Төв банк бодлогын хүүг 6 хувь болголоо

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Төв банк бодлогын хүүг 6 хувь болголоо

Төв банк бодлогын хүүг 6 хувь болголоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2020.11.23/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор гаргасан мэдэгдлийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онлайнаар хэвлэлийн хурал хийж танилцуулав.

Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 6 хувь болгох, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох, зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргасан байна.

Энэхүү онлайн хэвлэлийн хуралд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин болон цахимаар Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батсайхан нар оролцов.

БАНКУУДЫГ ХҮНДРЭЛД ОРУУЛАХГҮЙН ТУЛД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулаад эдийн засаг, бодит сектор, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эрсдэл, хүндрэлүүд учирч байна. Хүндрэлийг хэрхэн зөөлрүүлэх вэ, цаашдаа тогтвортой байдлыг хангах талаар ямаршуу дэмжлэг үзүүлж, бодлогын шийдвэр гаргавал нэмэр болох вэ гэдэг асуудлаар өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг та бүхэнд танилцуулъя.

"Бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувийг бууруулах, хэрэглээний зээлийн хугацааг сунгах, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай"

-Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх,
-Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,
-Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
-ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа.

Энэ багц шийдвэр Covid-19 цар тахлын үед эдийн засаг, банк санхүүгийн салбарт үүсч буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдэд, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэж байна.

Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Жилийн инфляц 2020 оны аравдугаар сард улсын хэмжээнд 2,4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2,6 хувьд хүрлээ.

Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж, зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг Covid-19 цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9,7  хувиар агшсан бол гуравдугаар улиралд -3,1 хувь болон саармагжиж, төлбөрийн тэнцлийн төсөөлөл сайжрав. Цар тахлын дотоод тархалтыг хумихаар арваннэгдүгээр сард тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд хугацаанд эерэг нөлөөтэй боловч богино хугацаанд эдийн засгийн ажиллагааг хумисаар сэргэлт удаашрах төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгйн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл түүхий эдийн зах зээлийн  үзүүлэлтүүд үзүүлж байна.

Эхний вакцинуудын туршилт дуусах шатандаа орж байгаа хэдий ч цөөнгүй улс оронд вирусийн 2,3 дахь давлагаа үргэлжилж эдийн засгийн цаашдын тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Цар тахлыг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь ЖДҮ, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжүүлэлтийн  өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. Монголбанк банк, өрх, ААН-ийн төлбөр түргэн гүйцэтгэх чадавхыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлэн хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хороо" гэсэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсад анхны хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш буюу 2020 оны нэгдүгээр сараас Монголбанк бүхий л журмаа зөөллөж, иргэд, ААН-д ирж байгаа дарамтыг зөөллөж ирсэн. Зээлийн эрсдэлийн сан байгуулах журмын зохицуулалтыг суллаж өгсөн. ААН-үүд, иргэдийн зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан.

Он гарснаас хойш 125 мянган харилцагч 5,3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулах хүсэлтийг банкинд гаргасан. Банк хүсэлтийг авч үзээд 3,7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ зохицуулалт үргэлжилж байна. Анх энэ оныг дуустал гэсэн шийдвэр гаргаж байсан. Засгийн газрын хурлаар ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Бизнест нь хүндрэл учирсан ААН, иргэд зээл төлбөрөө хойшлуулах арга хэмжээ авч болно.

Цар тахлыг хяналтдаа авсны дараа эргээд эдийн засаг сэргэнэ. Эрүүл мэндийн салбарт үүссэн асуудал дуусахад өөр бусад салбарт дарамт үүсгэхгүйн тулд Монголбанк зохицуулалтыг зэрэг хийж байна. Банкуудыг хүндрэлд оруулахгүйн тулд зохицуулалт хийж байна.

Сүүлийн жилүүдэд бодлогын хүү ихээхэн өсч, 2016 оны наймдугаар сард хамгийн өндөр буюу 15 хувьд хүрч байв. Мөн 2007 онд 6.4 хувьд болж буурсан. Харин 6 хувь нь түүхэн доод түвшинд тооцогдоно. Бодлогын хүү ийнхүү буурснаар үр нөлөө нь хамгийн багадаа 3-6 сарын дараа санхүүгийн зах зээлд гарч эхлэх юм.

ДОТООДОД ЦАР ТАХАЛ ТАРХСАН НЬ ЭДИЙН ЗАСАГТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА

Мөнгөний бодлогын газрын захирал Б.БАЯРДАВАА:

-2020 оны эдийн засгийн өсөлтийг есдүгээр сард болсон Мөнгөний бодлогын хорооны хурлаар -2,6 хувь гэж тооцсон байсан. Дотооддоо цар тахал тархахгүй гэсэн нөхцөл байдалд тулгуурлан таамаглал гаргасан. Энэ төсөөлөл дээр үндэслэл гуравдугаар улиралд +1, дөрөвдүгээр улиралд +5 хувьтай гарна гэсэн тооцоо байсан. Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг 8 орчим хувьтай гарна гэсэн тооцоолол байсан. Дотоодод цар тахал тархсан нь өөрөө эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ нь төсөөллийг -2,6 хувиас -5,4 хувь болгож буурууллаа.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэр

Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурал /шууд/

Posted by Монголбанк /Монгол Улсын Төв банк/ on Sunday, November 22, 2020

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж