Засгийн газар өчигдөр /2020.11.23/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн билээ. Энэ үеэр сэтгүүлчид "Хөл хориог цаашид үргэлжлүүлэх үү? Засгийн газар энэ дээр ямар байр суурьтай байна вэ" гэсэн асуултад хариу авахыг хүссэн юм.
Шадар сайд Я.СОДБААТАР:
-Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш яах вэ гэдгийг Засгийн газар энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. УОК, Засгийн газраас хэд хэдэн хувилбар тооцож байна. Хөл хориог цаашид үргэлжлүүлбэл яах вэ, ямар байдлаар хэсэгчлэн хөл хориог сунгах вэ, хэвийн байдалд ямар үе шаттайгаар шилжүүлэх вэ гэх мэтчилэн олон улсад авдаг арга туршлагууд болон өөрсдийн төлөвлөгөөн дээр үндэслэн нарийвчлан тооцож байна.
Ерөнхийдөө хөл хориог арванхоёрдугаар сарын 1-нээс цааш сунгах эсэх шийдвэрийг мэргэжлийн эрдэмтэн судлаачдынхаа дүгнэлт дээр үндэслэн гаргана. Эрүүл мэндийн байгууллагууд тархвар судлалын зургуудаа бэлэн болгоно. УОК-ын дэргэд эдийн засагчид, тархвар судлаачид гэх мэт эрдэмтдийн зөвлөл ажиллаж байна. Тэд өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлтээ өгнө. Эрсдэлийн үнэлгээг 15 байгууллага хамтран хийхэд нийгэмд халдвар тархах эрсдэл өндөр байна гэж гарсан. Үүнийг харгалзан үзнэ.
Э.БУРАМ