Ж.Батзандангийн авлага ба дипломат авлига

Хуучирсан мэдээ: 2020.11.25-нд нийтлэгдсэн

Ж.Батзандангийн авлага ба дипломат авлига

Ж.Батзандангийн авлага ба дипломат авлига

УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга Ж.Батзанданг Австралид суух Элчин зөвлөхөөр томилсон талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өгсөн тайлбартаа “Түүнийг энэ ажлыг хийж чадна гэж үзсэн. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй юм” гэжээ. Үнэхээр дипломат албанд нам харгалздаггүй, чадах хүнийг нь томилдог бол Ж.Батзандан яагаад ч Австралид суух Элчин зөвлөх болохгүй байв, өөрийнх нь хэлсэнчлэн “энтертаймент” хийлгэх гээгүй юм бол шүү дээ.

Энэ бол  Монголын дипломат алба улс төрийн өгөө, аваа болсны ээлжит нэг жишээ. Монголын дипломат албанд мэргэжлийн, мэргэшсэн хүнийг томилохоос илүү улс төрийн карьер нь дууссан, тэтгэвэртээ суусан улстөрчид, ялсан намын цүнх баригчид, утсан хүүхэлдэйнүүдийн очдог, суудаг, эрх баригчдын эхнэр хүүхдээ эрхлүүлдэг газар болж хувирсан.

Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэг Швейцарын Элчин сайдын яаманд ажилладаг бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрсөн дүү Ч.Ганболдоо Тува улсад суух Ерөнхий консулаар томилуулсан. УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан Хонгконгийн Ерөнхий консулаар томилогдоод яг нэг жил болж байна. УИХ-ын гишүүн Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга хийдэг бол хүргэн н.Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажилладаг гээд дурдвал уртаас урт жагсаалт болох байх

Ж.Батзандан бол Ардын намд гавьяатай, тэр тусмаа М.Энхболдыг огцруулж, Г.Занданшатарыг УИХ дарга, Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга болгоход багагүй зүтгэл гаргасан. УИХ-ын сонгуульд Ардчилсан намын саналаас хуваалцаж, Ардын намыг үнэмлэхүй олонх болоход тус болсон.

Тэгэхээр Ж.Батзандан Ардын намын дарга нараас авах ёстой албан тушаалаа авч, Ардын нам өгөх ёстой авлигаа өгч байна гэсэн үг.

М.Энхболдыг огцруулах жагсаалыг удирдсан ордны таван тэмцэгч бүгд л шагналаа аваад дууслаа. ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар томилогдсон. Ардчилсан намаас “урвасан” хоёрын хувьд нэг нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа, нөгөө нь тун удахгүй Элчин зөвлөхөөр явна.

Цаашлаад авлагаа авахаар Ардын намын даргын үүдийг сахиж суугаа олон хүн бий. Жишээлбэл, Ө.Энхтүвшин, Ц.Цэнгэл, Б.Батцэцэг, Э.Мөнх-Очир нар. Зарим нь ч дипломат албанд томилогдох хүсэлтэй байгаагаа ил тод зарлаад явдаг болсон байна лээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны хэлснээр энэ онд багтаан хорь гаруй Элчин сайдын томилгоог Засгийн газар УИХ-д оруулахаар төлөвлөж байгаа аж. Нэмээд ирэх оны эхээр 10 гаруй Элчин сайдын орон тоо гарах юм байна. Гадаадад Монголыг төлөөлж суух, Элчин сайдууд, консул, Элчин зөвлөхүүд бол Монголын улсын “нэрийн хуудас”, манай улсыг бүхэлд нь төлөөлнө гэсэн үг. Улс хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, нийгэм, соёлын бүх талын харилцааг өргөжүүлэхэд дипломат төлөөлөгчдийн газрууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гэтэл хоёр улсын хамтын ажиллагаа, харилцааны гүүр болдог, улсын нууц, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй албыг улс төрийн наймаа болгосноос болж “Элчин сайдын яамд ур чадваргүй, зөвхөн томилсон дарга, явуулсан байгууллагадаа үйлчилдэг, тал талын төрийн байгууллагуудын шахааны хүмүүсийн бөөгнөрөл болсон. Монголоос дарга нар очихоор чемоданыг нь зөөж, дэлгүүр хэсүүлж, буцахад нь нэг шил коньяк барьж гүйсэн хүмүүс байдаг” тухай Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнгөрсөн хавар шүүмжилж суусан. Гэтэл өнөөдрийнх нь, өөрийнх нь томилгоог хар.

Манай дипломат алба хар тамхи, контрабандын хэрэгтнүүдээр дүүрсний нотолгоо нь өнгөрсөн 2019 онд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг героин тээвэрлэж яваад баригдаж Монголын нэрийг шившигтэй нь хутгасан явдал. Харин энэ хэрэгт Засгийн газрын харъяа яам, агентлагууд нь “би ч томилоогүй, чи томилсон” гээд бөөн хэрүүл болоод хариуцлага хүлээсэн хүнгүй л өнгөрсөн юм даг. Аргагүй ч, биз, дарга нар ах дүү, амраг садангаа шахаа шантааж, шагналаар гадагшаа явуулчихдаг, Гадаад харилцааны яам нь хариуцлага тооцох эрх мэдэлгүй, бодлогын биш логистикийн яам болсон байна. Дарга нарын эхнэр, хүүхдийг нь ажлаас нь халчихвал Гадаад харилцааны сайд өөрөө толгойгүй болох учраас.

Тэгэхээр авлагаа авсан Ж.Батзанданг буруутгахаас илүү авлига өгч байгаа Ардын намаас дипломат албаа аврах тухай ярих ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж