Эрдэмтдийн анхааруулж буйгаар ирэх 2030 он гэхэд Энэтхэг усны хомсдолд орох гэнэ. Улмаар хөдөө аж ахуй, аж үйлдвэр, иргэдийн хэрэгцээний усны дөнгөж хагасыг хангах нөөц үлдэх аж.
Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан Энэтхэгт жил ирэх тусам хэт халах болжээ. Хэт халалт нь хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна ургац алдах, ган гачиг тохиож, ан амьтад хорогдоход нөлөөлж байгаа аж. Энэтхэгт өнгөрсөн зун хэт халснаас 2500 хүн амь үрэгдсэн тул энэ жил иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулжээ. Энэтхэгийн хэт халалт болох магадлалтай хоёр бүс нутагт одоогоос эхлэн бэлтгэл ажил хийж эхэлсэн байна. Энэтхэгийн Бхубанешвар болон Орисса мужийн өөр гурван хот, баруун хэсгийн нутагт өнгөрсөн жил агаарын температур 47 С хүрч хэт халсан юм.
Өмнө нь 2013 онд Ахмадабад хотноо хэт халууны улмаас 1200 хүн амь үрэгдсэн байв. Үүний дараа долоо хоногийн цаг агаарын мэдээг урьдчилан авч, усны хангамжийг нэмэгдүүлж, агааржуулагч, сэнс, майхан зэргийг хангалттай тарааснаар өнгөрсөн жил тус хотод 20 хүн амь үрэгдсэн аж. Түүнчлэн Энэтхэгийн Адхра Прадеш мужид өнгөрсөн жил хэт халууны улмаас 1700 гаруй хүн амь үрэгдсэний олонх нь барилгачид, фермер зэрэг гадаа ажилладаг хүмүүс байжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS