АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд олон улсын удирдагчид ээлж дараалан баяр хүргэсэн билээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнд баяр хүргэлгүй хоцорсон бөгөөд тэрбээр энэ нь хоёр улсын цаашдын харилцаанд сэв суулгах хүчин зүйл биш хэмээн үзэж байгаа гэнэ.
Россия-1 сувгийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Путин үр дүн нь бүрэн тодорхойгүй байгаа уралдааны дүгнэлтийг хөндлөнгөөс урьдчилан дүгнэх нь бүдүүлэг, зохисгүй хэрэг хэмээн тайлбарлаад “Үүнд ямар ч далд явуулга, хэвийн бус шалтгаан байхгүй. Тиймдээ ч энэ үйлдэл минь хоёр улсын цаашдын харилцаанд сэв суулгахгүй. Улс төрийн ёс зүйд нэг нам нөгөөгийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрсөн, эсвэл хууль ёсны дагуу сонгуулийн эцсийн дүн бүрэн батлагдсаны дараа шинэ Ерөнхийлөгчид бусад орны удирдагчид баяр хүргэх нь зүйтэй” хэмээн ярьжээ.
Энэ сарын эхээр Путины төлөөлөгч Дмитри Песков олон улсын сэтгүүлчдэд Орос орон сонгуулийн эцсийн албан ёсны үр дүнг харж байж жинхэнэ ялагчид л баяр хүргэнэ хэмээн мэдэгдсэн билээ.
Сонгуулийн дүнгийн талаар тодорхой хууль ёсны тэмцлүүд одоо ч АНУ-ын хэд хэдэн мужид өрнөж, хоёр нэр дэвшигч хоёул өөрсдийгөө ялагч хэмээн зарлаж байгаа юм. албаныхан энэ жилийн сонгуулийг АНУ-ын түүхэн дэх хамгийн шударга сонгууль болсон хэмээж байгаа ч Трампын баг сонгуулийг Ардчилсан нам луйвардсан хэмээн үзэж байгаа юм.
Энэ сарын 3-нд болсон сонгуулийн санал хураалтаас харахад Жо Байден 306 төлөөлөгчийн санал, Дональд Трамп 232 төлөөлөгчийн санал авсан аж. Гэвч сонгуулийн хамгийн эцсийн үр дүн арванхоёрдугаар сарын 14-нд болох төлөөлөгчдийн санал хураалтаас хамаарах гэнэ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ