Дани улсад булганаас хүнд, хүнээс булганд Covid-19 халдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, булга үржүүлэх фермүүдэд байдал нэгэнт хүндэрсэн гэдгийг олж мэдмэгцээ улс даяар бүх булгуудаа устгалд оруулахаар шийдсэн билээ. Болсон үйл явдлаас шалтгаалан дэлхий нийтийн анхаарал Европын үслэг эдлэлийн зах зээл дээр ахиад төвлөрөх болсон юм.
Энэ сарын эхээр Данийн Ерөнхий сайд Метте Фредриксен орон даяар бүх булгыг устгахаар шийдсэнээ олон нийтэд зарласан юм. Дани улс бол дэлхийн булга үржүүлэгч хамгийн том орон билээ. Тухайлбал, тус улсад булга үржүүлэх нийт мянга гаруй ферм, 17 сая гаруй толгой булга байдаг гэх тооцоо бий. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дөрвөн ферм тутмын нэгд цар тахлын халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Албаныхны үзэж байгаагаар булга ийнхүү вирус дамжуулагч, тээгч болж байгаа нь цаашид хүн төрөлхтний эрүүл мэндэд төсөөлөмгүй эрсдэлтэйгээс гадна хэрвээ SARS-CoV2 вирус булгатай холбоотойгоор мутацид орсон бол энэ нь вакцины үйлчилгээг үр дүнгүй болгох ноцтой аюултай юм.
Гэвч удалгүй булгуудыг олноор нь булшилсан, фермерүүдийн амьдрал орвонгоороо эргэж, нулимс унагаж буй зургууд цахим орчинд олны анхаарал, шүүмжлэлийг татаж, засгийн газар энэ талаар ямар ч хууль эрх зүйн зохицуулалтгүй, бэлтгэлгүй байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар тус улсын Хөдөө аж ахуйн сайд огцорчээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэдэн зуун трактор Копенхаген хотын төвд цугларч, засгийн газрыг бэлтгэл, зохицуулалт муутайгаар цар тахлын эсрэг буруу тэмцэж байна хэмээн жагссан аж. Мөн Аалборг, Аархус тэргүүтэй хотуудад ч гэсэн ижил зорилготой жагсаал болжээ.
Парламентынхан 2022 он хүртэл булга үржүүлэхийг хориглох хуулийн төслийг дэмжиж байгаа ч фермерүүдэд олгох нөхөн олговрын талаар асуудал сунжирч байгаа юм.
Эрх баригчдын хэлж байгаагаар халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн 288 сүргийг устгасан бөгөөд цаашид дахин 10 сая орчим булга устгах аж. Өөрөөр хэлбэл халдварын тохиолдол бүртгэгдээгүй фермүүдийг ч гэсэн устгалд хамруулах аж. Мөн үүнээс шалтгаалан Данийн үслэг эдлэлийн зах зээл орвонгоороо эргэж, 6000 ажлын байраа алдахад хүрч байна.
“Энэ бол үслэг эдлэлийн зах зээлийг бүрмөсөн сүйрүүлж, сэргэхээргүйгээр татан буулгаж буй явдал юм. Энэ арга хэмжээ зөвхөн фермерүүдэд төдийгүй бүх нийгэмд нөлөөлөх болно” хэмээн Данийн булга үржүүлэгчдийн холбооны дарга Тэйдж Педерсен ярьжээ.
Мөн салбарын мэргэжилтэн фермер Пер Тирреструп Данийн үслэг эдлэлийн зах зээл эргэн сэргэх эсэх нь маш эргэлзээтэй болж байгааг онцлон, “Одоогийнх шигээ арьс, үсний өнгө, сор, чанарыг эргүүлэн олж авахын тулд фермерүүдэд дор хаяж 15-20 жилийн хичээнгүй, уйгагүй хөдөлмөр шаардлагатай болно” хэмээн хэлсэн байна.
Түүнчлэн дэлхийн үслэг эдлэлийн хамгийн том үзэсгэлэн худалдааны Копенхаген үслэгийн төв одоог хүртэл хуримтлагдсан үслэг эдлэлийн нөөцөө зарж дуустал 2-3 жилийн хугацаанд хаалгаа барьж, шинэ бараа хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.
Тус үзэсгэлэн худалдаанд олон улсын худалдан авагч, үслэг эдлэл сонирхогч, ялангуяа хятадууд голдуу очиж лангуунуудыг хоослодог байжээ. Жишээлбэл, өнгөрсөн жилийн хувьд Копенхагены үзэсгэлэн худалдаагаар дотоодын болон олон улсын үйлдвэрлэгчдийн нийлсэн 25 сая үслэг эдлэлийг борлуулсан байна.
Гэхдээ цар тахал эхлэхээс ч өмнө үслэг эдлэлийн зах зээл бага багаар хямарсаар байсан аж.
Ойролцоогоор арав орчим жилийн өмнө хятадуудын орлого нэмэгдэж, тансаг хэрэглээнд шунах нь эрс ихэссэний хэрээр үслэг эдлэлийн зах зээл огцом цэцэглэсэн түүхтэй. Жишээлбэл, 2013 онд гэхэд Копенхагены үзэсгэлэн худалдаа хоёр тэрбум ам.доллартай дүйцэхүйц хэмжээний үслэг эдлэл борлуулсан аж. Харьцуулж үзвэл дэлхийн нийт үслэг эдлэлийн зах зээл 4.3 тэрбум ам,доллараар хэмжигддэг байна.
Тэр цагаас хойш нэг булганы арьс 90 ам.доллараас дээш үнэд хүрч байсан ч өнгөрсөн жил байдал өөрчлөгдөж, дээрх үнэ гурав дахин буурчээ. Улмаар фермерүүд санхүүгийн хямралд орж эхэлсэн нь зөвхөн Данид төдийгүй олон улсад ажиглагдаж байв. Тухайлбал, дэлхийн хамгийн том үслэг эдлэл импортлогч, үйлдвэрлэгч БНХАУ-д ч төстэй зүйл болсон аж.
Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн хэдэн жил маш ашигтай ажилласан фермүүд иргэдийн сонирхлыг татаж, маш олон фермер шинээр төрсөн тул өрсөлдөөн нэмэгдсэн нь үнэ буурахад хамгийн ихээр нөлөөлжээ.
Ийнхүү маш олон хүн шинээр булга үржүүлэгч болсон нь зөвхөн Дани төдийгүй бүх Европт ажиглагдсан үйл явдал юм. Тухайлбал, 2018 оны байдлаар Европын 24 оронд нийт 4350 орчим булга үржүүлэх ферм ажиллаж байжээ. Түүнчлэн булга үржүүлгээрээ Данийн араас Польш, Недерланд, Финланд, Литва, Грек улсууд жагсаж, АНУ, Канад, ОХУ-д хүртэл булга үржүүлгийн фермүүд нээгдэж эхэлжээ.
Гэтэл Данийн булгуудыг устгаж эхэлснээс хойш үнэ эргээд өссөн байна. Зарим фермерийн үзэж байгаагаар Данийн бүх булгыг устгах сургаар хувцас үйлдвэрлэгчид түүхий эдээ ховордохоос нь өмнө базааж байгаа аж.
Мөн салбарын томчуудын үзэж байгаагаар Данийн үлдээж буй орон зайг олон улсын, ялангуяа сүүлийн үед маш хурдтай хөгжиж буй Хятадын фермүүд нөхөх бололтой.
Гэхдээ сүүлийн үед Франц, Испани, Швед, Итали, АНУ, Грек, Нидерландын зарим булга үржүүлэх фермүүдэд халдвар илэрсэн нь булгануудын хооронд халдвар хэрхэн маш хурдан тарж буйн баталгаа болж байна.
Амьтны эрхийг хамгаалагч нийгэмлэгүүд энэ бол үслэг эдлэлээс татгалзах бас нэг том шалтгаан хэмээн үзэж байгаа аж. “Үслэг эдлэлийн үйлдвэрлэл бол ямар ч шаардлагагүй зүйлийн төлөө маш олон амьтан хэрцгийгээр тамлан зовоож байгаагаас гадна үхлийн аюулт өвчин дэгдээх цагтай тэсрэх бөмбөг” хэмээн Олон улсын амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгийн эрдэмтэн Жоанна Сваб хэлжээ.
Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийн дүнд өдгөө маш олон загварын брендүүд амьтны үснээс татгалзаж, хиймэл үс хэрэглэдэг болсон билээ. Мөн түүгээр зогсохгүй Их Британи 2003 оноос хойш үслэг эдлэлийн түүхий эд бэлтгэхийг хориглож, Австри, Герман, Япон орнууд үслэг эдлэл үйлдвэрлэхээ зогсоосныг зарим улс орнууд дагаж буй юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ