Лигийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Лигийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Лигийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилсан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах 2015-2016 оны хичээлийн жилийн тэмцээн ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Биеийн тамир, спорт сонирхогчдын холбооноос лигийн тэмцээний техникийн зөвлөгөөнийг хийлээ.

Зөвлөгөөнөөр тоглолт тойргийн системээр явагдаж, плей-офф, финал гэсэн шатлалаар аварга багуудыг тодруулахаар болсон. Тэмцээнд сургууль тус бүрээс охид хөвгүүдийн баг оролцоно гэдгийг дасгалжуулагч багш нарт дуулгасан юм. Мөн баг тамирчдын бэлтгэл сургалт болон тоглолтууд ФИБА-ийн стандартын дагуу охид GM-6, хөвгүүд GM-7 бөмбөгөөр явагдахаар боллоо.

Тэмцээнийг Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны дагуу МСШХ-оос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулах юм. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулиудын лигийн тэмцээний шилдэг дасгалжуулагч, тэргүүн хоёр тоглогчийг шалгаруулж шагнаж, урамшуулах аж.

Дашрамд сонирхуулахад, сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчилах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах, гадаад улс оронд очиж, сургуулиудын баг тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх зорилготой тус тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс