Зөвлөхөөр "занималдсан" бизнесмен

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

76:1

Зөвлөхөөр "занималдсан" бизнесмен

Зөвлөхөөр "занималдсан" бизнесмен

“NEWS” агентлаг 76:1  булангаараа үе үеийн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шинэ парламент бүрдсэн учраас бид үсгийн дарааллаар танилцуулж байна. Энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 16-р тойрог буюу Ховд аймгаас сонгогдсон Ш.Адьшааг онцолж байна.


УИХ-ын сонгуульд олон ч удаа өвдөг шороодож байсан ч энэ удаагийн сонгуульд Ховд аймагт Ардчилсан намд ялалт авчирч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн бол Ш.Адьшаа. Хоёр ч сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан нам энэ удаагийн УИХ-д 11 суудалтай болсны нэг нь тэр. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хувьд хуульч мэргэжилтэй, ажлын гараагаа Ховд аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагчаар эхлүүлж байсан ч бизнесийн салбарт хүч үзэж явсан нэгэн.

Түүнийг “гаалийн” гэх тодотголоор нь хүмүүс илүү сайн мэднэ. Тэрбээр Гаалийн ерөнхий газарт хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн дарга гээд багагүй хугацаанд ажилласан. Намтрыг нь сөхвөл бизнесийн салбартаа илүү анхаарлаа хандуулж, улстөрчдийн зөвлөхийн ажлыг олон удаа хийж байсан.

Гишүүн болохынхоо өмнө тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад Ардчилсан намаасаа эрх авч, Ховд нутгаа зорьж, ялалт байгуулсан. Түүгээр ч зогсохгүй Ховд аймгийн Засаг дарга, Зам тээврийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Ш.Адьшаагийн хувьд МАН-ын гишүүн байсан бөгөөд 2012 онд нам нь мандат өгөөгүй учир Ховд аймагтаа бие даан нэр дэвшиж, намынхандаа "шавар хаасан" гэдэг. Ийн намдаа гомдсон тэрбээр Ардчилсан намд элсч, тус намаас хэд хэдэн удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн байдаг. Улс төрийн хүрээнд ч түүнийг УИХ-ын гишүүний сэнтийд тухлах урт холын хүслээ энэ удаад биелүүлсэн гэж ярих нь ч бий. УИХ-ын сонгуулийн чимээнээр нутгаа усалж, тойргоо тойглодог ч өвдөг шороодсон нь олон.

Ерөөс улстөрчийн хувьд нам нь мандат өгөхгүй бол бие даачихдаг “зуршилтай” гэхэд болно.

Учир нь, 2012 онд МАН мандат олгоогүй учраас нутагтаа бие дааж байсан бол 2020 онд мөн Ардчилсан нам нь мандат өгөхгүй сургаар бие даахаар бүртгүүлээд байсан. Гэвч намын дарга, Ш.Адьшаа хоёрын бодол гэнэт өөрчлөгдөж, гэнэтхэн Ардчилсан намаасаа нэр дэвшсэн нь Ерөнхийлөгч оролцоотой байсан хэмээн дүгнэх нь бий. Тиймээс ч тэрбээр 2020 оны сонгуульд Ардчилсан намаасаа Ховд аймагт нэр дэвшиж, сонгогдсон юм.

Ийн олон жил нам, улс төрийн нөлөөлөл үү, зөвлөгчийн орон тооны ач уу 2020 оны УИХ-д нэр дэвшигчдийг хөрөнгө орлогоороо тэргүүлж байсан нь бизнесийн салбарт хэр бэл бэлчинтэй вэ гэдгийг нь тодотгох болов уу. Улс төрийн хүрээнд олон жилийн өмнө л гаалийн даргаар ажиллаж байхдаа "гаалиас төрсөн тэрбумтан” хэмээн нэрлэгдэж байсан ч түүнд зөвлөхийн албан тушаал нь нэмэр болсон байхыг ч үгүйсгэхгүй.

Тэрбээр “Ховд бирж ХААБ”, “Сити-энержи”, “Хүннү МН”, “Ачит-Арвис”, “Алтай эко хүнс”, “Ачит-эх мед”, “Грэйтблюмаунтайнс”, “Империалмаксимус корпорейшн”, “Ти Ти Би Эй” зэрэг есөн компанийн хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлсэн байдаг.

Нам сэлгэгч, бизнесмен бас зөвлөгч гээд түүнийг тодотгох олон автор бий. Гэхдээ олон жил ховдчуудыг тойглож, нутагтаа бүхнээ зориулсны эцэст Ховдын Ш.Адьшаа ирэх дөрвөн жил тэднийг төлөөлж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ. Олон жилийн өвдөг шороодолт, түүнээс “урвасан” намынхаа эсрэг гэхээс илүү ховдчуудынхаа төлөө зүтгэж чадах уу гэдгийг бид ирэх дөрвөн жилд харах биз ээ.

Ш.АДЬШААГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1982 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1987 онд Монгол Улсын Их Сургууль хуульч мэргэжлээр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1987-1990 онд Ховд аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор
  • 1990-1993 онд Улсын дээд шүүхэд сурвалжлагч, УЕПГ-ын “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1993-1996 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд өмгөөлөгч
  • 1996-2001 онд “Буурал-Сор” ХХК-д захирал
  • 2001-2006 онд Гаалийн ерөнхий газарт хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн дарга
  • 2013-2015 онд Зам, тээврийн сайдын зөвлөх
  • 2015-2016 онд Ховд аймгийн Засаг даргын ахлах зөвлөх
  • 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2004 онд Алтан гадас одон
  • 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж