"Covid-19-ийн улмаас эмчлүүлж, эдгэрсэн иргэдийг судалгаанд хамрууллаа" | News.MN

"Covid-19-ийн улмаас эмчлүүлж, эдгэрсэн иргэдийг судалгаанд хамрууллаа"

"Covid-19-ийн улмаас эмчлүүлж, эдгэрсэн иргэдийг судалгаанд хамрууллаа"

"Covid-19-ийн улмаас эмчлүүлж, эдгэрсэн иргэдийг судалгаанд хамрууллаа"

ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Л.Насанцэнгэлтэй ярилцлаа.


Л.Насанцэнгэл нь 1990-1997 онд АШУИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд багшаар, 1997 оноос СЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар, 2013 оноос Ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрбээр салбартаа 30 дахь жилдээ ажиллаж буй мэргэшсэн Зөвлөх зэргийн эмч бөгөөд олон эмч, мэргэжилтэн, магистр, докторууд бэлтгэсэн билээ.

-Танай байгууллагаас Covid-19-ийн улмаас эмчлүүлж эдгэрсэн хүмүүс дээр судалгаа хийгээд дуусчээ. Энэ судалгааны талаар та бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчний дэгдэлт бүртгэгдэж, 2020 оны нэгдүгээр сарын 7-нд шинэ төрлийн коронавирус (SARS-CoV-2)-ээр үүсгэгдсэн болохыг тогтоосон. Манай улсад 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 289 тохиолдол эдгэрсэн байна. Монгол Улсад бүртгэгдсэн шинэ коронавируст халдварын эдгэрсэн тохиолдлуудад хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлсэн судалгаа байхгүй байсан. Тиймээс Эрүүл мэндийн сайдын үүрэг даалгавраар СЭМҮТ,  ХӨСҮТ хамтран Коронавируст халдварын улмаас эмчлэгдэж, эдгэрсэн хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын судалгааг хийсэн. Магадгүй олон нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа гэхээр таагүй сонсогдож болох юм. Гэхдээ аливаа өвчин  биеийн болоод сэтгэл санааны өөрчлөлтийг адилхан бий болгодог учраас бид дан биеийг нь эмчлээд орхих биш сэтгэл зүйг нь  мөн анхаарч хамт эмчлэх ёстой байдаг. Сэтгэл зүйн тусламжийг нотлогдсон судалгаа, тооцоолол дээр үндэслэн шинжлэх ухаанчаар үзүүлэх хэрэгтэй. Манай улс сэтгэцийн оношилгоогоороо дэлхийд дээгүүрт,  эмийн эмчилгээгээр Номхон далайн баруун эргийн бүсийн хэмжээнд байгаа.  Манай эмч мэргэжилтэнгүүд дэлхийн 30 гаруй орны тусламж үйлчилгээтэй очиж танилцаж, суралцаж, бид эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээрээс манай улс хаана явж байгаагаа тооцоолдог учраас өөрснийгөө ингэж үнэлж байгаа юм.
Коронавируст халдварын улмаас эмчлэгдэж, эдгэрсэн хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг авч үзэхэд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойрны өөрчлөлт зонхилон тохиолдож байсан. Мөн коронавируст халдварын улмаас ажил, амьдралд нь, өрхийн орлогод өөрчлөлт орсон нь илүү сэтгэл зүйд нь нөлөөлсөн нь судалгаанаас харагдаж байсан. Бид судалгаагаар сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойрны өөрчлөлтийг үнэлэх, нөлөөлж буй зарим хүчин зүйлийг судлах ажлуудыг хийсэн.

-Судалгаанд нийт хэдэн хүнийг хамруулж, хэр хугацаанд үргэлжилсэн бэ. Судалгаанд хамрагдсан хүмүүс дургүйцэх юм уу татгалзаж байв уу?

-Бид судалгаандаа өнгөрсөн гуравдугаар сарын 10-аас наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл ХӨСҮТ-ийн Шинэ болон сэргэж буй халдварын тасагт шинэ коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж эдгэрсэн, мөн “Энхсаран” сувилалын газар, гэрийн ажиглалтанд байгаа болон ажиглалтаас гарсан нийт 289 эдгэрсэн иргэдтэй утсаар холбогдон уг судалгааны ажлын зорилго, зорилт, арга аргачлал, нууцлал, ашиг тус зэргийг багтаасан таниулсан зөвшөөрлийн хуудсыг тайлбарлан танилцуулж, судалгааанд оролцохыг зөвшөөрсөн 147 иргэнийг хамруулж, хоёр үе шаттай хийж гүйцэтгэлээ. Манай Б.Нацагсүрэн нарын эмч, эрдэмтэд энэ судалгааг гардан хийсэн.

Судалгаанд хамрагдсан хүмүүст сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн, 18-аас 64 хүртэлх насны, тухайн иргэн болон асран хамгаалагч нь асуултыг ойлгох, хариулах чадвартай байх гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтийг тавьсан.

Судалгаанаас харахад коронавируст халдвар (COVID-19)-ын улмаас эмчлэгдэж эдгэрсэн хүмүүсийн дунд зонхилон тохиолдох сэтгэцийн тулгамдсан асуудлыг судлахад сэтгэл түгшилт 21.1 хувь, нойрны өөрчлөлт 4.1 хувь, стресс 6.1 хувь, сэтгэл гутрал 6.8 хувийн тархалттай байсан. Бид судалгааны дүнгээ ижил төстэй судалгааны дүнтэй харьцуулахад сэтгэл гутрал 7.2-12.2 хувиар бага, сэтгэл түгшилт 2.5-10.7 хувиар их байсан. Үүнийг Монгол Улсын нийт хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгтэй харьцуулахад сэтгэл гутрал, сэтгэл түгшилт нь бага зэрэг өндөр хувьтай байсан ч органик бус нойрны эмгэг бага тархалттай байсан. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн 66.8 хувь ганцаарчилсан, 19.4 хувь утсаар, 2.7 хувь цахимаар сэтгэлзүйн зөвлөгөө авах саналыг өгсөн байлаа.

-СЭМҮТ-ээс Монголын хүн амын сэтгэцийн судалгааг хийсэн. Одоо бид өөрсдийн сэтгэл зүйн онцлог, төлөв байдлаа мэддэг болсон гэж ойлгож болох уу?

-Өнөөдөр хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байна. 2020 онд ДЭМБ-аас нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байна гэж дүгнэсэн.  1984-1992 онд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг анх удаа хийсэн байдаг. Үүнээс хойш 28 жилийн хугацаанд энэ судалгааг огт хийгээгүй.  Сэтгэцийн эмгэг их, бага байгаа эсэхийг ерөөсөө мэдэхгүй байсан гэсэн үг. Тиймээс бид өргөн баг бүрэлдэхүүнтэй улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийг хамруулан насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг хийлээ. Судалгаагаар зургаан  зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт, нөлөөлөх хүчин зүйлийг тогтоосон. Мөн хүүхэд, өсвөр үеийн сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгааг улсын хэмжээнд мөн л  хийсэн. Үндсэндээ бид улсын хэмжээнд хоёр том судалгааны ард гараад байгаа юм. Хүүхэд, өсвөр үеийн судалгаандаа нийт ЕБС-д сурч буй 2250 сурагч, тэдний 2250 эцэг эх, 70 багшийг хамруулсан. Түүнчлэн долдугаар ангийн сурагчдад хийсэн судалгаагаа 11 дүгээр ангид ороход нь буюу дөрвөн жилийн дараа давтан когорт судалгаа хийсэн. Ингээд харахад сэтгэл хөдлөл, зан үйлийн хувьд 60.5 хувь нь эрүүл, 30.5 хувь нь тулгамдсан асуудалтай, 9 хувь нь эмгэгтэй болсон байсан.

Сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийн хувьд компьютер байнга тоглодог 73.8 хувь, худал ярих 50 хувь, хулгай хийх 48.8 хувь, зодолдох 41.3 хувь гэсэн шинжүүд илүү байсан. Сэтгэл хөдлөлийн хувьд сэтгэлээр унаж гуниглах нь 43.8 хувь, сэтгэл түгших 38.8 хувь, анхаарал тогтворгүй байх нь 47.5 хувь, нойрны хямрал 15 хувь, толгой өвдөх 15 хувь зэрэг түгээмэл шинжүүд гарсан.

Энэ судалгааны талаар товчхондоо дүгнээд хэлэхэд хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй болгоход эцэг, эх нь архи хэрэглэдэг байх, салалт, эцэг эхээсээ хол амьдардаг байх нь маш их нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан. Эцэг, эхчүүд бид үр хүүхдээ ирээдүйд хэрхэн төлөвшиж, сайн, муу хүн болоход нь өөрсдөө их нөлөө үзүүлдэг гэдгээ мэддэг боловч, амьдрал дээр үг, үйлдлээ анхаарч, өдөр тутамдаа хэвшил болголгүй хаядаг. Хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйлд гэр бүлийн хүмүүжил, эцэг эх, асран хамгаалагчийн төлөвшил, амьдралын дадал, зуршил ихээхэн нөлөө үзүүлдэг гэдгийг бид ямагт анхаарах хэрэгтэй. Үүнийг шинжлэх ухаан хүртэл батлаад судалгаа, үнэлгээтэй нь гаргаад байгаа юм шүү.

-Манай улсын хүн амын зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгт ямар эмгэгүүд нь илэрч байсан бэ?

-Улсын хэмжээнд хийсэн тус судалгаанд хугацаа нэлээн орсон. Судалгаагаар насанд хүрсэн хүн амын дунд органик бус нойргүйдэл 17.5 хувь, архаг ядаргаа 16.2 хувь, сэтгэл түгшилт 18.4 хувь, биеийн хэлбэрийн эмгэг 11.9 хувь, сэтгэл гутрал 6.2 хувь, архинд донтох эмгэг 6.4 хувьтай гарсан. Бид уг судалгааны тархалтыг 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин өссөн байсан. Бид судалгааны үзүүлэлт ийм байна гээд орхих биш түүнд чиглэсэн нарийвчилсан оношилгоо, эмчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна.

-Иргэдийн хувьд СЭМҮТ-ийг шар хадны эмнэлэг гэдгээр нь мэддэг байлаа. Гэтэл өнөөдөр улсын хэмжээний гол чиглүүлэх үндэсний төв гэдгээр нь тэр болгон анзаардаггүй байсан байх?

-Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол Улсын 3.3 сая хүн нэг бүрт хамаатай. Манай төв 570 хэвтүүлэн эмчлэх ортой, орны тоогоороо улсдаа ЭХЭМҮТ-ийн дараа ордог үндэсний лавлагаа том төв юм. Бид эрүүл, саруул Монгол хүний төлөө шинжлэх ухаан, анагаах ухаан, онол, практикыг хослуулан ажиллаж байна. Дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа явцад сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж байдаг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг.

Өнөөдөр манай иргэдийн хувьд нойргүйдэл, архаг ядаргаа, архинд донтох, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, биеийн хэлбэрийн эмгэг гээд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүд нийтлэг байна.

-Түүнчлэн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бодисын хэрэглээ дэлхий нийтэд анхаарал татсан асуудал болоод байна. Дээр дурдсанчлан хүүхэд, өсвөр үеийнхний  сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэг, тулгамдсан асуудал нь  зөв  төлөвшилтэй, эрүүл бие хүн болоход нь нөлөөлж байна. Цөөн хүн амтай манай улсын хувьд нас баралтын шалтгааны есдүгээрт амиа хорлолт орж байна. Ингээд энэ бүхнээс харахад СЭМҮТ  нь оношилгоо эмчилгээ, эрдэм, шинжилгээ, сургалтын гол түшиц байгууллага бөгөөд  бусад салбаруудыг зөвлөгөө, мэдээлэл, арга зүйгээр хангах, хариу арга хэмжээ авах гээд бүх талын ажлыг улсын хэмжээнд гүйцэтгэдэг том институт юм.

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд танай төвөөс ямар ажлууд дээр төвлөрч байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын “эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх” бодлогыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа газруудын нэг нь  манай СЭМҮТ гэж хэлж болно. Улсын хэмжээнд 161 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 797 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, ажилтан, 20 гаруй доктор, профессор, зөвлөх эмч нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

-Бид төвлөрлийг сааруулах зорилгоор ганц СЭМҮТ дээр гэхгүй 21 аймаг, 9 дүүрэгтээ оношилгоо, эмчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. 

-Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэнд бол ганц эрүүл мэндийн салбарын ажил биш байдаг учраас бусад салбартай хамтран ажиллах ажлаа улам эрчимжүүлсэн гэж хэлж болно. Үүнд БСШУСЯ-тай хамтран хүүхэд өсвөр үеийнхэнд  сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох,  багш нарыг сургах, ХНХЯ болон Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүчирхийллийн эсрэг ажил, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажил,  ХЗДХЯ болон ЦЕГ-тай хамтран мансуурал, гэмт хэргийг бууруулах чиглэлээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай албадан эмчилгээний чиглэлээр хамтран, олон сургалт зохион байгуулж, газар дээр нь сургаж, ном гарын авлагуудыг боловсруулан ажиллаж байна. Манайх бусад салбарын мэргэжлийн байгууллагуудыг сэтгэцийн эрүүл
мэндийн чиглэлээр мэргэжил, арга зүйгээр хангаж буй гол байгууллага юм.

-Танай төвийн бидний хэлдэгээр “ядаргааны тасаг”-т хэвтэх оочер 1000 хол давсан байдаг гэж байсан. Үүнээс харахад нийгэмд энэ талын эрэлт, хэрэгцээ их байгаа нь харагдаж байна?

-СЭМҮТ-д 30 ортой стрессийн шалтгаант сэтгэц эмгэгийн клиник байдаг. Өнөөдрийн байдлаар хэвтэхээр дараалалд  бичүүлсэн 1000 гаруй хүн байна. Нэг хүн дунджаар 10 хоног хэвтэн эмчлүүлдэг. Сардаа 90 хүн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай. Үүнээсээ заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж ялгасан 147 хүн байна. Өөрөөр хэлбэл уг тасагт маань 45 хоногийн очер хүлээгдэж байна гэсэн үг. Энэ эрэлт, хэрэгцээ нь стрессийн шалтгаантай сэтгэцийн өвчин ихэссэнийг харуулж байгаа юм. Гэхдээ энэ бол нэн шаардлагатай, яаралтай тусламж биш шүү дээ. Эрүүл мэндийн сайдын бодлогод нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зөв тогтолцоог бий болгоно гэж тусгасан. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  маань өвчлөхөөс нь өмнө нь урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол, зөв амьдрах дадлыг нас насны ангилалд хэвшүүлэх,  стрессээс үүдэлтэй сэтгэцийн өвчлөлийг бууруулах бодлого барьж байгаа.  Энэ хүрээнд бид иргэддээ сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг нас, хүйс, зорилтот бүлгээр нь ангилан хүргэх, хүний нөөцийг хангалттай бэлтгэх, чадваржуулах, иргэдийг стресс, сэтгэл зовнилоо зөв тайлдаг болгох ойлголт, мэдлэгийг өгөхөд анхаарч байна. Цаашид иргэддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг нэгжүүдийг дүүрэг, орон нутгийн Эрүүл мэндийг дэмжих төвүүддээ бий болгон, иргэд өөрт ойр дэмжих төвөөсөө сэтгэл зүйн зөвлөгөөгөө авдаг болгохыг зорьж байна.

-Өнөөгийн нийгэмд хүн бүрт зайлшгүй байх чадваруудын нэг нь стрессээ даван туулах арга аргачлал, дадал эзэмшсэн байх явдал юм.

-Тэгвэл заавал энэ ядаргааны тасагт хэвтэх гээд байх шаардлагагүй болно. Бид хүртээмжээ нэмэгдүүлэх үүднээс 30 ороо 35 болгон ажилуулж байна.

-Бид стрессээ хэрхэн даван туулах ёстой вэ?

-Стресс гэдэг нь  сэтгэл зүйн хариу үйлдлийг л хэлж байгаа юм. Гаднаас янз янзын мэдээ, мэдээлэл авч, тухайн мэдээллийг ойлгоод сэтгэлээрээ хариу урвал өгдөг. Тухайлбал гомдох, түгших, сандрах, айх, уурлах, нойргүй болох гээд. Бид энэ сөрөг хариу урвал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн түрүүнд энэ коронавирусын халдварын талаар үнэн зөв, албаны бодит мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй. Бид муудсан хоол идвэл ходоод гэдэс өвддөг шиг, сөрөг, муу, замбараагүй мэдээллийг илүү авахаараа сэтгэл өвдөж стрессд өртдөг. Тиймээс та өөртөө мэдээллийн цензуртэй байх шаардлагатай. Стрессгүй амьдрал гэж байхгүй. Харин стрессээ тайлж чадахгүй хүн л гэж байдаг. Түүнийг даван туулж чадахгүй, өртөн эрүүл мэнд, амьдралын баяр баяслаа алддаг. Хэрэв оюуны ажил хийдэг бол биеийн  хүчний ажил хийхээр стресс тайлагддаг. Биеийн хүчний ажил хийдэг бол ном унших, кино үзэх, өөрийгөө хөгжүүлэх сургалтанд хамрагдахад стресс тайлагддаг. Бид стрессээ тайлж чадна, даван туулж чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Сэтгэл түгшээсэн таагүй мэдрэмжийг гадагшлуулдаг байх хэрэгтэй. Үүнд дотны хүмүүстэйгээ ярилцах, хүүхдүүдтэйгээ тоглох нь илүү үр дүн өгдөг нь ч судалгаагаар батлагдсан. Хүн бүрт стрессээ тайлах арга нь нас, хүйс, тэр хүний сонирхол, онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг.

-Ковид-19 халдвар нь 1918 оны томуугийн цар тахлаас хойш хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж буй 5 дахь цар тахал болж байгаа юм.

-Тиймээс бид энэ цаг үед зөв мэдээлэл, заавар, зөвлөмж авч өөрсдийгөө стрессдүүлэхээс хамгаалах нь чухал юм шүү. Халдвар хамгааллын дэглэмээс гадна сэтгэлийн амар тайван байдал хамгаас чухал гэдгийг анхаараарай.

-Орчин үед нойргүйдэлээс үүдэлтэй өвчлөл их байх болсон гэж мэргэжилтнүүд мөн хэлж байна. Энэ тал дээр иргэд юуг анхаарах вэ?

-Хүн амын дунд нойргүйдэл 17.5 хувьтай байна. Энэ нь анхаарах үзүүлэлт болж байгаа юм. Нойргүй яваад байхаар ядрах, сульдах, биеийн эмгэг сэдрэх, бусад биеийн өвчлөлийг үүсгэдэг. Сэтгэц эрүүл, тайван биш, стресстэй байгаагаас болоод хүнд биеийн янз бүрийн эмгэг үүсэж байна. Үүнд арьсны эмгэгүүд, цусны даралт ихсэх, чихрийн шижин, ходоодны шарх зэрэг өвчин ч бий болж болно.

-Ер нь зовсон, ядарсан, стресст орсон хүмүүс ханиад хүрэх нь ч амархан. Сэтгэц хэвийн байгаад, эрүүл дэглэмтэй бол өвчин тусах нь бага байдаг. Дээр дурдсан эмгэгүүдийг эмчлэхэд эхлээд сэтгэлийг эмчлэх ёстой гэдэг.

-Сэтгэлийг эмчилж байж, биеийг эмчлэхийг Психосоматик анагаах ухаан гэж хэлээд байгаа юм. Сүүлийн үед Психосоматик  анагаах ухаан дэлхий нийтэд их хөгжиж байна. Жишээ нь бид Ковид гарлаа гээд бүх талын албан бус мэдээлэлд итгэн, стрессэд автах нь таны биеийн дархлааг унагаж, эсэргүүцлийг сулруулдаг. Харин бид хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, өөрийгөө хамгаалах ямар арга хэмжээг авах ёстой вэ гэдэгт анхаараад хэрэгжүүлээд ирэхээр үүнээс үүдэлтэй хий зовинол, стрессд орох нь багасдаг. Хүнийг сэтгэл санаа, оюун бодол удирддаг. Та аливаа үйлдлийг хийхдээ юу гэж бодно, танд тийм л хариу урвал ирнэ. Өвчин эмгэг гэдэг бол танд өгч буй ёр дохио юм шүү. Жишээ нь зүрх өвддөг хүн өөрийнхөө бодлыг анзаарч, дүгнэлт хий. Муу муухай, таагүй бодол нь зүрхийг өвчлүүлдэг. Иймээс  өөрийгөө чагна, оюун дүгнэлт хий, тэр таагүй бодлууд тэр бусдыг муулдаг, үзэн яддаг, шүүмжилдэг, атаархдаг зэрэг сөрөг бодлуудаа өөрөө зас, болиул, тэгээд таны өвчин эмгэг арилна л гэсэн үг юм. Стрессгүй, эрүүл байна гэдэг аливаа юмны эерэг талыг харахыг хэлнэ. Эмч нар бид ажилдаа дуртай, үйлчлүүлэгчтэйгээ сэтгэлээсээ харьцдаг, түүнийг эдгээсэндээ баярлаад ажлаа хийвэл стрессд ордоггүй. Үүнтэй л ижил.

-СЭМҮТ-ээс сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-СЭМҮТ-д сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд бусад салбаруудтай олон чиглэлээр хамтран ажиллаж, олон ажлуудыг хийсэн. Бид урьдчилан сэргийлэх үзлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үзлэгээ дөрвөн багцтай болгон ангилж, урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинетуудыг тусад  нь гаргасан. Зарим нь шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйн оношилгоо ч нэмж  хийдэг. Манай сэтгэл зүйн оношилгоо нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд явдаг. Учир нь манайд хийдэг оношилгоог БНХАУ, БНСУ, Филиппин зэрэг улсуудад ч хийдэггүй. Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл судлалаар хамгийн их хөгжсөн улсуудад Европын улсууд тэр дундаа  Герман,  ОХУ зэрэг ордог. Тиймээс бид Европын холбооны улс, ОХУ-аас сэтгэл зүйн  оношилгооны 45 арга технологиос жил жилээр нэвтрүүлэн ажилласан. Манай улс сэтгэц нөлөөт эмийн эмчилгээгээрээ Номхон далайн баруун бүсийн орнуудын хэмжээнд энэ тэнцэхүйц явж байна. Бид дэлхий нийтэд хэрэглэдэг шинэ сэтгэц нөлөөт эмүүдийн 80 хувийг эмчилгээндээ хэрэглэж байна. Уламжлалт сэтгэц нөлөөт эмүүдийн 50 хувийг мөн эмчилгээндээ ашиглаж байна.

-Цаашид сэтгэл судлалын оношилгоо, эмчилгээг сайжруулж, иргэддээ илүү ойр хүрч ажиллахад ямар асуудлууд байдаг вэ?  

-Манай улс 20,000 хүнд нэг сэтгэцийн эмчтэй, 10,000 хүнд 2.1 сэтгэцийн ортой. ДЭМБ нь хэвтэн эмчлүүлэх орыг сэтгэцийн ор,  бусад  хэвтэн эмчлүүлэх ор гэж хоёр хувааж үздэг.  Манай улс хэвтэн эмчлүүлэх орны тоогоороо өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд  байдаг мөртлөө сэтгэцийн орны хувьд бага байдаг. Тэгэхээр энэ талын тусламж, үйлчилгээний хүртээмж тааруу байна гэсэн үг.Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орнуудаас гурав дахин бага, Ази номхон далайн бүсээсээ хоёр дахин бага хүрэлцээ муутай байдаг гэсэн үг. Япон улс гэхэд л ЕБС-иуд нь сэтгэл зүйчтэй, сэтгэцийн эмчтэй, нийгмийн ажилтантай байдаг. Сурагчид эцэг, эхтэйгээ сэтгэцийн эмнэлэг рүү явалгүй сургууль дээрээ сэтгэцийн оношилгоо, тусламж үйлчилгээгээ аваад, сэтгэл заслаа хийлгээд, тусгай хэрэгцээт боловсролоороо хангагддаг гэсэн  үг. Энэ тогтолцоо ч мөн манайд их хэрэгцээтэй байгаа юм.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд манай салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах зорилт тавьсан. Бид энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд орж ажиллаж байгаа. Улам ч сайн орж ажиллах шаардлагатай.  

Саяхан  наймдугаар  сард ЭМЯ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах аян, болзолт уралдаан зарласан. Энэ аяны хүрээнд 21 аймаг дээрээ хамгийн туршлагатай, сайн 21 эмчийг хариуцуулан тавьж өгсөн. Аймаг дээрээ эмч нар маань биечлэн очиж, нөхцөл байдалтай нь танилцан, сургалт явуулаад ирсэн. Зарим аймаг руу багаараа явсан. Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор  аймагт удирдлагын бүрэлдэхүүн багаараа очиж ажилласан. Говьсүмбэр аймагт сэтгэцийн эмч маань ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлээд гурван сар болж байна. Дөрвөн баг хүмүүс очиж ажилласан Өөртөө туслах бүлгийнхэн ч очиж 14 хоног ажилласан.  АА ч юм уу өөртөө туслах бүлэгт байнга явдаг хүмүүс олон жил архиа ахиж уухгүй, эдгэрлийн хугацаа нь урт, эрүүл саруул байж чаддаг. Тэнд “Өөртөө туслах бүлэг”-ийг байгуулж ажиллуулсан. Мөн Баянхонгор аймагт Сайдын үүрэг даалгавраар нөхцөл байдалтай нь очиж танилцсан. “Жаргалтай амьдрал” төвтэй танилцсан. Тус аймагтай хамтран ажиллаж байгаа. Аймгийн Цагдаагийн хэлтэсийн  дарга,  сэтгэл зүйч нар нь манай СЭМҮТ дээр ирж танилцан  туршлага судлаад  явсан. Бид энэ Коронавирусын халдварын асуудал багасахаар 4 эмч мэргэжилтэн Баянхонгор аймагт очиж, тус аймгийн цагдаагийн 150 гаруй алба хаагчдад стресс менежмент, ажлын байрнаас халшрах хам шинж, сэтгэцийн эрүүл мэндийн талаар хичээл заана. Мөн хэрэг төвөгт орооцолдоод байдаг 20-иод хүүхдийг сэтгэл зүйн оношилгоонд оруулаад хэрхэн ажиллах  талаар заавар зөвлөгөө өгнө. Тэр нь дараагийн гэмт хэрэг үүсэхээс урьдчилан сэргийлж байгаа. Цагдаагийн алба хаагчид маань 30-иад хүнд сэтгэл зүйн оношилгоо мөн хийлгэхээр болсон. Жаргалтай амьдрал гээд төв дээр манай эмч мэргэжилтэнгүүд  маань 14 хоног биечлэн “Өөртөө туслах бүлгийн сургалт” -ыг зааж өгөөд тэнд нь нутагшуулна. Мөн есөн дүүргээ хариуцсан эмч нарыг тушаалаар томилон, дүүрэг дээрээ ажиллах тогтсон өдөртэй, байнга зөвлөгө авах эмчтэй болгосон.

Түүнчлэн ЕБС-ийн бүх багш нарт хүүхэдтэй яаж ажиллах вэ гэх аргачлалыг зааж өгнө. Ингэснээр сэтгэцийн эмгэгтэй хүүхдийг ялгаж авна. Жишээ нь нэг анги 40 хүүхэдтэй байхад 3-4 хүүхэд л асуудалтай гарна. Тэр дөрөвхөн хүүхэдтэй эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан нар нь  хамтран урт хугацаагаар ажиллана. Ингээд тэр хүүхдэд сургуульд суурилсан сэтгэл зүйн тусламж үзүүлж, жилээс жилд тэр хүүхэд засарч, зөв төлөвшилтэй эрүүл бие хүн болж төлөвшинө,  тэр хүүхдэд архинд донтох, мансуурах, амиа хорлох байдал байхгүй болно гэсэн үг юм .

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж