Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ арваннэгдүгээр сарын 11-нд хөл хорио тогтоож, хотоос гарах хөдөлгөөнийг хаасан. Хөл хориог 14 хоногоор сунгаснаар нийслэлд орон нутгийн иргэд түгжигдээд буй. Энэ хугацаанд хүндхэн байдалд орсон иргэд орон нутагтаа буцахыг эрх баригчдаас гуйх, шаардах нь зэрэгцэж буй. Албан мэдээллээр шилжилт хөдөлгөөний үед нийслэлд түр ажлаар ирсэн 500-800 орчим хүн гацжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд хувийн эрх ашгаас илүүтэй нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, сахилга баттай байх ёстой. Гэвч иргэний үүрэг, нийтийн эрх ашгаас илүүтэй амин хувиа бодсон хүмүүс ч цөөнгүй байна.
Хөл хорионы үед хүнсний машинд нуугдаж хотоос гарсан, Хэнтийд хулгайн замаар очсон, Ховд руу хуурамч бичиг баримтаар нэвтрэхийг завдсан гэх мэт цөөнгүй зөрчил гарсаар байгаа нь цар тахлын үед эрсдэл дагуулах болов. Магадгүй нэг хүний хувийн эрх ашгаас үүдэн нийтийн хэмжээнд яригдахуйц хохирол учрахыг ч үгүйсгэхгүй. Хотод гацсан иргэдэд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс хөл хорионы дэглэмийг цуцлах хүртэл асуудалд тайван хүлээцтэй хандахыг зөвлөсөн.
Халдварыг дотоодод алдсан энэ үед өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах нь чухал болохыг орон нутгийн иргэдэд сануулаад буй. Гэсэн ч нийслэлд гацсан иргэдийн асуудлыг Улсын онцгой комиссоос анхааралдаа авч, ойрын хугацаанд шийдвэрлэхээ амлав.
Энэ асуудлаар Шадар сайд Я.Содбаатар өчигдрийн /2020.11.22/ мэдээлэлдээ орон нутгийн иргэдийг бүртгэж, шинжилгээ авсны дараа гэрт нь буцаах ажлыг зохион байгуулахаар төлөвлөснийг онцолсон. Тэрбээр “орон нутгаас хотод ирээд гацсан иргэдээс шинжилгээ авч, цагдаа нарын хяналт дор нутаг руу нь буцаана. Энд удаахгүй. Зохион байгуулалттайгаар явуулна” хэмээснийг энд тодотгоё. Түүний хэлснээр магадгүй ирэх сарын 1-нээс өмнө орон нутгийн иргэд гэртээ харих бололтой.
Хотоос гарах хүсэлтэй иргэдийг www.119.mn гэсэн бүртгэлийн системд бүртгэсний дараа шинжилгээнд хамруулах юм. Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарсан бол орон нутгийн иргэд цагдаагийн хяналт дор гэртээ харина гэсэн үг. Тухайн аймаг орон нутаг иргэдийг нэвтрүүлэхдээ амны хаалт зүүсэн байх, амны хаалттай байх шаардлагатай юм.
Ингэхдээ хотоос гэртээ ирсэн иргэн 14 хоног өөрийгөө тусгаарлахыг УОК-иос шийдвэрлэжээ. Гэрийн тусгаарлалтад орох иргэдийг аймаг, сумын удирдлагууд, шат шатны байгууллагаас хяналт тавих үүргийг УОК-иос өгсөн.
Гэвч бодит байдал дээр айл бүрийн гэрийн гадаа хянаж, өдөрт хэдэн арван удаа эргэх боломжгүй. Хүн хүч хүрэлцэхгүй нь үнэн. Технологийн дэвшил ашигласан ч орон нутагт интернтээс авхуулаад сүлжээ барих нь тун ховор. Иймд хэрэв нийслэлд гацсан иргэд нутагтаа ирсэн бол гэрийн тусгаарлалтын дэглэмээ эрх ярьдаг шигээ мөрдөх нь зүйн хэрэг. Хянуулж, цагдуулахгүйгээр бусдын ажилд ачаалал нэмэхгүй ухамсартайгаар сахилга баттай гэртээ тусгаарлагдах нь иргэний үүргээ биелүүлж буй хэрэг.
"АЙМАГ, ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД ИРГЭДЭЭС ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨР АВАХГҮЙ"
Нийслэлээс орон нутагтаа буцах иргэдийг төлбөртэй тусгаарлалтад оруулах талаар Баянхонгор, Увс аймгийн удирдлагууд "Нийслэлээс ирсэн иргэдийг тусгаарлах байранд оруулна. Нэг хоногийн төлбөр нь 51800 төгрөг байна" гэсэн заалт бүхий гэрээний төсөл бэлтгэсэн нь цахим орчинд ихээхэн тархсан. Энэ нь иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулаад байв. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар тодорхой мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр хотоос орон нутагтаа буцсан иргэдийг өндөр төлбөр бүхий буудалд олноор нь тусгаарлахгүй. Харин сэжигтэй тохиолдол илэрсэн бол тусгаарлах байранд шилжүүлэх юм байна. Мөн аймаг, орон нутгийн удирдлагуудад дур мэдэн тусгаарлах байр бэлдэхгүй байхыг сануулжээ. Дээр нь, аймаг, орон нутгийн шинээр томилогдсон дарга нарт УОК-ын шийдвэрээс зөрсөн захирамж тушаал гаргахгүй нэгдсэн бодлого, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхийг анхааруулсан байна. Тиймээс Улаанбаатарт түр ажлаар ирээд орон нутагтаа буцах иргэд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ