Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох уу?

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох уу?

Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох уу?

Covid-19-ийн тархалтын мэдээлэлд дарагдсан нэг чухал асуудал бол баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох эсэх тухай асуудал. Өнгөрсөн долоо хоногт /2020.11.18/ Засгийн газрын хуралдаанаас баруун гар талдаа жолооны хүрдтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай, өмнө нь осолд орж байсан, эвдрэлтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг үе шаттай хориглох асуудлыг хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны өдөр зам, тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллах үедээ "Баруун талдаа жолооны хүрдтэй, урд нь осолд орж байсан, эвдрэл гэмтэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортыг хоригло. Цаг хугацааг нарийн зааж өгөөд хоригло, хязгаарла. Хамгийн гол нь ард иргэдээ сайтар мэдээллээр хангаж, хориглох хугацааг зааж өг. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой ажил учраас зайлшгүй хийх хэрэгтэй байна" хэмээн хэлсэн билээ.

Энэ бүхэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад багтсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахын урьтал ажил гэж хэлж болох аж.

Манай улс 1999 онд анх Авто тээврийн тухай хуультай болсон. Өнгөрсөн хугацаанд уг хуульд 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 онд УИХ-ын чуулганы хуралдаанаар тус хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ.

Энэ удаад Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх асуудлыг дараах байдлаар тусгажээ. Үүнд:

23.7. Дараах авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно:

23.7.1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаагүй;

23.7.2. баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгсэл;

23.7.3. зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэлт хийгээгүй, албан татвар төлөөгүй;

23.7.4. тухайн авто тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичгээс зөрсөн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн.

Уг хуулийн төслийн үр нөлөөг үнэлсэн “Сивко консалтинг” хуулийн фирм үнэлгээнийхээ тайланд “Баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгслийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг хориглох тухай төслийн зохицуулалтыг хэрэгжүүлэх хугацааг тусгайлан авч үзэх, автомашин импортлогчид болон бусад холбогдох этгээд, иргэдэд хохирол учруулахгүй байх боломжит хугацааг тооцоолох, эсхүл хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тусад нь боловсруулж уг зохицуулалтыг хэрэгжүүлэх хугацааг тусгах замаар шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Авто тээврийн анхны хууль батлагдах үед 70 мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2018 оны эцсийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 970.8 мянгад хүрчээ. Харин өнгөрсөн 2019 оны статистик мэдээллээр дээрх тоо 1049485 болж нэмэгдсэн байна.

Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өссөн үзүүлэлттэй. Тухайлбал, сүүлийн таван жилийн дунджаас үзэхэд, жилд дунджаар 32 мянга гаруй осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас баржээ.

Олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн энэ асуудлыг цэгцлэхийг зарим иргэд таатай хүлээн авч буй бол зарим нь хүчтэй эсэргүүцэж байна. Тухайлбал, “Замын хөдөлгөөний дүрэмдээ таарсан автомашин оруулж ирэх хэрэгтэй. Тиймээс баруун талдаа жолооны хүрдтэй машин оруулахыг хязгаарлах нь зүйтэй шүү. Замын хөдөлгөөний дүрэм маань зүүн гарын дүрэм шүү дээ” гэж хэлэх хүн олон байгаа юм. Харин зарим нь “Өнөөдөр Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн дийлэнх нь баруун талдаа жолооны хүрдтэй. Ийм тохиолдолд баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох нь буруу шийдвэр. 2020 оноос импортын хязгаарлалт тогтоох зэргээр аажмаар хэрэгжүүлэх ёстой”, “Бид өөрсдөө автомашин үйлдвэрлэдэггүй, тиймээс төрөл бүрийн хязгаарлалт тогтоох нь буруу”, “Зүүн талдаа жолооны хүрдтэй автомашин оруулж ирж худалдаалдаг хүмүүсийг далдуур дэмжиж байна” гэх мэтчилэн шүүмжилж байна. Гэвч энэ асуудал эрх баригчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарахгүй батлагдана гэдгийг хэлэх хүмүүс байгаа юм.

2012 онд Э.Бат-Үүл Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлах асуудлыг иргэдээсээ асууж байв. 2013 оны нэгдүгээр сард хоёр ч удаа гар утсаар санал асуулга явуулсан ч амжилт олоогүй. Эхнийх нь 2013 оны нэгдүгээр сарын 3-наас 5-нд явагдаж, 100 мянган иргэний гар утсанд мессэж хэлбэрээр санал асуулгад оролцох мессэж илгээсэн. Тэдний 18.8 хувь нь санал асуулгад оролцож, саналаа өгсөн 18 мянга гаруй иргэний 74.5 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлахыг “дэмжихгүй” хэмээн хариулсан байдаг.

ЗӨВХӨН ЗӨВ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ АВТОМАШИНУУД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОНООР ОСОЛ, АВААР МЭДЭГДЭХҮЙЦ БУУРНА

Монгол Улсын хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь автомашины жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг. Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогүйгээс баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоо эрс нэмэгджээ. Албаныхны тодорхойлсноор, баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийх үед харагдах орчны талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг аж.

Тухайлбал, 2015 онд гарсан 41064 ослын 64.4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.

2017 онд жолооны хүрдийг баруунаас зүүн тал руу шилжүүлэх тухай асуудал яригдаж байсан ч амжилт олоогүй намжсан билээ. Япон, Саудын Араб, Чили, Филиппин гэх мэт улсад баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг зүүн талдаа хүрдтэй болгон өөрчилдөг засварын газрууд байдаг аж. Жолооны хүрд шилжүүлэхэд жолоодох эд ангийн бүх механизм солигдохоос гадна автомашины салон болон хөл пидалууд солигдоно. Жолооны хүрдний байрлал солих засварын үйлчилгээний өртөг гадаадын улс орнуудад одоогоос гурван жилийн өмнө 1000-2000 ам.доллар (2.5-5 сая төгрөг) байжээ. Тансаг зэрэглэлийн автомашины жолооны хүрдний байрлалыг солиход үүнээс ч өндөр үнэтэй байсан нь тодорхой.

Эрх баригчид олон жилийн насжилттай автомашины импортод хязгаарлалт тавих нь агаарын бохирдлыг багасгах зорилготой хэмээн тайлбарлаж буй. Эрүүл ахуйн үүднээс зөв шийдвэр болохыг Улаанбаатарын агаарын бохирдлын 10 орчим хувийг автомашины яндангаас гарах утаа эзэлдэг гэсэн судалгааны дүн харуулжээ. “Баруун гарын дүрэмтэй бусад улсад баруун талдаа жолооны хүрдтэй автомашинаар богино хугацаанд замын хөдөлгөөнд оролцохдоо урд гэрэл дээр лент нааж, гялбалтыг багасгадаг. Харин жолооны хүрдийг хэн дуртай нь сольж, шилжүүлэх нь техникийн аюулгүй байдал талаасаа маш аюултай. Яваандаа Монгол Улсад зөв талдаа жолооны хүрдтэй автомашинууд хөдөлгөөнд оролцоод ирвэл маш сайн үр дүн авчирч, осол, аваар мэдэгдэхүйц буурна” хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.

Улаанбаатар хотын иргэн Б-гийн хувьд 20 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашин жолоодсон ч алдаа, осол гаргаж байсан удаагүйгээ өгүүлэв. Тэрбээр “Асуудлын гол нь хүрдэндээ бус хүндээ байгаа юм. Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй иргэн дүрмээ ягштал биелүүлж чадвал элдэв аваарь осол гарахгүй, хүрдний байдлаас үл шалтгаалан иргэдэд амь нас, эд хөрөнгийн хохирол учруулахгүй байх боломжтой” хэмээн хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт хүн амын 66 хувь нь баруун, 34 орчим хувь нь зүүн гар талын хөдөлгөөний дүрмийг баримталж, нийт авто замын уртын 72 орчим хувь нь баруун гар талын хөдөлгөөнөөр, үлдсэн 28 орчим хувь нь зүүн гар талын хөдөлгөөнөөр зохицуулагдаж байгаа аж.

Түүх сөхөхүй:

Анхны автомашинуудад жолоочийн суудал буюу жолооны хүрдийг автомашины гол дунд байрлуулж байжээ. Яваандаа зарим үйлдвэрлэгчид эсрэг талын хөдөлгөөнөөс сэрэмжлэх үүднээс жолоочийн суудлыг замын тэнхлэгт буюу хөдөлгөөний эсрэг урсгал талд аль болох ойр байрлуулж эхэлсэн аж. Харин нөгөө хэсэг нь замын хажуугийн барилга байгууламж, хайс хашлага, хажуугийн шуудуу гэх мэт саадаас сэрэмжлэх үүднээс эсрэг талд нь жолоочийн суудлыг байрлуулах болсон байна. Эцэст нь энэ хоёр хувилбараас эхнийх нь давамгайлжээ. Өөрөөр хэлбэл баруун гар талын хөдөлгөөнтэй улс оронд ашиглагдах автомашины жолоочийн суудал хөдөлгөөний эсрэг урсгал талд буюу автомашины зүүн гар талд, замын зүүн гар талын хөдөлгөөнтэй улс оронд ашиглагдах автомашины жолоочийн суудал мөн л хөдөлгөөний эсрэг урсгал талд буюу автомашины баруун гар талд байрлаж байхаар олон улсын хэмжээнд шидвэрлэсэн аж.

Гана улс 2013 онд 39 жилийн дараа замын хөдөлгөөний зүүн гарын дүрмээ халж, баруун гарын дүрмийг баримтлах болсон байна. Тус улс нь замын хөдөлгөөний зүүн гарын дүрэм үйлчилдэг Их Британи улсын колони байсан учраас авто замын хөдөлгөөний зүүн гарын дүрэм хэрэгжүүлж байжээ. Гэвч Гана улсад сүүлийн жилүүдэд Их Британиас импортлох баруун талдаа хүрдтэй автомашины тоо буурч, зүүн талдаа хүрдтэй, хямд үнэтэй автомашины импорт нэмэгдэж, хэрэглээ нь өссөнөөр замын хөдөлгөөний дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж