Хүн төрөлхтөний эцсийн найдвар буюу Covid-19-ийн эсрэг вакцин

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Хүн төрөлхтөний эцсийн найдвар буюу Covid-19-ийн эсрэг вакцин

Хүн төрөлхтөний эцсийн найдвар буюу Covid-19-ийн эсрэг вакцин

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн Covid-19 өвчин цар тахал болон өргөжиж, нэг жил хүрэхгүй хугацаанд дэлхий даяар 58 сая хүнийг өвчлүүлж, 1.3 сая хүний амийг авч одов. Өдрөөс өдөрт эрчээ авч буй цар тахлыг дарах эм бэлдмэл, урьдчилан сэргийлэх вакцин гаргаж чадсан нь хүн төрөлхтөнийг аврагч “баатар” болж түүхэнд бичигдэх билээ. Энэ бол аль нэг улсын бус дэлхий нийтийн асуудал учир улс үндэс, угсаа гарал үл харгалзан нэгдэн нийлж, мэдлэг мэдээллээ солилцон хамгийн үр дүнтэй вакциныг гаргаж авах нь нэн тэргүүний зорилт болж байгаа юм.

Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч орнуудын “Их 20” бүлгийн зүгээс дэлхий нийтээр цар тахалд бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах механизмыг хөгжүүлэхийн зэрэгцээ чухал холбогдолтой мэдээ мэдээллийг тасралтгүй хуваалцах, цар тахлын эсрэг эм бэлдмэл, оношлуурыг дэлхий даяар тэгш хуваарилах үйлийг санхүүжүүлэхээ мэдэгдээд байна. Гэсэн ч энэ нь асар их ашиг, нэр хүнд, дэлхийд эзлэх байр суурь, манлайллын баталгаа болох учир улс орнууд дор бүрнээ түрүүлж вакцин гаргаж авахын төлөө өрсөлдөж байна.

Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн вакцины туршилт амжилттай болж, сайн үр дүн үзүүлж буй чихэнд чимэгтэй мэдээг сонссон билээ. Одоогийн байдлаар дэлхий даяар 200 гаруй вакцин туршиж байгаагаас 11 нь хүн дээр хийх туршилтынхаа сүүлчийн шатанд, 32 нь хоёрдугаар шат, 29 нь эхний шатны туршилтынхаа явцад ороод байна.

Гэхдээ энэ аюулт өвчин цаашид хувьсан өөрчлөгдсөөр байвал өнөөдрийн бүтээж буй вакцинууд хүмүүст хангалттай дархлаа тогтоож чадахгүй байж магадгүйг зарим судлаачид анхааруулж байгаа юм.

Мөн вакцин амжилттай гарлаа гэж бодоход хүний биед хэр удаан хугацааны турш дархлаа тогтоохыг хэлж мэдэхгүй байгаа билээ.

ВАКЦИН БЭЛЭН БОЛОХ ҮЕ ШАТУУД

Шинээр бүтээгдсэн ямар нэгэн вакцин нь бүрэн бэлэн болж албан ёсоор зөвшөөрөгдөх хүртлээ хэд хэдэн шатны туршилтыг давах шаардлагатай болдог бөгөөд эдгээр шатуудын аль нэгэнд нь бүдэрсэн тохиолдолд цаашид хэрэглэгдэх зөвшөөрөл өгдөггүй.

  • Эмнэл зүйн-өмнөх шат: Энэ шат нь туршилт судалгааны хамгийн эхний шат бөгөөд энэ шатанд судлаачид бүтээсэн вакцинаа туршилтын амьтадад хийж шинээр бүтээсэн вакцин нь амьтны биед дархлаа тогтоож чадаж байга эсэхийг шалгадаг.
  • Нэгдүгээр шатны эмнэл зүйн туршилт: ​Туршилтын эхний шатанд вакциныг цөөн тооны хүмүүст хийж вакцины аюулгүй байдал болон хүний биеийн дархлаа тогтолцоог идэвхжүүлж чадаж байгаа эсэхийг шалгадаг.
  • Хоёрдугаар шатны эмнэл зүйн туршилт: ​Дунд шатанд вакциныг дор хаяж хэдэн зуун тооны хүнд хэрэглэж вакцины аюулгүй байдал болон тохиромжтой тунг нарийвчлан тогтоох зэрэг ажлууд хийгддэг. Хэдэн зуун хүмүүсийг хамруулан хүүхэд, хөгшид зэрэг бүлгүүдэд хуваарилан тус бүрт үзүүлж буй нөлөөллийг шалгана.
  • Гуравдугаар шатны эмнэл зүйн туршилт: ​Эцсийн шатны туршилтад вакциныг дор хаяж хэдэн мянган хүнд хэрэглэх ба вакцины үр нөлөөг дээшлүүлэх арга болон ховор илрэх гаж нөлөө зэргийг нарийвчлан судалдаг. Судалгаа хийхдээ энгийн бүлгийг тайвшруулах эм бэлдмэл ашигласан хүмүүстэй харьцуулан үзнэ.
  • Зөвшөөрөл авах шат: Улс бүрийн зохицуулах байгууллагууд вакцины үр дүнг шалган зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ. Цар тахлын үед зарим вакциныг албан ёсны зөвшөөрөл гарахаас өмнө онц байдлын үед яаралтай ашиглах боломжийг олгож байгаа. Дээрх дөрвөн шатны туршилтыг хийж, холбогдох байгууллагуудаар зөвшөөрөгдсөний дараа үйлдвэрлэл эхэлдэг.

Ингээд вакцин бүтээх өрсөлдөөнд тэргүүлж буй дөрвөн вакцины талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

АНУ, “Moderna” компани “mRNA-1273” вакцин

АНУ-ын биотехнологийн “Moderna” компанийн бүтээж буй энэ вакцин нь 95 хувийн үр дүн үзүүлээд байгаа бөгөөд одоогоор вакцины боловсруулах өрсөлдөөнийг тэргүүлж байна. АНУ нь арванхоёрдугаар сарын дунд үеэс эрсдэлт бүлгийнхнийг, ирэх хавраас бүх хүн амыг вакцинжуулахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс тус компани вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авах хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн агентлагт өгөөд байгаа юм. Уг вакциныг цельсийн +2-оос +8 хэмийн температурт 30 хоног, -20 хэмд зургаан сар хүртэл хугацаагаар хадгалах боломжтой. “Moderna” энэ оны эцэс гэхэд ойролцоогоор 20 сая тун вакциныг АНУ-ын зах зээлд нийлүүлнэ гэж найдаж байгаа бол 2021 онд дэлхий даяар 500 саяас нэг тэрбум тунг нийлүүлэх боломжтой гэнэ. АНУ хамгийн түрүүнд 100 сая тунг захиалсан байгаа бол Канад улс 56 сая тун, Англи улс 50 саяыг, Швейцарь улс 4,5 саяыг урьдчилан худалдан авчээ. Энэхүү вакцины хувьд улс орнуудад нийлүүлэхдээ авч буй хэмжээнээс нь шалтгаалаад тун бүр нь 25-32 ам.долларын хооронд зарагдах аж. Энэ бол энгийн томуугийн вакцинтай адил үнэ гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн ба нэг хүн хоёр тунг хийлгэх шаардлагатай юм.

Германы “Biontech”, АНУ-ын “Pfizer” компанийн хамтран бүтээж буй  вакцин

Турк гаралтай Германы эрдэмтэн хосын толгойлон ажиллаж буй уг вакцины төслийн үр дүн дэлхийд “Moderna”-ийн дараа хоёрт бичигдэж байна.  “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакцин аюулгүй гэсэн үр дүн үзүүлж, 90 хувийн дархлаа тогтоосон өнгөрөгч долоо хоногт сонссон бас нэгэн сайхан мэдээнүүдийн нэг байв. Тэд вакцинаа энэ сарын сүүлээс олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх хүсэлт гаргахаар төлөвлөжээ. Нийт 43 мянган хүн туршилтад оролцсоноос ямар нэгэн ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдол байхгүй байна. Уг вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр тунг хийх шаардлагатай ба -70 хэмийн хүйтэнд зургаан сар хүртэл хадгалах боломжтой бол өрөөний температурт тав хүртэл хоног хадгалах боломжтой.  Тээвэрлэлт, хадгалалтын хувьд бусад вакцинуудаас илүү онцгой нөхцөл шаардаж байгаа учир зарим улс орнуудад хүргэхэд хүндрэлтэй. Энэ вакциныг Европын Холбоо хамгийн их буюу 300 сая тун, АНУ 100 сая тун, Япон 120 сая, Их Британи, Канад, Австрали, Чили улсууд дор хаяж 10 сая тунг авахаар урьдчилан тохиролцжээ. Үнийн хувьд тун тус бүр нь 20 ам.доллараар зарагдах төлөвтэй байна.

Их Британи, Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцин

Их Британийн Оксфордын их сургууль болон “Аstrazeneca” компанийн хамтран бүтээж буй Сovid-19 өвчний эсрэг уг вакцин нь 60-70 насныханд хүчтэй дархлаа тогтоож буйг мэдэгдээд байгаа юм. Одоогоор “Pfizer болон BioNTech”, “Moderna” компаниудын бүтээж буй вакцинуудаас оцорч яваа ч бэлэн болчихвол илүү хурдан хүмүүст хүрэх боломжтой аж. Учир нь энэхүү вакцины хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл бусдыгаа бодвол энгийн, хүчтэй хөргөлт шаардахгүй юм байна. Оксфордын эрдэмтэд өмнө нь мөн коронавирусээр үүсгэгдсэн MERS халдварын эсрэг вакциныг амжилттай гарган авч байсан туршлагатай учир вакцины өрсөлдөөний ширүүн өрсөлдөгчдийн нэг юм. АНУ, Энэтхэг улсууд 500 сая тунг худалдан авахаар тохиролцсон бол Европын Холбоо 400 сая, “Covax” 300 сая тунг захиалжээ. Мөн Их Британи, Япон, Индонез, Бразил болон Латин Америкийн хэд хэдэн улс орнууд нийлээд 100 сая тунг захиалсан байна. Нэг хүн хоёр тунг хийлгэх шаардлагатай бөгөөд үнийн хувьд бусдаасаа харьцангуй хямд буюу тун бүр нь 3-4 ам.долларын үнэтэй байхаар төлөвлөжээ.

ОХУ-ын “Sputnik V” вакцин

АНУ-ын “Pfizer” компанийн вакцин 90 хувийн үр дүн үзүүллээ гэсэн мэдээлийн дараа ОХУ-ын “Sputnik-V” вакцин 92 хувийн үр дүн үзүүллээ хэмээн мэдэгдсэн юм. “Covid-19”-ийн эсрэг дэлхийн хамгийн анхны вакциныг гарган авснаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 11-нд анх зарлаж байв. Сүүлийн шатны туршилтын үр дүн ч гараагүй уг вакцины үр дүнд дэлхий нийт төдийгүй, ОХУ-ын иргэд, эмч мэргэжилтнүүд эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан билээ. Учир нь уг вакциныг ДЭМБ-аас өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Гамалей судалгааны хүрээлэнгийн бүтээж буй “Sputnik V” вакцин 92 хувийн үр дүн үзүүлсэн гэх мэдээг тус улсын АНУ-аас өрсөх гэсэн хийрхэл байх магадлалтай гэж харж байна. ОХУ-ын вакцины үнийн хувьд “Moderna” болон ”Pfizer”-ийн вакцинуудаас хямд бодлого баримтална гэж мэдэгдсэн байна. “Sputnik V” вакцины хувьд хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардлагагүйн дээр, хөлдөөж, хатаасан хэлбэрээр хадгалах боломжтой байдлаар шийдэж байгааг албаны хүмүүс мэдээлсэн юм. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан Энэтэхэгт 100 сая тун, Бразилд 50 сая тун, Узбекстанд 35 сая, Мексикт 32 сая, Непал, Египт 25 сая тунг худалдаалахаар болсноо саяхан мэдэгдсэн юм.  Мөн Унгар, Өмнөд Солонгос, Турк, Франц улсууд тус улсаас вакцин худалдан авахаа мэдэгдсэн байна.

ВАКЦИН ГАРГАН АВАХ АРГУУД

Вакцин гарган авах үндсэн дөрвөн төрлийн /Генийн, вирусаар тараах, идэвхгүй вирусийн, уургийн вакцин/аргыг дээрх вакцин боловсруулагчид ашиглаж байгаа ба “Whole-Virus Vaccines” буюу идэвхигүй вирусийг ашиглах арга хамгийн түгээмэл ашиглагддаг байна.

“Moderna” болон ”Pfizer” компаниудын хувьд RNA буюу генийн аргыг ашиглаж байна. Тодруулбал, коронавирусийн нэг ба түүнээс дээш генийг авч, дархлааны системийг өдөөнө гэсэн үг юм.

Харин Оксфордын их сургууль болон ОХУ нь “Viral vector” буюу вирусаар тараах аргыг ашиглан вакцинаа боловсруулж байна. Энэ арга нь коронавирусийн генийг вирусаар дамжуулж эсүүдэд хүргэн дархлааны системийг өдөөдөг байна.

Эх сурвалж: BBC, DW, BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж