"Шведэд Монгол руу буцах хүсэлтэй 50 хүн маш хүнд нөхцөлд байна"

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

COVID-19

"Шведэд Монгол руу буцах хүсэлтэй 50 хүн маш хүнд нөхцөлд байна"

"Шведэд Монгол руу буцах хүсэлтэй 50 хүн маш хүнд нөхцөлд байна"

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан. Гэвч гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК-ийн бүх нислэг хойшлогдоод буй. Үүнтэй холбоотойгоор Швед улсад гацаж, хүнд байдалд орсон бага насны хүүхэдтэй нэгэн гэр бүл манай сайтад хандсан юм. Ингээд  Б.Тэмүүлэнгийн яриаг хүргэе.


-Сайн байна уу. Эхлээд өөрийгөө уншигчдад танилцуулаач. Швед улсад хэзээ очсон бэ?

-Намайг Б.Тэмүүлэн гэдэг. Швед улсын Стокгольм хотод зургаан жил ажиллаж, амьдарсан. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний гэрээний хугацаа дуусч, гэр бүлээрээ эх орон руугаа буцах хүсэлтэй байна. Бид энэ хүсэлтээ өнгөрсөн наймдугаар сард Элчин сайдын яаманд өгч, арваннэгдүгээр сарын 19-ний тусгай үүргийн нислэгт багтахаар болсон юм. Гэвч Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос дотоодод халдвар гарсны улмаас тусгай үүргийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, бид маш хүнд байдалд ороод байна.

-Одоо хаана байрлаж, яаж амьдарч байна вэ?     

-Гэр бүлээрээ танил айлд түр байрлаж байна. Миний хувьд арваннэгдүгээр сарын 19-нд Монгол руу буцна гээд ажлаасаа гарч, байраа хүлээлгэн өгсөн. Дамжин суух болон тусгай үүргийн онгоцны билетүүдээ бүгдийг захиалсан байсан. Тэгсэн чинь л Монгол Улс хилээ тодорхойгүй хугацаагаар хаачихлаа. Бид хоёр хүүхэдтэй. Том нь хоёр настай, бага нь таван сартай. Одоо манай гэр бүл дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна.

-Та ямар ажил хийж байсан бэ? 

-Би “MAX burger” сүлжээ ресторанд ажиллаж байсан юм. Одоо надад ажиллах газар ч олдохгүй.

-Тусгай үүргийн онгоцны билет болон дамжин суух нислэгийн билет худалдан авахад хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

-Бид арваннэгдүгээр сарын 12-нд чартер нислэгийн билетээ худалдан авсан. Нэг хүний 2.8 сая төгрөг, 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй гэсэн хэрнээ хоёр настай охин маань бас нэг сая гаруй төгрөгөөр тасалбар авсан.

Зөвхөн Шведээс гэхэд Монгол руу явах шаардлагад тэнцсэн 50 хүн байгаа. Европын бусад 28 улсаас 200 хүн байгаа. Тэр дунд ахмад настай, архаг хууч өвчтэй, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй гэр бүл олон байна. Зарим нь биднээс илүү хүнд байдалд өдөр хоногийг аргацааж байгаа.

-Танай гэр бүлийн хувьд Элчин сайдын яаманд хандаж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Бид Элчин сайдын яамандаа хандахад “Бид материаллаг эд зүйлсээр тусалж чадахгүй. Засгийн газар, Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яаманд нөхцөл байдлыг уламжилж өгье. Бид Улсын онцгой комиссоос ямар шийдвэр гарахыг хүлээж байна” гэдэг хариултыг өгсөн. Хүчингүй болсон чартер нислэгийн билетийн талаар “МИАТ” компанитай холбогдож чадаагүй. Элчин сайдын яам руу ярихад “Та бүхэн тусгай үүргийн онгоцны билет авсан юм чинь дараагийн нислэгт орчих байх” гэж хэлсэн. Манай гэр бүл Франкфурт руу дамжихаар хатуу нөхцөлтэй билетийг 580 ам.доллараар худалдан авсан байсан. Тухайн үед бүх хүмүүс хатуу нөхцөлтэй онгоцны билет захиалсан. Уян хатан нөхцөлтэй билет авах бол нэмж хэдэн ам.доллар төлөх ёстой байсан.

Нутаг буцах хүсэлтэй хүмүүс мөнгө төгрөг муутай байсан учраас хатуу нөхцөлтэй билетийг авахаас өөр арга байгаагүй. Гэтэл хоёр, гурав хоногийн дараа Монгол Улс хилээ хааж, чартер нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр нь бид тийз захиалсан авиа компани руу ярьтал “Онгоцны тийзээ буцааж, хойшлуулах ч боломжгүй . Бид та бүхэнд туслах боломжгүй” гэсэн.

-Швед улсад цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ. Та бүхэн өөрсдийгөө хэрхэн Covid-19-ийн халдвараас сэргийлж байна вэ?

-Швед улсад өдөрт дунджаар 1000-2000 хүн Covid-19-өөр өвчилж байна. Одоо бараг халдвар авсан хүний тоо 300 мянгад хүрч байгаа. Монголчуудын хувьд энэ халдвараар өвчилсөн бол шууд үхнэ гэж буруу ойлгож байна. Ямар нэгэн хууч өвчтэй, дархлаа муутай эсвэл дархлаа нь бүрэн тогтоогүй бага насны хүүхдүүдэд хүндээр тусч байгаа. ДЭМБ-аас энэ өвчнийг 11 дэх төрлийн ханиад гээд зарлачихсан шүү дээ. Шведэд Covid-19-өөр зарим монгол хүн өвчилж, эдгэрч, зүгээр ажиллаж, амьдарч байгаа тохиолдол ч байна. Манай гэр бүл маскаа зүүж, гараа тогтмол ариутгаж байна. Олон нийтийн газраар явахгүй хүмүүсээс зайгаа барьж байна. Хоёр нялх хүүхэдтэй учраас өдөрт нэг удаа салхилуулдаг.

Санхүү мөнгөний хувьд сүүлчийн мөнгөө шавхаж, тусгай үүргийн онгоцны билетүүдээ худалдан авсан. Үүнд, хоёр хүний тусгаарлах байрны 21 хоногийн мөнгө, дамжин нисэх болон тусгай үүргийн онгоцны гурван хүний билет багтаж буй. Шведээс Франкфурт ороход 580 ам.доллараа шавхаж онгоцны билет худалдан авсан. Одоо бид яах учраа олохгүй байна.

-Танай гэр бүлийн зүгээс Улсын онцгой комисст хандаж юу гэж хэлэх вэ?

-Цар тахал эхлэхэд л дэлхийн улс орнууд гадаадаас иргэдээ татаад авчихсан. Гэтэл Монгол Улс маш хойрго хандаж байна. Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэгдүгээр сараас хойш гадаадаас иргэдээ татан авч ирсэн гэж ярьж байгаа. Гэтэл тэр хүмүүсийг төр засгаар бүх зардлыг нь даагаад авч ирсэн зүйл нэг ч байхгүй. Бүгд хүсэлтээ доод тал нь гурван сар, бүтэн жил өгч хүлээсэн хүмүүс бүх зардлаа өөрөө гаргаж, тийзний 2-3 сая төгрөг, тусгаарлах байрын мөнгөө төлж байгаа. Европод байгаа улсуудаас хамгийн их монголчууд амьдардаг орон бол Швед. Энд албан бус тоогоор 15-18 мянган монгол хүн амьдардаг гэх мэдээлэл бий. Бидний зүгээс “Эрх мэдэлтэй хүмүүсээс тусгай үүргийн нислэгээ хурдан явуулж өгөөч” гэж хүсмээр байна. Энд 250 хүн маш хүнд байдалд байна.

Арваннэгдүгээр сарын 18-нд 118 хүнтэй тусгай үүргийн онгоц ирээд буцахдаа иргэдээ авч явалгүй, ачаа тээш авч явсан. Албан бус мэдээллээр олон улсын "Улаан загалмай" байгууллагад хандсан цөөн тооны иргэдийг авч явсан гэж хүмүүс ярилцаж байна. Өнөөдөр монгол хүний амь нас ачаа бараанаас үнэ цэнэгүй болсонд харамсч байна.

А.СҮРЭН      

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж