагатай байна?   

-Нэгдүгээрт, тодорхойгүй байдлаас гарах. Улстөрчдийн ярих дуртай хүүхдийн мөнгө, төрөл бүрийн халамжийн эх үүсвэрийг ААН-үүд татвараараа бүрдүүлж байгаа гэдгийг ойлгох ёстой. Дээр нь 200 мянган төрийн албан хаагч, 400 мянга орчим тэтгэвэр авагчдыг татвар төлөгчид тэжээдэг. Гэтэл бизнес эрхлэгчдийг эрсдэлээ өөрөө даа гэсэн хандлага төрд байж болохгүй. “Бизнес эрхлэгчид эрсдэлээ тооцсон байх ёстой” гэдэг санааг сүүлийн үед шийдвэр гаргагчид илэрхийлэх боллоо. Энэ нь амьдралдаа ганц удаа бусдад цалин өгч бизнес хийж үзээгүй хүний амнаас гарах үг. Өнөөдрийн нөхцөлд төрийн албан хаагчдын цалин тасалдаагүй, тэтгэвэр тэтгэмжийн мөнгө хэвийн олгогдож байгаа нь тодорхой хэмжээгээр  нөөц байсныг харуулж байна. Цаашид Ковид-19 вирусийн эрсдэлийг Монголбанк, Сангийн яам нь ойлгохгүйгээр асуудлыг урьдчилан харж тооцож чадахгүй.

Хоёрт, бизнес эрхлэгчдээ эдийн засгийн эрсдэлд оруулахгүйгүйн тулд тэдний үйл ажиллагааг тасалдуулахгүй байх тал дээр төрийн бүх шатанд анхаармаар байна. Энэ чиглэлд нэг ч бодлого, тодорхой төлөвлөгөө өнөөдрийг хүртэл сонссонгүй. Дэлхийн улс орнууд бизнесийн салбараа унагаахгүй байх чиглэлд парламентын түвшиндээ маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн Сангийн яам, Төвбанк нь уялдаатай ажиллаж чаддаг. Гэтэл манайд эсрэгээрээ энэ хоёр байгууллага нь уялдаатай ажиллаж чаддаггүй.

Асуудал ярихаараа зээл төлөлтийн хугацааг хойшлуулъя, нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулъя эсвэл халамжийн мөнгө тараая гэхээс өөр шийдэл  ярьдаггүй.

Гуравт, хөл хориог хэзээ, яаж зохион байгуулах уу гэдгийг ард иргэддээ урьдчилан тодорхой хэлж баймаар байна. Ковид 19 вирус бол шинэ зүйл биш. Дэлхийн олон орон Ковид-19 вирустэй зэрэгцэн амьдарч байна. Үүнтэй бид нүүр тулахад бэлтгэх 10 сарын хугацаа байсан. Өнөөдөр магадгүй гурав, дөрөвдүгээр сар байсан бол бэлтгэлгүй байх нь аргагүй гэж ярьж болно. Тиймээс төрийн зүгээс авч буй арга хэмжээнүүдээ тодорхой ярихгүйгээр гэнэт УОК нь хуралдаан зарлаад цагийн дараа хатуу хөл хорио тогтооно зэрэг ийм байдлаар асуудалд хандмааргүй байна.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд худалдаа, үйлчилгээний бизнесийг бүхэлд нь зогслоо. Хөл хориог тогтоохдоо ямар цар хэмжээнд авах уу гэдгийг Монголбанк, Сангийн яам  нь шийдэг байх ёстой. Гэтэл Эрүүл мэндийн яам эсвэл УОК нь шийддэг байж болохгүй.

Яагаад гэвэл хөл хорионы цаана эдийн засаг унаж улс орноороо дампуурах эрсдэл байдаг учраас. Эрүүл мэндийн эрсдэлээс давсан эдийн засгийн эрсдэл болж байгааг олж харахгүй байна.

-Мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэснээр  гарах хамгийн эхний үр дүн юу вэ?

-Дотооддоо халдвар гарангуут Монголбанк бодлогын хүүг 6 хувь болгож бууруулсныг би хувьдаа гайхаж байгаа. Өнөөдөр 2020 оны нэгдүгээр сар биш шүү дээ. Бодлогын хүүг 6 хувь болгож бууруулсан боловч нөгөө талдаа банкуудад үнэхээр бодитой мөнгө нийлүүлэхгүй бол энэ зүгээр хоосон лоозон төдий болоод л өнгөрнө. Монголбанкныхан өөрсдөө судалж үзээд бодлогын хүүгийн өөрчлөлт эдийн засагт 6-9 сарын дараа л нөлөөллөө үзүүлдэг гэж бичсэн байдаг. Ковид-19 вирустэй холбогдон үүсч буй эдийн засгийн хямралыг удирдах тал дээр Монголбанк болон Сангийн яам дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэдгийг л дахин хэлье.

"АМЬ АРГАЦААСАН ЭСВЭЛ АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДАХ ГЭСЭН ШИЙДВЭРҮҮД ГАРГАМААРГҮЙ БАЙНА"

-Эдийн засаг хүндрээд Сангийн яамнаас цалин тэтгэврээс өөр мөнгө гаргахгүй байгаа. УИХ-ын зарим гишүүн ирэх оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэхэд Сангийн сайд цаг нь болоогүй гэсэн тайлбар хэлсэн. Төсвийн тодотголд та ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн яамны сайд төсөв тодотгоно эсвэл тодотгохгүй гэсэн танин мэдэхүйн таавар ярихаа болихсон. Уг нь Ч.Хүрэлбаатар сайд 2009 онд Дэлхийн эдийн засгийн хямралаас улс орныг гаргах ажлын хэсгийг ахалж байсан. Тухайн ажлын хэсэгт би ажиллаж байсан. Хүн төрөлхтөн 10 гаруй жилийн өмнө түүхэндээ эдийн засгийн хамгийн том эрсдэлийг даваад гарсан. Одоо түүхэндээ мөн анх удаа эрүүл мэндийн эрсдэлтэй тулж байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд  Ковид-19 вирусийн эрүүл мэндийн салбар болон эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг маш тодорхой гаргачихсан байна. Үүнтэй адил Сангийн яам эдийн засгийн эрсдэлээ хэмжээд, салбар тус бүрээр нь тодорхой гаргамаар байна. Жишээ нь, хөл хорионы хугацаанд хэчнээн компани, ААН-ийн үйл ажиллагаа хүндэрч, хэдий хэмжээний мөнгөн  хохирол гаргав гэдгийг баланслаад яримаар байна.

Сангийн яам, Монголбанк хүчин чармайлтаа дараагийн шатанд гаргаж илүү идэвхтэй ажиллах шаардлагатай.  УОК нь вирус ярьдаг бус эдийн засгийн эрсдэл, ядуурлаа ярихгүй бол оройтох нь. Хэдэн ААН нь дампуурч, иргэд нь ядуурал руу шилжиж, улс нь халамжийн мөнгө тараасаар байгаад дампуурах вий.

“Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах” гэдэг шиг вирусээ дарах гэж байгаад улсынхаа эдийн засгийг сүйрүүлэх вий гэдэгт хамгийн их санаа зовж байна.

-Төсвийн алдагдал эхний 10 сараар 3.3 их наяд төгрөгтэй гарлаа?

-2009 оны дэлхийн түүхэн дэх хамгийн том эдийн засгийн хямралаар Монгол Улсын эдийн засаг 1.3 хувиар агшиж байлаа. Тэгэхээр 2020 оны 5.4 хувийн агшилт гэдэг бол маш ноцтой үзүүлэлт юм. Сонирхолтой нь Монголбанкны зүгээс хөл хорио тогтоож байгаагаас улбаалж эдийн засгийн бууралт хүлээж байснаас илүү өндөр гарна гэж мэдэгдсэн явдал юм.

Өөрөөр хэлбэл, бид эрүүл мэндийн эрсдэлдээ анхаараад эдийн засгийн эрсдэлээ зөнд нь орхиж байгаа юм биш биз дээ. Ковид-19 эрүүл мэндийн эрсдэл бол маш аюултай бөгөөд бид үүний эсрэг авч болох бүх арга хэмжээг авах ёстой. Манай төр ч энэ ажлыг их сайн хийж байна гэж харж байна. Харамсалтай нь Ковид-19 вирус эдийн засгийн эрсдэлийг яаж хязгаарлах, түүнийг хэрхэн удирдах тал дээр одоо болтол Сангийн Яам, Монголбанк хоёр цогц төлөвлөгөө танилцуулсангүй.

Гэтэл Монголбанк аль хавраас зээл олголтыг дэмжинэ, эдийн засагт шаардлагатай байгаа мөнгийг нийлүүлнэ гэсэн боловч бодит байдал дээр оны эхний есөн сарын байдлаар банкуудын нийт зээлийн багц 300 гаруй тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөнгөний нийлүүлэлт оны эхний хагаст бүүр буурч явсан үзүүлэлт ч харагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж