Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж байна.
Шадар сайд Я.Содбаатар түр хорооны хуралдаанд мэдээлэл хийсэнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 672 болсноос дотоодын халдварын тоо 253 байна. 253 тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш PCR-ын шинжилгээнд 18 мянган иргэнийг хамруулжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-Иргэдэд мэдээлэл маш хомс байна. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан 23 арга хэмжээ яг хэнд зориулж, ямар үр дүнд, хэнд хүрэх, хэн хамрагдах вэ зэрэг нь ойлгомжтой байх хэрэгтэй. Цар тахалтай бид 10 сар хамт амьдарлаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар нийт 53 арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Гэтэл үүнээс хэрэгжүүлсэн хөтөлбөр, зарцуулсан хөрөнгө, үр дүн, алдаа оноо нь юу байв гэдгээ ард иргэддээ тодорхой мэдээлэх хэрэгтэй байна. Одоо асуудалд сандарч самгардаад байж яах вэ. Дэлхий нийт цар тахалтай тулж хамт амьдрахаас өөр аргагүй. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн болон цаашид авах арга хэмжээнүүдийн тооцоо, судалгаа, үнэлгээтэй баймаар байна.
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-УОК-ын мэдээллүүд маш тодорхой байхад анхаарч ажиллаж байна. Төр засгаас явуулж байгаа үйл ажиллагаа ил тод, нээлттэй байхад бид анхаарч байна. Тодорхой мэдээллүүдийг өдөр тутам өгч, сайжруулж байна. ЭМЯ-наас өгч байгаа мэдээ, мэдээллүүдийг та бүхэн харж байгаа. Илүү хэсэгчилсэн мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэдэг. Сэжигтэй тохиолдлуудыг битүүмжилж байна. Өнгөрсөн хавраас Засгийн газраас авсан үр дүнгийн мониторинг хийгдсэн. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгож нэмэгдүүлснээр ямар ач тустай байна, халамжийн мөнгийг нэмэгдүүлсэн нь иргэдэд ямар нөлөө үзүүлэв, тодорхой татваруудыг тэглэснээр үр дүн нь юу байв зэргийг гаргасан. Үүнийг олон нийтэд хүргэхэд Сангийн яам идэвхжүүлэлтээ хийж ажиллах байх аа.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
-Ард түмэн айдаст бүү автуулаач, мөн бүү бухимдуулаач гэж хүсч байна. УОК-оос нэг шийдвэр гардаг, эсвэл хотын захирагч өөр шийдвэр гаргадаг зэрэг төрийн байгууллагуудын удирдлагууд нь ойлгомжгүй шийдвэр гаргаж байгааг шүүмжилж байна. Засгийн газрынхаа шийдвэрээр явж болдоггүй юм уу? Гаргасан бүх шийдвэр нь иргэдэд маш ойлгомжгүй, эргэж буцсан ийм л шийдвэр гаргах боллоо. Үүнд цаашид хэрхэн анхаарах вэ?
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-Бүх шийдвэр буцаагүй ээ. Хөл хориог хязгаарлах нь нийт гаргаж буй шийдвэрүүдийн ганцхан хэсэг нь. 1.7 сая хүний хөл хориог хязгаарлах тухай шийдвэрийг хумилт хийхдээ өмнөх өдрийн машины ачаалал, хөдөлгөөний ачааллыг харж байгаад гаргасан хоёр ойрхон шийдвэр гарсан. Үүнээс өөр гарсан шийдвэр буцсан зүйл байхгүй. Шийдвэр бүр бүх хүнд энэ үед таалагдах боломжгүй, УОК зайлшгүй авах арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:
-Иргэд хатуу хөл хорионд дасч эхэлж байна. УОК, Засгийн газар сайн ажиллаж байна. Цаашдаа хумилтыг барих ч боломжтой гэж харж байна. Иргэдийн дунд нийслэлд гацсан иргэд, мөн оюутнуудыг орон нутаг руу буцах, орон нутагт гацсан иргэдийг нийслэл рүү буцаах асуудлаар их хүсэлт тавьж байна. Энэ асуудлыг хэрхэн яаж зохион байгуулах вэ? Шинжилгээнүүдээ яаж авах вэ? Зохион байгуулалтын ажлаа яаж хийх вэ? Голомттой аймгуудад хатуу хяналт үргэлжлэх нь зөв байх. Харин халдвар илрээгүй аймгуудад хөл хориог сулруулах уу? Вакцин оруулж ирэх асуудлаар Засгийн газар хэрхэн ажиллаж байна вэ?
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-Орон нутгаас нийслэлд гацсан асуудал бидний санааг зовоож байна. Нийтдээ 27 мянган иргэн нийслэлээс орон нутаг руу явах, хөдөөгөөс нийслэл рүү чиглэсэн 12 мянган иргэн байна гэсэн судалгаа урьдчилан гарсан. Цаашид энэ тоо нэмэгдэх байх. Орон нутгийн иргэдийг ойрын өдрүүдэд буцаах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программ ажиллана. Одоо нийслэлд амьдарч байгаа хаяг, тухайн орон нутагт очих хаяг гэх мэт асуумжийг онлайнаар бүртгээд, үүний дагуу шинжилгээ өгөх цэгийг нь цаг минуттай нь эргээд мэдээлнэ. Ингээд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад, мөн 10, 10-аар нь PCR-ийн шинжилгээнд хамруулаад хотоос гаргахаар ажиллаж байна. Хот хоорондын тээврийг яаж явуулах вэ зэргээр нэг бүрчлэн бэлтгэл ажлыг хангаж байна. Түргэвчилсэн оношлуур эрсдэлтэй байгаа юм. 97 хувийн магадлалтай буюу 100 хүнээс гурвыг алдах магадлалтай учраас давхар PCR-ийн шинжилгээнд хамруулна. Эрүүл бүс рүү халдвар алдахаас сэргийлэх ёстой. Асуудалд ингэж л хандаж байна. Бид жаргал, зовлонг ойлгож байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:
-Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш яах вэ. Хөл хориог сулруулах уу гэдэгт иргэд хүлээлт тавьж байна.Энэ талаар чиглэл гарсан уу. Ялангуяа өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс үүнийг харж байга байх. Хотын зүгээс иргэдийн орлогыг таслахгүй, ажлын байрыг хадгалах тал дээр ямар бодлого барьж байна вэ. Хяналтад халдварыг барих нь чухал ч гэлээ бусад асуудлаа ч гэсэн хамтад нь авч явах ёстой. Бусад улсууд яагаад тэг зогсолт хийгээд, хөл хорио тавихгүй байна вэ. Маш болгоомжтой хандаж байгаа. ОХУ ч гэсэн эдийн засагтай холбоотой асуудал дээр маш болгоомжтой хандаж байна. Эдгээр улс яагаад ингэж байна вэ гэдгийг нь судлах хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:
-Халдвар дотооддоо тархаад 13 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд халдвар голомтолсон хэлбэрээр илэрч байна. Улаанбаатар хотын хувьд хоёр голомтоос эх үүсвэртэй ойрын болон хоёрдогч тохиолдлууд илэрч байна. Арванхоёрдугаар сараас хойш хөл хориог яах вэ гэдэг асуудал халдварын тархалт хэрхэн үргэлжлэхээс ихээхэн шалтгаална. Одоогийн байдлаар хатуу хөл хориог үргэлжлүүлэх, эсвэл цуцлах гэсэн шийдвэр гаргахад эрт байна. Халдварын тархалтаас л хамаарна. Хэрвээ шинээр голомтууд гараад байвал хатуу хөл хорионы дэглэм үргэжлэхээс өөр аргагүй болно. Хэрвээ шинэ голомт нэмж бүртгэгдэхүй байвал хөл хорионы дэглэмээ дөрвөн үе шаттай авч хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН:
-Улс орнуудын туршлагыг судалж байгаа. Нийслэлийн хэмжээнд тэг зогсолт огт хийгээгүй. Эхнээсээ хүнс болон бусад дэлгүүрийг хэвийн ажиллуулж байгаа. Хэдийгээр бид цар тахалтай тэмцэж байгаа ч гэсэн нөгөө талдаа эдийн засаг, аж ахуйн нэгжүүдээ авч явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс явуулж болох бизнесийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахаар ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлыг сааруулж огт болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс хотын захиргаа үүнд нийцүүлэн холбогдох аргаа хэмжээнүүдийг авч байна. Аль болох тэг зогсолтоос татгалзаж байгаа. Өдөртөө орлогоо олоод амьдардаг такси, барилгын ажилчид зэрэг эдгээр хүмүүсийн амьдрал хүнд байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:
-Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ. Эдийн засгаа асуудлаа зэрэгцүүлж авч яваарай гэдгийг УОК-оос хүсмээр байнга.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:
-Өнөөдрийн байдлаар 323 хүн эмчлүүлж байна. Үүнээс хүнд хоёр, хүндэвтэр дөрөв, хөнгөн 277 хүн байна. Сэлэнгэ аймагт тохиолдол эрчимтэй нэмэгдсэн учраас өндөр настай хүмүүс хүндрэх нөхцөл байдал бий болж байна. Сэлэнгэ аймагт 82 болон 90 настай хүмүүс халдвар авсан. Өндөр настай хүмүүс архаг хууч өвчтэй байдаг учраас хүндрэх эрсдэл нэмэгдэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:
2Манайд гарсан тахал Ухань хотод гарсан тахалтай адил уу, эсвэл мутацлагдаад өөр хэлбэрт орчихсон юм уу? Монгол хүн жилдээ хоёр, гурван удаа ханиад хүрдгээс дархлаа өөр байна уу? Ер нь энэ нь тахал уу, ханиад уу? Мэргэжлийн зүгээс хариулт өгнө үү. Тахал гэж айлгаж, дэлхий нийтээр чичрүүлж, улс төр бизнесийн бүлгүүд вакцинаар шахах байдал байгаа. Улс орон бүр янз бүрээр хүлээн авч байна. Хэтэрхий хүндээр хүлээж аваад, эдийн засгаа унагачих вий гэж эмзэглэх юм. 20 хоногийн хорио тогтоолт 200 хүний амьдралд нөлөөлнө.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:
-Энэ өвчин цар тахал болох нь тогтоогдсон. Вирус өөрчлөгдөн мутацид орж байгаа шинж тэмдэг олон улсад гарч байна. Нийт өвчилж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн хэлбэртэй байна. Тиймээс манай улсад одоогийн байдлаар маш хүнд хүн байхгүй. Манай улсад эрт арга хэмжээ авч, илрүүлэг хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа учраас хүндрэл бага гарч байгаа юм. Дархлаа тогтолцооны хувьд хүн ам, хэрэглэж байгаа хоол хүнс, оршин сууж буй газраас шалтгаалан дархлааны тогтолцооны хувьд өөр өөр байдаг. Тиймээс манай улсын хувьд өөр байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-Эдийн засгаа хамтад нь авч явахгүй бол болохгүй. Экспорт, импортоо хэрхэн анхаарч байна вэ? Зам-Үүдэд 50 жолооч цаана гачихсан. Өдөрт 150 машин гарч байна. Өмнө нь өдөрт 300 машин гардаг байсан. Хятадын талтай яриад оролт, гаралтаа нэмэгдүүлэхгүй бол экспорт, импортод нөлөөлөх нь ээ. Хоёрдугаарт, Ханги-Мандалаар гарч байгаа машины тоо маш ихээр буурчихлаа. Өвчнийг давж гарах нь чухал ч гэлээ эдийн засгаа унагаачих вий. Нийгмийн халамж хөдөө, орон нутагт очихгүй байна.
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-Бид нэг талаасаа иргэдийн амь насыг хамгаалах, нөгөө талдаа эдийн засгаа унагахгүй байх гэсэн ийм хоёр хайчин дунд л шийдвэр гаргаж байна. Эдийн засгаа дэмжихээр халдвар нэмэгдчих гээд байдаг. Гэхдээ эдийн засгаа дэмжих чиглэлд хэд хэдэн арга хэмжээ авч байна. Экспортын гол уурхайнуудыг онцгой дэглэмд шилжүүлсэн. Хамгаалалтыг нь өндөржүүлсэн. Энэ сарын 20-ноос хойш Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтууд үндсэндээ зогссон. Өчигдрөөс Хятадын талтай ярьж, өглөөний 11 цагийн байдлаар Гашуунсухайт боомтоор нүүрсний 112 машин, бараа материалын 27 машин гарсан. Мөн зэсийн баяжмалын 16 машин гарсан. Шивээхүрэн боомтоор өглөө 113 машин гарсан. Аль болох нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Хөдөө орон нутагт иргэдийг явуулахын төлөө л байна. Эрсдэлээс л шалтгаалж байлгаад байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:
-УОК, Засгийн газар халдварыг хяналтдаа авсан гэсэн мэдээлэл өгсөн ч Эрүүл мэндийн яамны өгч буй мэдээллээс өөр байна. Тиймээс өгч байгаа мэдээллээ ойлгомжтой өгөх шаардлагатай байна. Гишүүдийн хэлсэнтэй санал нэг байна. Орон нутагт болон нийслэлд гацсан иргэдийн асуудлыг даруй шйидвэрлэх нь зөв өө. Ийм онцгой нөхцөл байдлын үед хурал чуулганаа яг л цагтаа эхэлж баймаар байна. Өнөөдөр л гэхэд Түр хорооны хурал 20 минут хоцорч эхэлж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. УОК-ын удирдлагууд энд бүтэн өдөр сууж, гишүүдийн асуултад хариулж байна. Аль болох шуурхай зохион байгуулж, тэднийг ажлыг нь хийлгэе. Онцгой байдлын үед удирдлага, зохион байгуулалтын асуудал маш чухал.
УИХ-ын танхим, хуралдаануудад оролцож байгаа бүх хүн халдвар хамгааллын дэгийг зайлшгүй сахих хэрэгтэй. Гэрээсээ гарсан бол маскаа зүү, гараа угаах зарчмыг дэлхий нийтээрээ мөрдөж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:
-Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд иргэдийн эрүүл мэнд дээр анхаарах, ажилтай орлоготой болгох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин, онцгой анхаарч, төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй байна. Төсвөө цаг алдалгүй тодотгож, зардлаа эрэмбэлэх, ирэх 2021 оны 6, 7 дугаар сар хүртэл нөөц төлөвлөгөөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Ингэхгүйгээр ирэх оны эхэн үе эдийн засаг хүндэрнэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үүнийг Сангийн сайд яаж харж байна вэ?
Бусад улс орнууд Covid-19 туссан хэрнээ эдийн засгийн үйл ажиллагаа нь жигд явж байна. Үйлдвэр, үйлчилгээний газрууд нь тусгаарлах хаалт хийж, маск, бээлийгээ зүүгээд, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Мөн маскийг хаа сайгүй үнэгүй тарааж, зээлийн хүүгээ бууруулж байна. ЖДҮ-ийг дэмжин, ялангуяа олон хүнийг ажлын байраар хангадаг, үйлчилгээний газрууд руугаа илүү анхаарч, арга хэмжээ авч явуулснаар цар тахалтай амжилттай тэмцэж, эдийн засаг, иргэдийн худалдан авах чадвар хэвийн байна. Бид эдгээр асуудалдаа яаж анхаарах вэ, төлөвлөгөө байна уу?
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-Бид хийж байгаа ажлуудтайгаа уялдуулаад ямар үед ямар арга хэмжээ авах талаар нэгбүрчлэн төлөвлөгөө гаргасан. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш өвчний тархалт, голомтыг хумьж байгаа байдалтайгаа уялдуулаад 1-5 үе шатанд хуваасан. Энэ үед ямар байгууллага, ямар зарчмаар ямар дэгээр ажиллах зэрэг бүх төлөвлөгөө байна. Ямар үед авто үйлчилгээ, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдах, хэдэн хүнийг нэг дор цуглуулах вэ, өвчлөлийн ямар үед хариу арга хэмжээнүүд авах вэ гэдгийг төлөвлөгөөнд тодорхой тусгасан. Олон нийтэд нээлттэй танилцуулна.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
-Өнөөдрөөр дүр зураг тодорхой болоогүй байна. Вакцин ч гарч байна. Энэ оны төгсгөл гэхэд вакцин хэрэглээнд нэвтрэх магадлал өндөр байгаа учраас дэлхийн эдийн засаг, түүний дотор үйлчилгээ зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Юуны өмнө төсөв тодотгоно гэж яриахаасаа илүүтэй өнөөгийн нөхцөл байдал эдийн засаг, нийгмийн ямар салбаруудад илүүтэй нөлөө үзүүлэх вэ гэдгийг тодорхойлж байж төсвийн тодотголыг ярих хэрэгтэй. Түүнээс биш наана нь төсвийн тодотголыг яриад, дараа нь бусад асуудлыг ярих нь учир дутагдалтай. Эхлээд нөлөөллийг нь сайтар ярьж байж төсвийн тодотгол хийх эсэхийг ярина. Үйлчилгээний байгууллага, ААН, байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлд орох нь зөв болов уу.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:
-10 сар халдвартай нүүр тулчихаад, аль салбарт илүү нөлөөлөх нь вэ гээд яриад сууж болохгүй. Аль хэдийнэ тодорхой болчихсон байх ёстой. Төлөвлөгөөгөө гаргаад, иргэддээ урьдчилаад мэдээлдэг баймаар байна. Маск үнэгүй тараах асуудал халамжийн бусад бодлогоос илүү шүү. Үүн дээр анхаарах боломж байна. Мөн маск, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хувийн хэвшлийнхэн ч оруулж ирж байна. Эдгээрийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авч байна вэ?
Мах ховор байна. Өнөө өглөө гэхэд "Хүчит шонхор" зах дээг нэг кг мах 7000-9000 төгрөгийн хооронд зарагдаад дуусч байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:
-Маскны хүрэлцээ хангалттай байгаа. Нөөц бүрдүүлсэн. Маск худалдан авах боломжгүй иргэдийн тооцоо судалгааг гаргасан. Нийт 10 мянга өрх байна. Тэд халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт орж байгаа учраас шинжилгээнд хамруулж, маск тараах ажил өнөөдрөөс эхэлсэн.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:
-Хэв маягаа эвдье л дээ. Улс оронд хүнд байдал үүсчихээд байхад нөгөө нэг хэд чинь нөгөө л юмаа асуугаад, нөгөө хэд нь хариулж байна. Ийм хачин юм гэж юу байдаг юм бэ. Одоо жаахан шуурхай ажиллаж болдоггүй юм уу. Тэр мах зах гээд 1000 юмыг чинь өнгөрсөн дөрөв дэх өдөр өчнөөн ярьчихсан. Автобусанд чихэлдэж байна гээд л. Надад нэг горимын санал байна. Одоо больё, эрхэм гишүүд ээ. Ийм жонхуу царайтай, үхээнц дорой байж болохгүй. Ард иргэдэд асар олон асуудал үүсчихээд байна. Газар газар түгжигдсэн хүмүүсээ яах юм. УОК-оос долоо хоногт бүтэн асуулаа шүү дээ. Онцгой комисс долоон хоног асуултад хариуллаа. Юу хариулж байгаа юм бэ. Одоо дахиад судалж үзнэ гэнэ. Тэгвэл юугаа хийж хүмүүсийг баахан түгжсэн юм. Энэ хугацаанд халдвараа хумьж ав гэсэн хугацаа шүү дээ. Манай түр хороо ажлаа хий. Одоо энэ хүмүүстэй ярихаа больё. Цаад хүмүүстэй нь ярья. Хоёр санал би хэлье. Эдийн засгийн асуудлаа тусдаа ярья. Энэ оношлогоо эмчилгээн дээр чинь маш их эргэлзээ төрж байна. Одоо Я.Содбаатар, Т.Мөнхсайханаас асуугаад хэрэггүй. Мэргэжлийн хүмүүс, судлаачдыг дуудаж ирээд, нэгдмэл ойлголтод хүрье. Би энэ хүмүүсээс чинь одоо юугаа асуух юм бэ. Дөрөв дэх өдөр яг ингээд л ярьцгаасан. Түгжигдсэн хүмүүсээ явуулж чадах юм уу?
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:
-Төрийн байгууллагууд өөр өөрсдийнхөө чиглэлээр ажлаа хийж байна.
ШАДАР САЙД Я.СОДБААТАР:
-Түгжигдсэн иргэдийн асуудал дээр Н.Алтанхуяг аа, та Шадар сайд байгаад ч гаргаж чадахгүй. Яагаад гэхээр энэ эмнэлгийн заалттай байгаа юм. Тараана гээд байгаа болохоос бид энд хориод байгаа зүйл биш. Тархалтаас хамаарч байгаа. Тохиолдлын тоо зогсвол иргэдийг гаргана. 14 хоног хорино, хатуу хөл хорионы зарчим. Ажлаа хийчихсэн, бүртгэл, нэрсээ гаргачихсан. Ямар эрсдэл байна вэ гэдгийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр л явна. Та ийм хэмжээний ажлыг хийж байсан хүн. Таньтай би өмнө нь утсаар ч ярьсан. Битгий ийм хоёрын хооронд улс төр хийж бай. Энэ дүгнэлтүүдийг мэргэжлийн байгууллага нь гаргаж байгаа. Би гаргаж байгаа юм биш. Та ийм хэмээний ажил хийж байсан хүн хамгийн сайн мэдэж байгаа. Би өнөөдөр ч энэ хүмүүсийг гаргамаар байна. Надад ч гэсэн хүмүүс их хандаж байна. Гэтэл аймгуудад эрсдэл үүснэ. Улаанбаатарт өчигдөр иргэд дундаас хоёр тохиолдол гарчихлаа. Дахиад л хойшлуулж байна, гаргах бэлтгэлээ хангахчихсан бид.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:
-Та нар яасан эмзэг юм бэ. Улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндийн асуудал хүнд хэцүү байгаа учраас би хэлж байгаа юм. Юунд нь эмзэглээд байгаа юм бэ. Чиний хийх ёстой ажил. Чиний шийдэх ёстой ажил, чадахгүй бол байраа тавьж өг. Дараачийнхаа хүнийг гарга. Та нар яах гээд ингээд бүхэл бүтэн улс орны өмнө шийдвэр гаргаж чадахгүй суугаад байгаа юм бэ. Оношлуурт би санаа зовж байна. Засгийн газрын багц 23 арга хэмжээнд иргэд, ААН-д тусах ганц ч заалт байхгүй.
Холбоотой мэдээ