Олон улсын конвенцид нэгдэн орох, протоколыг соёрхон батлах асуудлыг зөвшилцөв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Олон улсын конвенцид нэгдэн орох, протоколыг соёрхон батлах асуудлыг зөвшилцөв

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Олон улсын конвенцид нэгдэн орох, протоколыг соёрхон батлах асуудлыг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.03.10/ 12 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид тус тус нэгдэн орох, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг тус тус соёрхон батлах тухай асуудлыг зөвшилцөв.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлсэн эдгээр асуудлын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцийг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталж, одоогоор 78 улс нэгдэн оржээ. Тус конвенци нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааг хангаж, тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хувь хүн, нийгэм болон хүрээлэн буй орчныг хамгаалах, цацрагийн болзошгүй ослын эсрэг үр ашигтай хамгаалалтыг бий болгож хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгаж, цөмийн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах зорилготой юм.

Манай улс уг конвенцид нэгдэж орсноор санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй бөгөөд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци нь Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1997 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон агаад одоогоор 69 улс нэгдэж ороод байгаа аж. Энэхүү конвенци нь энхийн зориулалтаар ашиглаж байгаа цөмийн реакторын ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагаа болон энхийн зориулалтын хэрэглээнээс үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагаанд үйлчилдэг байна.

Манай улс уг конвенцид нэгдэн орсноор цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах дотоодын хяналтын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм байна.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцид 147 улс, уг конвенцийн 2005 оны нэмэлтэд 84 улс нэгдээд байгаа аж. Манай улс одоогоор их хэмжээний өндөр идэвхтэй цөмийн материал, цөмийн төхөөрөмжгүй хэдий ч өөрийн орны өнөөгийн биет хамгаалалтын шаардлагыг үндэслэн олон улсын стандартад нийцсэн биет хамгаалалтын дэглэмийг бий болгох шаардлагатай байгаа. Ингэснээр манай улс 1986 онд нэгдэн орсон Цөмийн материалын биет хамгаалалтын тухай конвенциэр олон улсын өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой болох юм байна. Уг конвенцийн 2005 оны нэмэлт нь олон улсын тээвэрлэлтээс гадна дотоодод ашиглах, хадгалах, тээвэрлэж байгаа цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг хангах, цөмийн материалыг хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаа эрхэлсэн, санхүүжүүлсэн, турхирсан этгээдэд ял шийтгэл оногдуулах, мөн хулгайлагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн цөмийн материал, түүнд холбогдох гэмт хэрэг, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай тэмцэх зэрэг олон улсын хамтын ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлжээ. Энэхүү конвенци нь нэгдэж орсон улс орнуудын тухайд хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг юм.

Манай улс уг конвенцийн нэмэлтэд нэгдэн орсноор цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх, цөмийн терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдгээр зорилтуудад нийцсэн үндэсний эрх зүйн орчинг бий болгоход дөхөм болох ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Олон улсын атомын энергийн агентлагийн Цөмийн аюулгүй байдлын баталгааны газраас Бага хэмжээний цөмийн материалын протоколын анхны хувилбарыг 1974 онд боловсруулж, 2005 онд шинэчлэн баталжээ. Энэхүү протокол нь Олон улсын атомын энергийн агентлагийн цөмийн аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг бөгөөд бага хэмжээний цөмийн материалтай болон цөмийн төхөөрөмжгүй улс орнуудад зориулсан хяналт, баталгааны гэрээ юм.

Уг протоколд манай улс нэгдэн орсноос хойш 30 хоногийн дотор Олон улсын атомын энергийн агентлагт цөмийн материалын анхны тайлангаа хүргүүлэх үүрэгтэй бөгөөд цаашид тайлангаа шинэчлэн цөмийн материалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллээ хүргүүлж байх үүрэг хүлээх юм байна. Уг шинэчилсэн протоколд нэгдэж орсноор манай улс Олон улсын атомын энергийн агентлагаас Цөмийн аюулгүй байдлын баталгааг хэрэгжүүлэхэд олон талын дэмжлэг туслалцаа авах боломжтой болох юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Дэмбэрэл нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл саналаа хэлсэн юм.

Ингээд конвенцид нэгдэн орох, конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн тухай болон шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай асуудал тус тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. Мөн эдгээр асуудлыг зөвшилцсөнтэй холбогдуулан зохих хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр боллоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Монголын төлөө 2016-03-10 124.158.77.8

Энэ Баярцогт Монголчуудын эсрэг амилсан шулам байхаа. Монголчуудын эсрэг муу бүх зүйлд оролцож дураараа дургиж байна. ийм урвагч дайсаныг зайлуулах хэрэгтэй

Зочин 2016-03-10 203.91.118.70

АНУ-ын ЭС-ын "хүсэлтээр" конвенцид нэгдэн орох, протоколыг соёрхон батлах асуудлыг зөвшилцөв гээч.

Зочин 2016-03-10 103.26.194.105

Унгар Гантулга сууж байна уу гүй юу