Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Чих, хамар, хоолойн их эмч Д.Уранцэцэгтэй ярилцлаа.
-Саяхан манай улс “Чих, сонсгол хамгаалах өдөр”-ийг тэмдэглэлээ. Манай улсад сонсгол бууралттай хэчнээн хүн байдаг юм бол?
-Жил бүрийн гуравдугаар сарын 3-нд Олон улсын “Чих, сонсгол хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ жил “Чих, хамар, хоолойн нийгэмлэг”-ээс “Хүүхдийг сонсгол бууралт, дүлийрэлтээс сэргийлье” уриан дор зохион байгууллаа. Дэлхийд 278 сая дүлий болон сонсгол бууралттай хүмүүс амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Үүний 80 хувь нь хөгжил буурай оронд амьдарч байна. Манай улсын хувьд 200 мянга орчим сонсгол бууралттай, дүлий хүн ажиллаж, амьдардаг. Мөн жил бүр таг дүлий буюу төрөлхийн хэлгүй, дүлий 60-70 хүүхэд төрдөг гэсэн судалгаа бий. Энэ тоо жил бүр өсч байна. Сонсгол бууралт, дүлийрэлтэт хүргэдэг шалтгаан нэмэгдэж байгаа. Чих, сонсголыг хамгаалах нь тулгамдсан асуудал болж байна. 2009 онд манайд сонсгол бууралт, дүлийрэлттэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийг баталсан. Энэ стратеги 2009-2014, 2014-2019 он гэсэн шатлалаар явагдаж байгаа. Эхний үе шатаа дууссан ч 2014 оны байдлаар манайд тодорхой судалгаа мэдээлэл алга. Чих бол сонсгол, тэнцвэр, танин мэдэхүйн эрхтэн. Хэрэв сонсохгүй бол хэл яриа хөгжихгүй. Хэл яриа хөгжихгүй бол танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдаж байна гэсэн үг.
-Жил бүр төрөлхийн хэлгүй, дүлий хүүхэд нэмэгдэж байна гэлээ. Үүнийг яаж оношлож эмчилж байна вэ?
-Хүүхдийг төрснөөс хойш 24 цагийн дотор сонсголыг нь оношилж гаргаж байгаа. Хэрэв ямар нэг сонсголын бэрхшээлтэй, асуудалтай байна гэвэл улаан тэмдэглэгээ хийж гаргаад тэр хүүхдээ нэг нас хүртэл нь оношлоод, хоёр нас хүртэлх хугацаанд сонсгол сэргээх хагалгааг манайд хоёр газар амжилттай хийсэн. Дотор чихэнд нь суулгац суулгадаг. Хэрэв таг дүлий хүүхдийг нэг настайд нь оношлоод, хоёр настайд нь тэр эмчилгээг хийлгэж чадвал таг дүлий хүүхэд зургаан настайдаа ердийн хүүхэд шиг сурах боломжтой. Энэ оношлогоо хойшлох тусам хүүхдийн танин мэдэхүй хөгжихгүй. 2010 онд Эрүүл мэндийн яамнаас “Хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт оношлох удирдамж” гарсан. Үүний дагуу 0-1 настай хүүхдийг оношлоё, таг дүлий хүүхдийг төрөнгүүт нь эмчилгээ хийвэл эрүүл хүүхэд шиг байх боломжтой. Гэтэл одоо зургаа, 10 настай болсны дараа ирдэг. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ анхаарахгүй байна гэсэн үг. Эрт оношлуулснаар төрөлхийн хэлгүй, дүлий төрсөн ч ердийн хүүхэд шиг сургуульд сурч, ярина. Нэгэнт үрэвсэлтэй, бусад шалтгааны улмаас сонсгол буурсан хүмүүст сонсгол сэргээх нь чухал.
-Сонсгол бууралт, дүлий болоход юу ингэж ихээр нөлөөлж байна вэ?
-Сонсгол бууралт, дүлий болох шалтгааныг төрөлхийн, төрөлхийн бус буюу бусад шалтгаан гэж үздэг. Төрөлхийн гэдэгт нь төрөхдөө дүлий төрсөн хүүхдийг хэлнэ. Харин төрөлхийн бус шалтгаанд өвчнүүд, ялангуяа өвчин дунд чихний хурц, архаг идээт үрэвслүүд ордог. Энэ үрэвслүүд нь сонсголын 60 хувийг бууруулдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 50-100 хувь сэргийлэх боломжтой. Дунд чихний хурц, архаг үрэвслээ цаг тухайд нь эмчлүүлээд, эрүүлжүүлж чадвал сонсгол бууралт, дүлийрэлтэт хүргэхгүй. Үүнийг манайхан хэрэгжүүлж чадахгүй байна.
-Дунд чихний идээт үрэвслүүд юунаас болдог юм бол?
-Дунд чихний хурц үрэвсэл үүсэх шалтгааны эхэнд амьсгалын дээд замын өвчнүүд ордог. Үүнд томуу, томуу төст өвчнүүд, хамар дайврын үрэвслүүд, тагнайн гүйлсний үрэвслийн улмаас хамар битүүрдэг. Хамар битүү байснаас болж хурц үрэвсэл үүснэ. Хүмүүс ихэвчлэн бага насны болон хөхүүл хүүхдийн чихийг нь бөглөдөг. Ингэж болохгүй. Яагаад гэвэл хамар битүү байснаас дунд чихний үрэвсэл үүснэ үү гэхээс чих рүү агаар орсноор хүүхдийн чих өвдөхгүй. Тэгэхээр хамар, хамар дайврын үрэвсэл, хамар битүү байснаас чих өвдөх магадлал өндөр байна. Дараагийн нэг шалтгаан нь төрөл бүрийн халдварт өвчнүүд, чихэнд хоруу нөлөөтэй эмийн бодисуудыг эмчийн заавар, зөвлөгөөгүй, дур мэдэн замбараагүй хэрэглэснээс, мөн толгойд янз бүрийн гэмтэл авснаас сонсгол бууралт, дүлийрэлт үүсч байна. Сүүлийн үед ихэсч байгаа нэг шалтгаан бол янз бүрийн дуу чимээтэй үйлдвэрт ажилладаг хүмүүсийн сонсгол буурдаг. Мөн оюутан, залуус, сургуулийн хүүхдүүд байнга чихэвчээр хөгжим сонсч байна. Чихэвчний хөгжим их сонсох нь сонсгол бууруулж байна. Тиймээс өдөрт нэг цагаас илүү сонсохгүй байхыг хичээх хэрэгтэй. Ханиад, томуу үүсгэдэг томуугийн вирустэй адилхан сонсгол бууралт, дүлийрэлт үүсгэдэг хамгийн гол зүйл бол хэт чанга дуу, авиа. Энэ дуу, авиа сонсгол хүлээж авдаг эсүүдийг үхүүлснээр сонсгол буурдаг. Нэгэнт хүчтэй дуу, авианд нэрвэгдсэн эс эргэж сэргэдэггүй.
-Нярай хүүхдийн чих гэнэт өвддөг. Энэ юутай холбоотой вэ?
-Дунд чихний хурц, архаг үрэвслүүдээр нярай хүүхдүүд их өвддөг. Үүний гол шалтгаан нь сонсголын гуурсны онцлогтой холбоотой. Чих, хамар хоёрыг хооронд нь холбосон сонсголын гуурс гэж байдаг. Хүн амьсгал авах, ханиаж найтаахад сонсголын гуурс онгойж дунд чихэнд агаар орж агаарын солилцоо хийж байх ёстой. Гэтэл хамар битүү үед амьсгалын гуурс битүүрснээс дунд чихний хөндийд хурц үрэвсэл үүсдэг. Нярай хүүхдийн дунд чихний сонсголын гуурс өргөн, богино, цусны судсаар баялаг байдаг болохоор хамар нь битүүрэнгүүт үрэвсэл үүсгэх гол шалтгаан болдог.
-Манайхан хүүхдийнхээ чихийг өвдсөн үед бүлээн жин тавих эсвэл шээсээ дусаадаг. Энэ хэр зөв эмчилгээ болдог юм бол?
-Бүлээн жин үрэвслийг нэмэгдүүлдэг. Шээс нь хүний биеэс ялгарч байгаа хортой, давсны үлдэцтэй учраас хэнгэрэг цоорох аюултай. Тиймээс шээс дусаахыг хатуу хориглоно. Хурц үрэвслээ гүйцэт эмчлүүлээгүйгээс архаг үрэвсэл буюу чихнээс идээт булаг гоожих үрэвсэл үүснэ. Энэ үрэвслийг цаг тухайд нь эмчлүүлэх ёстой. Хүүхэд анх удаа өвдсөн тохиолдолд эмийн эмчилгээг сайн хийхэд нөхөн төлжөөд, хэнгэрэг хэвийн байдалдаа ордог. Олон дахин өвдөөд, идээт булаг гоожуулаад яваад байвал хэнгэргийн цооролт томорч, яваандаа сонсгол бууралт, дүлийрэлтийг үүсгэдэг.
-Хэнгэрэг нь цоорхой хүмүүс ямар эмчилгээ хийлгэвэл хэвийн болдог вэ?
-Хэнгэрэгэн хальс нь цоорхой хүмүүсийн хамгийн гол эмчилгээ нь хэнгэрэг нөхөх мэс засал. Энэ эмчилгээг гурван заалтаар хийж байгаа. Нэгдүгээрт, идээт, архаг идээт голомтыг эрүүлжүүлж байна. Хэнгэрэг нөхсөн тохиолдолд дахин идээт булаг гоожихгүй. Хоёрдугаарт, боломжтой бол сонсгол сэргэнэ. Гуравдугаарт, нэгэнт сонсгол бууралттай, хэнгэрэг бүтэн байгаа үед сонсголын аппарат хэрэглэнэ. Бусад аргаар сонсгол сэргээх боломжтой. Харин амбулаториор чихийг хуурайшуулах, идээт булагыг татруулах, үрэвслийг намдаах эмчилгээ хийж байгаа. Чих хуурай байгаа үед нь хэнгэрэгээ нөхүүлбэл төгс эмчилгээ болно.
-Өнөөдрийн байдлаар таны хяналтад хэдэн хүн байна. Хэнгэрэг нөхөх хагалгааг үнэтэй хийдэг үү?
-Сонсгол бууралт, дүлийрэлттэй олон хүн байна. Зөвхөн хөдөлмөрийн насны буюу идэр залуу 200 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алдан групптэй, миний хяналтад явж байгаа. Хэнгэрэг нөхөх хагалгаа төлбөртэй байдаг болохоор хүмүүс хэнгэрэгээ нөхүүлэхгүй байна. Улсын эмнэлэгт 210 мянга, хувийн эмнэлгүүдэд 500 мянгаас нэг сая төгрөг байдаг. Уг нь төрөөс сонсгол бууралт, дүлийрэлттэй тэмцэх үндэсний стратегийн хүрээнд хүмүүст олон зүйлийг тусгаж өгсөн. Нэгдүгээрт, сонсгол бууралт, дүлийрэлттэй хүмүүсийн нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулна гэж заасан. Үүнтэй холбоотойгоор энэ хүмүүст сонсголын аппаратыг халамжийн шугамаар улсаас үнэ төлбөргүй олгож байгаа. Нэг чихэнд 350, хоёр чихэнд 700 мянган төгрөгийг Халамжийн болон нийгмийн даатгалын сангаас хөнгөлөөд олгож байна. Зарим эмчилгээ, үйлчилгээг даатгалд хамруулах тухай ярьж байгаа. Дунд чихний суулгацын хагалгааны өртгийг төрөөс даах шийдвэр бараг гарч байгаа байх. Хоёрдугаарт, сонсгол бууралт, дүлий хүүхдийн сургуулийн өмнөх насны боловсрол олгох ясли, цэцэрлэг байдаггүй. Манайд улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдийг сургадаг 29 дүгээр тусгай сургууль ганцхан байдаг. Тиймээс цаашид ийм сургуулийг олшруулах талаар арга хэмжээ авна гэж заасан байгаа.
-Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Хэтэрхий чангаар юм сонсохыг хориглоно. Хэтэрхий шуугиантай орчинд ажилладаг албан газрууд ажилчдынхаа эрүүл мэндийг бодохын тулд сонсгол хамгаалах хэрэгслүүдийг сайн хэрэглэх ёстой. Бараг нормд нь тавьж өгдөг байх хэрэгтэй. Чих нь шуугидаг, сонсгол буурсан тохиолдолд эмчдээ сайн үзүүлээрэй. Чихийг хамаагүй ухахгүй байх хэрэгтэй. Ус оруулснаас хэнгэрэг цоорч, гэмтэнэ. Хоёрдугаарт, суваг гэмтдэг. Суваг гэмтсэнээс халдвар орох аюултай.
Р.ОЮУН
ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН