Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2020.11.24) хуралдлаа. Энэ үеэр гишүүд Монголбанк болон СЗХ-ноос асуулт асууж, тодруулга авсан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:
-Тодорхой хариулт өгөөрэй. Бидний ярьж байгаа асуудлууд амьдрал дээр хэрэгжихгүй байна. Зээлийн хүүг хойшлуулах юм уу? Хүүгээ төл гээд байх юм. Үндсэн зээл, зээлийн хүү гэсэн хоёр зүйл ярьж байна. Үндсэн зээлийг зургаан сараар хойшлуулна гэсэн атлаа зээлийн хүүг нь хойшлуулахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨН:
-Зээлийн хүүг тэглэх, царцаах мөн зээлийн хүүг хойшлуулах гэсэн ойлголтууд байгаа юм. Монголбанкнаас арилжааны банкуудад өгсөн үүрэг бол орон сууцны зээлийн үндсэн зээл болон хүүг аль алийг нь хойшлуулна. Төлөөгүй хугацаанд зээлийн үндсэн төлбөр дээр хүү тооцохгүй гэсэн үг. Хэрэглээний зээлийн тухайд үндсэн зээл болон хүүг хойшлуулна. Гэхдээ тухайн хугацаанд төлөөгүй хуримтлагдсан тодорхой хэмжээний хүүг нэмж төлнө. Яагаад гэвэл нөгөө талдаа хадгаламж эзэмшигч нарын мөнгө байгаа. Банк дундын зохицуулалтаар зохицуулдаг. Зарим үл ойлголцолоос болж, нэр томъёог нь буруу ашиглах тохиолдлууд бий. Тиймээс харилцагч банк руугаа холбогдоод, зээлээ хойшлуулах боломжтой.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН:
-Заавал байлгах нөөцийг буулгасан ч гэсэн банкууд шинэ зээл гаргах гэхээсээ илүүтэй зээлүүдийн хүүг нь бууруулаач гэсэн чухал хүсэлт байна. Монголбанкинд би саналаа явуулсан. Долдугаар сарын 1-нийг хүртэл зээлийн хүүг жилийн 11 хувиар тооцох хэрэгтэй байна. Тэгсэн тохиолдолд ядаж хуримтлагдсан хүүгийн төлбөр нь долоон сарын дараа арай боломжтой хэмжээнд хүрэх юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Монголбанкнаас арилжааны банкуудад шууд хямд эх үүсвэр, бодлогын хүүгээс доогуур өртөгтэй эх үүсвэр байршуулж, банкуудын үүрэх алдагдлыг хуваалцъя гэсэн санал хүргүүлсэн байгаа. Үүн дээр хариултаа өгнө үү. Үндсэн зээлийг хойшлуулсан ч хүү нь хуримтлагдаад явна. Иргэдийн цалингийн зээл хүү нь хуримтлагдана. Өнөөдөр 150.000 төгрөг зөвхөн зээлийн хүүд төлж байгаа бол долоон сарын дараа тэр нь 1 сая төгрөг болно. Иргэд, аж ахуйн нэгж үүнийг нэг дор төлж чадахгүй. Хуримтлагдаж байгаа хүүгийн зохицуулалтыг яаж шийдэх вэ? Шинэ эх үүсвэр гаргахаас илүүтэй одоо гарсан зээлийн хүүгийн дарамтыг яаж зохицуулах вэ гэдэг дээр тодорхой хариулт хэрэгтэй байна. Банкууд зээлийн төлбөрийг хойшуулахгүй байна гэсэн гомдлууд их гарч байна.
МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨН:
-Гарсан зээлүүдийн хүүг бууруулах асуудлаар Монголын банкны холбоодтой Төв банк санал солилцсон. Санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг банк өөрөө тодорхой хэмжээний эрсдэлээ дааж авъя гээд холбоогоор дамжуулж, саналуудаа өгч байна. Ойролцоогоор 1.7 функтээр өөрсөд дээрээ ачаа үүрэхэд бэлэн байна гэсэн. Гэхдээ олон хүчин зүйлээс шалтгаална. Олон хөнгөлөлтийн бодлогын эрсдэлүүдээр дамжуулж энэ хөнгөлөлтүүдийг эдэлнэ. Үүнийг бид судалж байгаа, ойрын үед шийдвэр гаргана. Таны хэлж буй саналыг Төв банк дэмжиж байгаа. Зах зээл рүү мөнгө гаргах боломжуудаа нэлээд гаргаж байна. Банкны системд зах зээл рүү 5-6 их наяд төгрөг гаргах нөөц нь бий. Гэхдээ цар тахлын улмаас эрсдэлд санаа зовж байна. Учир нь нөгөө талдаа хадгаламж эзэмшигчдийн мөнгө байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:
-Бодлогын хүүг бууруулсан нь зөв. Заавал байлгах нөөцийг буулгах тал дээр болгоомжтой байх ёстой. Одоо бол онцгой үе. Иргэд бизнес эрхлэх гэж зээл авдаг. Одоо цаг үеийн байдлаас болоод авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулах боломжгүй байна. Тиймээс зээлийн хүүг ирэх гурван сарын хугацаанд тэглэх ёстой.
МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨН:
-Заавал байлгах нөөцийг буулгахдаа холыг харсан бодлого баримтална. Зээлийг хүүг тэглэх асуудлыг Төв банк судалсан. Олон улсад, Грект зээлийн хүүг тэглэсэн байдаг ч энэ нь амжилт төдийлөн олоогүй. Мэдээж зээлийн хүүг тэглэх нь зээлдэгч нарт дарамт үүсгэхгүй ч нөгөө талдаа банк нь эрсдэлээ даах уу, эсвэл хадгаламж эзэмшигчид нь эрсдэлээ даах уу гэдэг асуудал гарна. Бодлогын хүү буурснаар хадгаламжийн хүү буурна. Дээр нь долларжих хөдөлгөөн явагдаж магадгүй. Банкны салбараас мөнгөнүүд нь гарах төлөв ажиглагдаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:
-Хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийн хүүг гурван сарын хугацаанд хүүгийн төлбөрөөс чөлөөлөх боломж байна уу? Бүр болохгүй бол хадгаламжийн хүүг гурван сарын хугацаанд тэглэх саналаа Монголбанк оруулаад ирж болно шүү дээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:
-Нийт хадгаламжийн дийлэнх хувийг цөөн хүн эзэмшдэг юм чинь хадгаламжийн хүүнээс татгалзаад, эдийн засгаа илүү дэмжсэн бодлого явуулмаар байна. Монголбанк энэ чиглэлд саналаа оруулж ирэхгүй юм уу? Иргэдийн зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулсан ч гэсэн хүүгээ төлөөд л явахаар болж байна. Зээлийн батлан даалтын сан зээлтэй хүнд зээл гаргахгүй гэдэг. Энэ байдлыг өөрчилмөөр байна.
МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨН:
-Зээлийн батлан даалтын сангаас нийт гаргаж буй зээлийн 60 хувийг гаргадаг. Хүчин чадал, нөөцийн талаар тодорхой мэдээлэл алга. Монголбанк оролцдоггүй, Сангийн яамны харьяа.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-Бид банкны нөхдүүдийг ямар том толгойтой, урт гартай, даам гарсан нөхдүүд гэдгийг бүгдээрээ мэднэ. Хэзээ Монголбанк чиглэл өгснөөр зээлийн хүү буурч байсан юм бэ. Буурчих байсан бол хамгийн багаар өчнөөн жил буураад, өнөөдөр зээлийн хүү багатай улс орон болчих боломж байсан. Одоо жаахан захиргаадалтын арга хэмжээ авмаар байна. Банкуудад Монголын төр хүнд үед нь маш олонтаа тусалж байсан. Хэдэн зуун тэрбум төгрөгөө гаргаад, өчнөөн удаа тусалж байсан. Хадгаламж эзэмшигчдийнх нь эрсдэлийг төр нуруун дээрээ авч байсан. Одоо банкууд ард иргэдээ бодох цаг зайлшгүй ирсэн байна. Зээлийн хүү, үндсэн зээлийг зогсоож байгаа зэргийг ард иргэдэд маш ойлгомжтой тайлбарлаж хэлмээр байна. Өнөөдөр банк бүр өөр өөр хэлж, өөр өөр нөхцөл шахаж байна. Монгол Улсад байгаа 1.8 сая ипотекийн зээлтэй, цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй байгаа хүмүүсийн зээлийн хүү яаж зогсох вэ? Өнгөрсөн хавар манайхан хаширсан. Үндсэн зээлийг нь хойшлуулж, зээлийн хүүг төлөөд явж байсан тохиолдол бий.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-Аж ахуйн нэгжийн авсан арилжааны зээлийг царцаасан ч хүүгээ нэхээд байна гэсэн асуудал яригдаж байна. Онцгой цаг үед хамгийн түрүүнд хадгаламжийн хүүгээ зогсоовол яах вэ. Тэгэхээр өртөг бүрдүүлж байгаа зээлийн хүү аяндаа буурчихна. Тийм учраас зээлийн хүү буугаад ирэхээр ядахдаа зогссон аж ахуйн нэгжүүдэд арай хөнгөн тусна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа таг зогссон гэдэг дээр онцгой анхаараад, зээлийн хүүг бууруулах тал дээрээ илүү ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй байна. Энэ нь хадгаламжийн хүүтэй уялдаж байна. Давтагдашгүй хүчин зүйлээ баримтлаад, гурван сар, эсвэл хагас жилээр хүүгүй болгочих хэрэгтэй байна. Зээлийн хүүг буулгах боломж бол хадгаламжийг хүүгүй болгоод өгөх хэрэгтэй. Эрсдэлээс айгаад байвал юу ч хийхгүй. Хадгаламжийн хүүгээ 3-6 сараар ч юм уу зогсоо. Одоо гудсан доороо мөнгөө хийдэг хүн байхгүй болсон. Гадны орнуудад мөнгөө хадгалуулсны төлөө банк шимтгэл авдаг болоод байна. Манайд банк нь өөрөө оршин тогтнохын тулд хүү амлаад байгаа чинь буруу байна.
МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨН:
-Гадаадын орнуудын таны хэлсэн жишиг бол Монголын эдийн засгийн суурь үзүүлэлт, эдийн засгийн тогтолцоо гадаадын өндөр орнуудын эдийн засгийн тогтолцооноос өөр байдаг. Хамгийн гол нь инфляц, ханшийн сулрал хоёр дээр оноо алддаг. Тэр тухайд төгрөгийн зардал тэр дүнгээрээ хувирч, зардал болж гардаг. Гадны өндөр хөгжилтэй орнуудтай жиших нь бас хэр зөв бэ гэсэн бодолтой байна.
Банкны системд нэг тэрбумаас дээш хадгаламжтай харилцагч нийт хадгаламж эзэмшигчдийн 20-30 хувийг эзэлж байна. Дундаж давхрагынхан 10-100 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг гэсэн мэдээллийг Монголбанкнаас өглөө.
Холбоотой мэдээ