Японы сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөл өчигдөр (2020.11.23) хуралдаж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарт хатуу сануулга өглөө. Зургаан гишүүн оролцсон ёкозүнагийн зөвлөлдөх хуралдаанаас хоёр ёкозүнаг сүүлийн хэдэн башё дараалан бүтэн барилдалгүй өнжиж, эсвэл дундаас нь орхиж байгааг буруутган, дахин ийм явдал гаргахгүй байхыг сануулжээ.
Урьд өмнө нь ёкозүна нарт ийм сануулга өгч байгаагүй бөгөөд энэхүү сануулга нь хүчээр зодог тайлуулах шийтгэлийн дараа орох хатуу арга хэмжээ аж. Хэрэв хоёр аварга зөвлөлийн сануулгыг хүлээн авахгүй, дагаж мөрдөхгүй бол зодог тайлахаас өөр аргагүйд хүрнэ.
Энэ жил Covid-19-ийн улмаас нийт таван башё зохион байгуулагдсан бөгөөд хоёр ёкозүнагийн хувьд тус бүр нэг нэг башёд бүтэн барилджээ.
Ёкозүнагийн зөвлөлийн дарга Хиронори Яно энэхүү асуудалд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр Хакүхо М.Даваажаргал сүүлийн зургаан башёгийн гуравт нь хангалттай барилдсан бол Какүрюү Ананд ердөө ганцад нь бүтэн барилдсан аж. Мөн тэрбээр “Би ёкозүна нарыг хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж хэлж чадахгүй. Тэднийг ирэх нэгдүгээр сарын башёд сайн бэлдэж оролцохыг хүсч байна” гэжээ.
Хоёр ёкозүнагийн хувьд хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сарын башёд бүрэн барилдсан бөгөөд Осака хотод явагдсан энэхүү башё нь Covid-19-ийн улмаас үзэгчгүй, хаалттай ордонд явагдсан юм.
Мэргэжлийн сүмогийн дээд макүүчи зиндааны 44 түрүү хүртэж, дээд амжилт тогтоосон ёкозүна М.Даваажаргал хамгийн сүүлд өнгөрсөн оны кюүшюү башёд түрүүлж, тэр цагаас хойш бэртэл гэмтлийн улмаас хангалттай барилдаан үзүүлж чадаагүй. Харин ёкозүна Какүрюү М.Ананд өнгөрсөн оны кюүшюү башёгоос хойш тоотой хэдэн барилдааныг л үзүүлжээ.
Холбоотой мэдээ