АНУ дахь солонгосчуудын үндэслэсэн Пенсильванийн Ньюфаундленд хотод төвтэй буу шүтдэг сүмийн удирдагч дагагчдадаа зэр зэвсгээ сайн базааж, цаг нь ирэхэд сатанатай тэмцэж буй Трампын төлөө үхэхийг уриалжээ. Энэ сарын 12-нд тус сүмийн удирдагч Сийн хэмээх Хьюн Жин Мүн цахим номлол уншихдаа Америк орон сүйрлийн ирмэгт тулж ирээд байна хэмээн анхааруулжээ. Тэрбээр Дональд Трампыг бурхан дэлхийг авруулахаар илгээсэн сүүлчийн хүн хэмээн тодорхойлж, хүн бүр түүний төлөө тулалдаж, амиа өргөхөд бэлэн байх ёстой хэмээн уриалсан байна.
Мүн “Хэрвээ энэ замбараагүй явдлын эсрэг одоо л тэмцэхгүй бол хүн төрөлхтөн төсөөлшгүй муухай тоталитар нийгэмд амьдрахаас өөр өргөгүй болно. Тэгэхгүйн тулд бид амь насаараа тэмцэх ёстой” хэмээн ярьжээ. Мүн хэдий албан ёсоор Трампад ажилладаггүй ч Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө олон улс, тэр дундаа Өмнөд Солонгос, Япон орны итгэгчдийг Трампын сурталчилгааны ажил хийхийг уриалж байжээ. Сүмийн эх сурвалжийн хэлснээр Мүний дээрх тушаалыг биелүүлэхээр зарим хүмүүс цалингүй чөлөө авч, ажлаа тасалж, зарим нь бүр ажлаасаа гарсан гэнэ.
Цахим номлолынхоо дундуур Мүн хэрвээ Жо Байден албан ёсоор Ерөнхийлөгчийн суудалд суувал байдал хэцүүдэж, иргэний дайн дэгдэхдээ тулна хэмээн онцлоод “Байден Ерөнхийлөгч боллоо гэж бодъё. Тэр хамгийн түрүүнд буу эзэмших тухай хуульд өөрчлөлт оруулж, Трампын хийсэн бүхнийг нураах болно. Тэр үед хэчнээн консерватив үзэлтнүүд бат зогсч чадах вэ, тийм цаг үе ирвэл бид цагдаа нартай байлдана гэсэн үг. Хэрвээ тэгвэл цагдаа нар хүний олноор ялах болно. Тэгээд тэд чамайг, бүх л бүтэн гэр бүлийг чинь хөнөөх болно” хэмээн ярьжээ. Тэрбээр номлолынхоо төгсгөлд америк гаралгүй америкчуудыг нэгдэж, ямар нэгэн зүйл хийж эхлэх хэрэгтэйг анхааруулжээ.
Дэлхийн энх тайван, эв нэгдлийн ариун төв буюу ариун сүм гэдгээрээ олонд танигдсан дээрх сүм анх 2018 оны хоёрдугаар сард хосуудыг автомат буутай цуглуулан баяр тэмдэглэн хөршүүдээ айлгаж, олны анхаарлын төвд орж байсан юм.
Эх сурвалж: NEXTSHARK
Холбоотой мэдээ