"АмЧам Монгол" жилийн тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

"АмЧам Монгол" жилийн тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа

Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам Монгол)-ын жилийн тайлангийн цахим хурал 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр боллоо. Хуралд Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл Клечески болон АмЧамын 70 гаруй гишүүн байгууллагын төлөөлөл оролцов. Цахим хурлаар АмЧамын 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2021 оны ажлын зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн зарим гишүүдийг шинээр сонголоо.

“АмЧам Монгол”-ын ТУЗ-ийн гишүүнээр "Ард Санхүүгийн нэгдэл"-ийн Санхүү хариуцсан захирал Энхсайханы Амарбаясгалан, "Facebook" компанийн Монгол дахь төлөөлөгч Аюушжавын Бямбажаргал, "Ernst & Young" аудитын компанийн Гүйцэтгэх менежер Батбаярын Мөнхжин, "М-Си-Эс" Группын Дэд ерөнхийлөгч Дашцэрэнгийн Энхтүвшин, “Эрдэнэ Ресурс” компанийн Дэд ерөнхийлөгч Жон Лоёнс нар олонхийн саналаар сонгогдов.

“АмЧам Монгол”-ын ТУЗ-ийн дарга Жэй Лиотта хурлыг нээж хэлсэн үгэндээ “2020 он хувийн хэвшлийнхэнд маш онцгой, сорилтоор дүүрэн хүнд жил байлаа. Хэдий тийм боловч бид амжилттай ажиллаж, гишүүн компаниуддаа дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, бодлого тодорхойлон хэрэгжүүлэхэд нь хувь нэмэр оруулж чадсан. “АмЧам Монгол” 2021 онд Эдийн засгийн өсөлтийг хангах замын зураглал хэмээх бидний гол анхаарлаа хандуулж ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг агуулсан баримт бичиг боловсруулж, “АмЧам Монгол”-ын гишүүд болон бизнес эрхлэгчдэд бодитоор ашиг тус авчрах арга хэмжээний талаар энэхүү хурлаар хэлэлцэж, та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна” гэв.

Элчин сайд Майкл Клечески хэлсэн үгэндээ "Бидний эдийн засгийн харилцаа нь манай төр засгийн тусламжийг ач холбогдолтой дэмжлэг болгон хөрвүүлж, олон нийтэд хүргэх үндсэн арга хэлбэр тул хоёр улсын #Стратегийн Түншлэл-д нэн чухал үүрэгтэй" гэлээ. Мөн “Бид хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийг нээлттэй, ил тод, эрх зүйт хэм хэмжээнд нийцүүлэн хөгжүүлэх засаглалын тогтолцоог бий болгохыг дэмжиж ажилладаг билээ.

Бидний хамтын эрхэм зорилго бол Монгол Улсыг АНУ-ын гадаад бодлогын чухал түнш болгоход оршиж байгаа юм. Энэхүү зорилгод хүрэхэд бидэнд хувийн хэвшлийн оролцоо, мөн Америкийн бизнесийн нийтлэг үнэт зүйлс болох ил тод байдал, хээл хахуультай тэмцэх хүчин зүтгэл, компанийн нийгмийн хариуцлага хэрэгтэй юм. АмЧам Монгол болон бизнес эрхлэгчид мөн адил энэ зорилгод хүрэх гол түлхүүр байх юм” хэмээв.

“АмЧам Монгол”-ын Гүйцэтгэх захирал О.Адъяа 2020 оны жилийн тайлан болон 2021 оны төлөвлөгөөг танилцуулав. "2021 он манай байгуулaгын хувьд онцлог жил байх болно. “АмЧам Монгол” үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо тэмдэглэх тул бид энэ тэмдэглэлт ойтой уялдуулан 10 онцлог арга хэмжээ зохион байгуулах болно" гэв.


“АмЧам Монгол”-ын тухай

“АмЧам Монгол” нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

"АмЧам Монгол" нь 3 сая гаруй гишүүнтэй, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази, Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази, Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Б.БОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж