АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден өөрийн засаг захиргаанд ажиллах багаа бүрдүүлж эхэлжээ. Тэрбээр Сангийн сайдын албан тушаалд туршлагатай санхүүч Жанет Йелленийг нэр дэвшүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэхүү мэдээлэл үнэн бол Жанет Йеллен АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй Сангийн сайд болох юм.
Өдгөө 74 настай Йеллен нь конгресст төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай санхүүч бөгөөд 2010-2014 онд АНУ-ын Холбооны Нөөцийн банкны дэд ерөнхийлөгч, 2014-2018 онд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байжээ.
Цар тахлын улмаас эдийн засаг доройтсон энэ үед түүнийг улс төрийн намууд болон Холбооны нөөцийн банктай сайн хамтран ажиллаж, одоо гацаанд ороод буй эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг урагшлуулж чадах хүн гэж шинжээчид дүгнэж байна.
Энэхүү томилгооны тухай мэдээлэл цацагдсаны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд өсч эхэлжээ. Йеллен нь Йелийн их сургуулийг эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй төгссөн бөгөөд Калифорни, Беркл, Харвардын их сургуулиудад эдийн засгийн онолын хичээл зааж байсан аж. Түүний эцэг эх багш, эмч мэргэжилтэй хүмүүс байсан бол нөхөр нь Нобелийн шагналт эдийн засагч Жорж Акерлоф юм байна.
Эх сурвалж: REUTERS, BBC
Холбоотой мэдээ