Тэрүнофүжи Ган-Эрдэнэ: Түрүүлэхэд ойрхон байлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ: Түрүүлэхэд ойрхон байлаа

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ: Түрүүлэхэд ойрхон байлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.22) Токио хотын Рёогокү кокүгикан ордонд таван мянган үзэгчдийн өмнө явагдаж, түрүү бөх тодорлоо.

Энэ өдрийн гол барилдаан озэки Такакэйшо болон Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нарын хооронд явагдсан. Такакэйшогийн хувьд 13 даваа, ганц унаатай байсан учир Тэрүнофүжи Ган-Эрдэнийг нэг давахад л дээд зиндааны хоёр дахь түрүүгээ хүртэх байсан бол Тэрүнофүжи Ган-Эрдэнэ хоёр дараалан давж, ээлжит түрүүгээ хүртэх байлаа. Ийнхүү эхний барилдаан явагдаж Тэрүнофүжи Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давж, хоёр бөх хоёулаа 13 даваа, хоёр унаатай болов.

Шийдвэрлэх хоёр дахь ээлжийн барилдаан түр завсарласны эцэст, дахин барилдаж озэки Такакэйшо давж, кюүшюү башёд түрүүллээ.

Эзэн хааны цомыг гардан авсныхаа дараа озэки Такакэйшо “Түрүүлнэ гэж бодоогүй ээ. Намайг үргэлж, тусалж дэмждэг дэвжээний багш Чиганоүра, түүний эхнэр болон дэвжээнийхээ хүмүүстээ баярлалаа. Түрүүлсэндээ үнэхээр баяртай байна. Озэки цолонд хүрснээс хойш надад сайн зүйл цөөхөн тохиолдлоо” хэмээжээ. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард озэки цол хүртснээсээ хойш бэртэл, гэмтлээс салахаа больж, хүссэн барилдаанаа үзүүлж чадахгүй байсан юм.

Харин өдгөө 28 настай, өвдөгний хүнд бэртлээ ялан дийлсэн комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ “Шийдвэрлэх хоёр дахь ээлжийн барилдаан дээр миний яаруу зан буруудчихлаа. Хэтэрхий эрт биеэ дээшээ босгочихлоо. Башёгийн өмнө би хоёр оронтой ялалт авахыг зорьж байсан. Зорилгоо биелүүлээд зогсохгүй түрүүлэхэд ойрхон байлаа” хэмээн ярьжээ.

Башёгийн сүүлийн 15 дахь өдөр Ичиножо Ичинноров Чиёошомаг давж, найм дахь даваагаа авч, качикоши хийсэн бол Хошорюү Бямбасүрэн Эндод өвдөг шороодон качикоши хийх боломжоо алдав. Мөн Тамаваши Мөнх-Оргил Такаяасүд өвдөг шороодон найман даваа, долоон унаатай кюүшюү башёг өндөрлүүлсэн бол Кирибаяама Лхагвасүрэн гурван даваа, 12 унаатай дуусгалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж